Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөшигийн хөндийг өдөр, шөнөгүй эзэгнэсэн их бүтээн байгуулалт

Дэлхийн аль ч орны, ямар ч зэрэглэлийн онгоц газардах боломжтой шинэхэн нисэх буудлын ажил гараанаас гараад гурван сар өнгөрчээ. Япон, Солонгосын компаниуд хамтран гүйцэтгэж буй төслийн ажилтай танилцлаа. Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Хөшигийн хөндий хэмээх өргөн талын 1200 га талбайг хамарсан бүтээн байгуулалт эрчимтэй явааг үзэв. Ухдаг, ачдаг, зөөдөг, тэгшилдэг, усалдаг техникүүд зогсоо зайгүй сүлжилдэж уудам талыг уужимхан нислэгийн талбай болгохоор ажиллах аж. Нисэх буудлын захиалагч Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяагийн даргалдаг төслийн удирдах хороо гурван сарын хугацаанд юу хийж амжуулсныг үзсэн юм. Тэдэнд төслийн захирал Н.Энхбат бүх ажил гурван хувьтай явааг мэдээлэв.

Тэнгэр гайгүй бол арванхоёрдугаар сард ч ажиллана

Бүтээн байгуулалтын талбайд нийт 400 гаруй хүн ажиллаж буй юм. Нийт 300 орчим техник, хэрэгсэл зогсоо завгүй хөдөлж, төслийнхөн өглөө 05:00 цагт цайгаа ууж ажилдаа гараад орой 19:30 болоход амарцгаана. Гэвч шөнийн ээлж ч бий. Хэдийгээр төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Японы “Мицүбиши корпорац”, “Чиёода корпорац”-ын түншлэл ажиллаж байгаа ч “Самсунг Си энд Ти” компаниар туслуулж буй юм. Энэ талбайд нийт 11 аж ахуйн нэгж хүчээ нэмэрлэн ажиллаж байгаагийн 70 гаруй хувь нь Монголынх. Нийт ажилчдын төдий хэсэг нь монголчууд гэсэн үг. Төслийн хугацааг 43 сараар тогтоосон бөгөөд 2016 онд зураг төсөл дээрх буудлыг бүрэн хүлээлгэж өгөх ёстой. Гэвч бодитоор ажиллах хугацааг 30 сар хэмээн тооцоолж байгаа. Жишээлбэл, энэ жил арванхоёрдугаар сар хүртэл газар шорооны ажлаа үргэлжлүүлэхийг хичээж буй юм.
Нисэх буудлын хамгийн хариуцлагатай, хүнд даваа нь онгоцны хөөрөх, буух үеийн явгалах зурвас буюу нислэгийн талбай. Уртаашаа 3600 метр, өргөнөөрөө 45 метр хэдий ч газрын төвшинг тэгшитгэхэд хамгийн их ажиллагаа орно. Өөрөөр хэлбэл, толь шиг тэгш гадаргуутай болгохын тулд зарим хонхор газарт долоон метр өндөр шороо асгаж, далан хийнэ. Ингэхдээ газрыг 30, 30 см шороон давхаргаар өндөрлөх ёстой. Ухагч трактороор ачуулсан шороог зөөж далангийн газарт асгана. Түүнийг жигд тархаан тэгшилсэн хойно индүүдэгч машинаар дагтаршуулах аж. Таван “индүү” цуварч нэг дор таван удаа нягтруулж байлаа. 30 см давхаргаа болголоо гэсэн үедээ мэргэжлийн байгууллагаар хэмжүүлнэ. Шороог 95 хувь хүртэл нягтаршуулах бөгөөд бараг л чулуу болгоно гэсэн үг. Хэрэв болчихжээ гэвэл дараагийн 30 см давхаргын ажилд орно. Энэ мэтээр гурван метр хонхорыг тэгшлэх шаардлагатай бол нийт 10 давхарга хийнэ гэсэн үг. Хамгийн гүн буюу долоон метрийн хонхорт 23 удаа шороон давхарга хийсний дараа өнгөн цутгалтыг хийх аж. Одоогоор хөрс хуулалтын ажил 80 хувьтай яваа бол газар шорооны ажил 20 гаруй хувьтай үргэлжилж буй юм. “Нэйшнл девелопер”, “Насны зам” компани энэхүү ажлыг гардан гүйцэтгэж байгаа.
Биднийг очиход эрчим хүчний эх үүсвэр бэлэн болчихсон харагдлаа. Гэвч барилга, байгууламжийн ажил дууссан ч холболтын асуудал хараахан шийдэгдээгүй гэв. Нисэх буудал нь улсын онцгой обьект тул байнгын эрчим хүчтэй байх ёстой. Тиймээс хоёр газраас цахилгаан авч, нэг нь доголдоход нөгөөг ашиглахаар тооцоолжээ. Эхний сурвалж нь Налайхын дэд станц. Холболт, шугам татах ажил ерөнхийдөө дууссан. Харин хоёр дахь нөөц буюу Сонгино хэмээх дэд станцад холболтын асуудал хараахан шийдэгдээгүй. Гэвч есдүгээр сардаа бүрэн шийдвэрлэж, эрчим хүчний эх үүсвэрээ асуудалгүй болгоно гэж Н.Энхбат захирал хэллээ. Хөшигийн хөндийд шинээр байгуулсан уг станцыг “Алтай трест” компани бүрэн хариуцаж ажиллажээ. Өнгөрсөн зургадугаар сард хүлээлгэн өгөх ёстой байсан ч ажил нь гурван сараар хоцорч, энэ сард дуусгахаар болсон гэнэ.

