Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ПИНОЧЕТИЙН ТӨРИЙН ЭРГЭЛТ БА МАНАЙ АШИГ

“Таван настай хүүхдийг уншуулж бичүүлж, тоо бодуулж сургана” гэсэн зарыг таван настай хүүхдэд хэлтэл нөгөөх нь “Хэ цэс зодох л гэж байгаа биз” гэсэн гэдэг. Өнөөдөр олон улсын байдал, дэлхийн эдийн засuийн маш ээдрээтэй асуудалд хандах дийлэнх монголчуудын хандлага яг л ийм болж. Жишээ нь, олон улсын байдал, эсвэл Америк ба Орос, Европын холбоо ба Хятад гэхээр хэдэн зуун сая, тэр бүү хэл тэрбум хүн амтай их гүрнүүд манийг юу л гэж тоогоо аж, тоолоо гэж бодоход наанадаж л бидний мэдлэг, боловсрол дутуу байдлыг далимдуулаад илүү холгох гэж л байгаа биз гэх яриа олон гарах болж. Гэтэл өнгөц харахад монголчуудад огт хамаагүй мэт санагдах олон улсын түвшний үйл явдал манай улсын хувьд шийдвэрлэх юм биш гэхэд асар чухал ач холбогдол дагуулсан гэдгийг санах хүн цөөн болж.

Есдүгээр сарын 11 гэхээр таны толгойд хамгийн тү­рүүнд ямар бодол ордог вэ?
Мэдээж энэ таагүй өдөр Нью-Йоркийн эсрэг алан хядагчдын хийсэн ажиллагаа санаанд орж байгаа байх. Энэ үнэхээр дурсууштай өдөр. Гэхдээ Монголын хувьд олон улсын харилцаа ба эдийн засаг хоорондын ээдрээ ямар ач холбогдолтой байдгийг мэдэрч байдаг хүмүүсийн хувьд  хандлага бага зэрэг өөр гэж болно.
Тэгвэл 1973 оны есдүгээр сарын 11-ий өдөр АНУ-ын Тагнуулын төв газрын шууд дэмжлэг, удирдлага дор Пиночет генерал тэргүүтэй хүмүүс Чили улсад төрийн эргэлт хийсэн юм. Чилийн хууль ёсны Засгийн газрыг түлхэн унагахад арми болон Америкийн ТТГ-т хамгийн их дэмжлэг үзүүлсэн хүмүүс нь тус улсын монополь эрхтэй байсан баячууд, тэрбумтнууд, манайхаар бол олигархууд. Америкийн Тагнуулын төв газар нь олигархууд, элит баячуудыг дэмжих ноцтой шалтгаан байлаа. Уг нь, Америкийн ТТГ нь ардчилал хүний эрхийн төлөө тэмцэж байгаа дэлхийн №1 улсын тэргүүн эгнээнд явдаг байгууллага гэдгээр баячуудыг биш эгэл хүмүүсийг дэмжиж болох байсан. Гэвч Чилид шударга сонгуулиар ялсан Ерөнхийлөгч Сальвадор Альенде нь тухайн үеийн Америкийн заналт дайсан Зөвлөлтийн талыг баримтлагч байсан юм. Тэр үед манай улс ч Зөвлөлтийн хамгийн найдвартай түнш, бүх зүйлээрээ Зөвлөлтөөс хамааралтай улс байсан гэдгийг энд заавал сануулах хэрэгтэй байх. Иймд Пиночетийн хийсэн төрийн эргэлт нь нэг талаас Зөвлөлтийн төдийгүй манай улс, социалист улсуудын эсрэг хийсэн ардчилсан бус үйлдэл байлаа. Бид ч орос ах нарыгаа дагаад энэ бусармаг үйлдлийг чадах чинээгээрээ эсэргүүцсэн. Өөр яалтай ч байлаа.