Станцын дэргэд төслийн удирдах төв байрлажээ. Анхны тусламжийн цэг, хуралдах өрөө, хувцас, хэрэгслийн агуулах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх талбай, тамхи татах цэг, удирдлагын амрах байр гээд цөм бүрэн. Түүнээс урагш арваад алхамын зайд “Аюултай” гэсэн анхааруулга бүхий хамгаалалтын зурвас байрлажээ. Тэндээс л их бүтээн байгуулалт эхэлж газрын гүн рүү 10 метр хүртэл ухсан нь ч таарав. Терминал буюу зорчигчийг хүлээн авах байрны суурийг цутгаж дуусч байгаа аж. “БҮТИ” тэргүүтэй компаниуд уг барилгыг хариуцсан бөгөөд удахгүй нэгдүгээр давхрыг барьж эхэлснээр терминалын 2013 оны ажил дуусна. Энд төв байр, зорчигчдын амрах, хүлээх танхим, авто машины зогсоол тэнд байрлана гэж төслийг гардан гүйцэтгэгчид танилцууллаа. Суурийн давхрыг оруулахгүйгээр гурван давхар, 40 мянган ам.метр талбайтай байгууламж сүндэрлэж, эхэн үедээ жилд гурван сая зорчигч хүлээн авах гэнэ. Зургаан “gate” буюу онгоцонд суух хоолойтой байх аж. Онгоцны буудал ашиглалтад орсон хойно хоёр тийш өргөтгөж, 20 хоолойтой болгох боломжтой. Тэр үед жилдээ 10 гаруй сая зорчигчид үйлчлэх том нисэх буудал болно гэв.

Нислэгийн талбай, зорчигчийн терминалын хоёр захаар “Боорчи” компани үер, ус зайлуулах далан байгуулж бараг дуусчээ. Төмөр, бетон голтой усны далангийн урт нь 9.6 км байх аж. Мөн энэ жилдээ 34 метр өндөртэй нислэгийн удирдлага, хяналтын цамхагийн ажлыг амжиж эхлүүлнэ гэлээ. Төслийн хүрээнд яг одоо өрнөж буй дараагийн бүтээн байгуулалт нь ажилчдын байр. Нийт 500 хүний багтаамжтай кэмп-хотхоны эхний барилгууд ашиглалтад орж, ажилчид нүүгээд ирсэн аж. Харамсалтай нь, кэмптэй танилцах боломж гараагүй юм. 1200 га талбайг хамарсан их ажлын нэгээс нөгөө рүү очиход л багагүй цаг зарцуулж байсан билээ. Түүнчлэн Улаанбаатар хотоос Хөшигийн хөндий рүү очих, буцах зам хүндрэлтэй байв.
Одоогоор Төв аймгийн Зуунмод хот руу очдог замаас 12 км салж явахад шинэ нисэх буудалд очно. Гэвч буудал ашиглалтад орох үед шинэ хурдны зам байгуулахаар болсон. Өмнүүр тойрсон 37.5 км замаас гадна уул давж арай товч зам барих трасс боловсруулжээ. ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа “Хурдны замын ажил эхлээд нийслэлийн Яармагаас Нисэхийн товчоо хүртэл барьж дууссан. Одоо товчооноос Хөшигийн хөндий хүртэл зам байгуулна” гэв. Хувийн компани өөрийн хөрөнгөөр барьж, ашиглаад, хүлээлгэн өгөх нөхцөлтэй бөгөөд олон улсад нэвтэрсэн туршлага ажээ. Жишээ нь, БНХАУ-ын Бээжин хотын шинэ нисэх буудлын замыг ийм аргаар босгожээ. Барьж дуусгаад 10 гаруй жил ашиглахаар тохирсон. Гэвч анх төлөвлөж байснаас хэд дахин ачаалалтай байгаа тул авч буй төлбөрөөс авах ашиг маш өндөр байгаа гэнэ. Заасан хугацаа, тохирсон төлбөрөөр ашгаа олж дуусгаад төрийн мэдэлд 100 хувь шилжүүлдэг аж. Хөшигийн хөндий рүү хөтлөх замууд яг л ийм зарчмаар ашиглагдана. Мөн  тэрээр усны нөөц, ашиглалтын талаар дараахь тайлбарыг хэлэв. “Ундны усны худгийг тогтоож, нөөцийг тодорхойлчихсон, гэхдээ ашиглаагүй байгаа. Одоогоор бүтээн байгуулалтын ажилдаа өөр хоёр худаг ашиглаж байна” гэлээ.