Тэртээ 40 жилийн өмнө хаа байсан Өмнөд Америкт байдаг Чили улсад болсон төрийн эргэлтийг яах гэж яриад байна вэ гэсэн асуулт гарах нь зүйн хэрэг.
Хариулт тун энгийн. Тухайн үед Чили нь зэсийн экспортоор дэлхийд №1 гүрэн байв. Одоо ч хэвээр. Гэхдээ хэргийн гол нь хүйтэн дайны үед ард түмний сонголтоор сонгогдсон Ерөнхийлөгч Альенде нь Зөвлөлтийн буюу одоогийнхоор бол Оросын талыг баримтлагч, социалист үзэл баримтлалтай хүн байсан тухай дээр дурдсан. Тэр үед дундыг барина гэсэн ойлголт бараг байдаггүй байлаа. Нэг бол Орос үгүй бол Америк.
Тэгэхээр дэлхийн №1 зэсийн экспортлогч орны тэргүүн Оросын талд байгаад, Орос руу зэс, зэсийн баяжмал экспортолно гэдэг шууд л Америкийн эсрэг байна гэсэн үг болж таарсан юм. Зэс нь сумны хонгионоос эхлээд тив алгасагч пуужин хүртэл бүх төрлийн зэвсэглэлд хэрэглэгддэг маш чухал стратегийн бүтээгдэхүүн болохоор арга ч үгүй биз.
Ингээд Америкчууд Оросын талыг баримтлагч хууль ёсны Ерөнхийлөгчийг унагахын тулд эхлээд Чилийн бараг бүх нутаг дэвсгэрийг хамарсан автобус, ачааны машины жолооч нарын ажил хаялт зарлуулж үзэв. Чилийн хувьд асар их гарз хохиролтой энэ ажил хаялтыг Альенде даваад л гараад ирсэн. Иймд армийн элит, өөрөөр хэлбэл Пиночет тэргүүтэй генералууд, тэднийг санхүүжүүлсэн моно­поль эрхтэй саятан, тэрбумтнууд Америкийн дэмжлэгтэйгээр төрийн эргэлт хийсэн юм. Төрийн эргэлт хийх явцад Альенде амиа хорлосон байдаг. Мөн төрийн эргэлтийн явцад Чилийн ардчилал, хүний эрхийн төлөөх цогт тэмцэгч дуучин Виктор Хараагийн хурууг нь хуга цохин хэрцгийгээр амийг нь хөнөөсөн гэдгийг “социйн” үед амьдарч байсан хүмүүс сайн санаж байгаа байх. “Виктор Харагийн дуулал” гэсэн дуу хүртэл гарч байсныг мэдэх хүмүүс мэдэж л байгаа.
Ингээд Америкийн талыг баримтлагч Пиночет засгийн эрхийг гартаа авсны дараагаар Чили улсаас Зөвлөлт Оросыг зорьсон зэсийн урсгал зогсох нь тэр. Гэтэл хүйтэн дайн ид дундаа явж байсан болохоор зэвсэглэл, үйлдвэрлэл гээд бүх л салбараараа хоцрохгүй байх эсвэл бууж өгөх гэсэн шаардлагатай тулгарсан Зөвлөлтийн удирдлага нь зэсийн шинэ орд газар хайж эхэлсэн билээ. Энд хугацаа шийдвэрлэх үүрэгтэй. Зарцуулах хөрөнгө мөнгө чухал харин хамгийн богино хугацаанд бүтээгдэхүүн буюу манай улсын хувьд зэсийн баяжмалыг үйлдвэрлэж эхлэх нь стратегийн, өөрөөр хэлбэл Америк ба Зөвлөлт гэсэн хоёр их гүрний зэвсэг, эдийн засгийн хүчин чадал гэх мэт сөргөлдөөнд шийдвэрлэх биш юм гэхэд нэн чухал ач холбогдолтой зүйл болж өгсөн.
Чилид төрийн эргэлт гарсан жил нь 1973 он бол “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийг 1974 онд анх үүсгэн байгуулаад 1976 оны долдугаар сарын 11-нд анхны тэсэлгээ  хийж хөрс хуулалт явагдаж, мөн тэр жилдээ анхны баяжмалыг гарган авсан байдаг. Хоёр жилийн дараа буюу 1978 онд жилийн дөрвөн сая тонн хүдэр боловсруулан баяжуулах үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орж байлаа. Дөрөвхөн жилийн дотор амжуулсан хэрэг. Дөрвөн жилийг их гэж бодож байгаа хүмүүст нэг жишээ хэлэх хэрэгтэй.
Тэр үеийн технологиор дөрвөн жил юм шүү. Компьютер, программчлал, олборлолтын шинэ технологи гэх мэт маш олон зүйлс дөнгөж сураг төдий, эрдэмтдийн толгой дахь санаа төдий байсан үе. Тэр үед гол төлөв ийм хэмжээний үйлдвэрийг барихад дөрөв байтугай олон жилийг зарцуулдаг байсан байдаг.
Гэтэл “Оюу толгой” төсөл 1989 онд геологи хайгуулын ажил анхлан хийгдээд 2000 онд “Айвенхоу Майнз нь Би-Эйч-Пи компанитай гэрээ байгуулан Оюу Толгойг 100 хувь эзэмших эрхийг авлаа” гэж тус компанийн сайт дээр бичигдэж байв. Иймд эрхийг авснаас хойш 13 жилийн дараа анхны бүтээгдэхүүн гаргасан тухай Монголын сонин, хэвлэл болгоноор дуулиан болсон тул уншигч та эрхбиш санаж байгаа биз. Тэгээд зүгээр ч нэг гаргаж чадсангүй хэрүүлтэй, маргаантай, зөрчилтэй бөөн л юм болж байна. Хамгийн орчин үеийн, бага зардалтай технологи, техник ашиглаж байгаа 21-р зуунд олборлолт эхэлтэл 13 жил болсон хэрэг юм шүү. Наад зах нь 150 тоннын даацтай өөрөө буулгагч гэж  байсангүй.
Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр Оросын хувьд стратегийн багагүй чухал ач холбогдолтой байсан нь эндээс харагдаж байгаа байх.
Тиймээс олон улсын түвшинд байдал эвгүйтэн Чилид Пиночет төрийн эргэлт гаргаж Оросын зэсийн гол нийлүүлэгч байхаа болиогүй бол бид “Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр” нэртэй компанитай болохгүй байлаа. Иймд олон улс, дэлхийн нийтэд болж байгаа үйл явдлыг тогтмол хянаж байх нь бидний хувьд амин чухал ач холбогдолтой юм.
Ялангуяа улс төрийн түвшинд шийдвэр гаргагчдын хувьд улс орнууд, манай улстай түүхий эдийн олборлолтоор өрсөлддөг улсуудын  цаг агаар, улс төрийн нөхцөл байдлыг хянаж, тухай бүрт нөхцөл байдалд тохирсон шийдвэр, зохицуулалтыг соргогоор хийж байх нь нэн чухал юм.
Наад захын жишээ гэхэд 2011 онд дэлхийн коксжих нүүрсний хамгийн том экспортлогч болох Австралийн Квинслендийн уурхайнууд үерт автаснаас болж дэлхийн хэмжээнд нүүрсний үнэ тэнгэрт хадахад манай нүүрсний орд газрын ач холбогдол ч нэмэгдсэн. Харин бид энэ давуу талыгаа ашиглахын оронд зээлээр мөнгө авч “Эх орны хишиг” нэрээр хүн болгонд 21 мянга төгргөг тараасан болоод ямар ч ашиггүй цацаад дууссан билээ.
Ингээд бодохоор таны бодлоор олон улсын улс төр, цаг агаар, эдийн засгийн байдал бидэнд хамаатай байна уу?


Б.БАДРАЛ

0 Сэтгэгдэл
hamaatai bolon mash chuhal zuiliin neg de.
Хамгийн их уншсан