100 мянган хүн амтай дагуул хот байгуулна

Хөшигийн хөндий урьд нь хүн, малын хөлөөс өөр зүйл хүрээгүй тал газар байсан бол одоо машин, техникийн дуу хүнгэнэсэн ажлын талбар болж. Харин гурван жилийн дараа онгоцны дуу, хотын чимээ түгэж эхэлнэ. Яагаад гэвэл тэр үед 100 мянган оршин суугчтай дагуул хот байгуулахаар болжээ. Гэвч одоогоор ёсоор ярьж, төлөвлөлтийг боловсруулаагүй байгаа аж. Энэ тухай Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат “Одоогоор шинэ хотын зураг төсөл, төсөв, төлөвлөлтийг удирдах хороогоор авч хэлэлцээгүй. Харин бид аймгийн төвдөө ихээхэн анхаарал хандуулж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан 1000 айлын орон сууцтай хотхон байгуулах ажил эхлүүлсэн” гэлээ. Япон улсын хөрөнгө оруулалтаар байгуулж буй шинэ нисэх буудалд 49.5 тэрбум иен нийлүүлж буй. Үүнийг 40 жилийн хугацаанд буцаан төлөх ёстой ч 10 жилийн дараа эргэн төлж эхлэх гэнэ.
Тэгэхээр шинээр байгуулах хурдны замууд зөвхөн нисэх буудлын үйлчлүүлэгчдийн зорчих хэсэг бус шинэхэн хотын оршин суугчдыг нийслэлтэй холбох ач холбогдолтой аж. Түүнчлэн замыг илүү эрэлттэй болгоход нөлөөлөх өөр нэг зүйлийг Б.Батзаяа хэлсэн. Өмнөд зүгт чиглэсэн хурдны авто зам Хөшигийн хөндийгөөр дайрах аж. Мөн олон улсын ачаа тээвэрт л зориулагдсан Богд уулыг хаяалан үргэлжилсэн төмөр зам нисэх буудлын өмнүүр өнгөрнө. Энэ мэтээр агаарын болон, авто, төмөр замын төвлөрөл буюу ложистик цэг болгосноор хурдны замын ашиглалт, зорчих урсгал хэд дахин нэмэгдэх учиртай.
Дашрамд сонирхуулахад, шинэ нисэх буудлыг “Чингис хаан” хэмээн нэрлэнэ. Буянт-Ухаад одоо ашиглаж буй буудлыг хувийн онгоц, нисдэг тэрэгтэй хүмүүст ашиглуулна гэж Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Г.Буяндалай хэллээ. Тэрээр “Монголын агаарын тээвэр, нисэх үйлчилгээ хөгжих болсон. Хувьдаа онгоцтой, ерөнхий тээврийн зориулалттай онгоц хөөрөх, буухад Буянт-Ухааг ашиглана” гэсэн юм.

Сүүлийн үед бүтээн байгуулалтын үйл ажиллагаа зогссон, гадны компаниудаар бүх ажлаа хийлгэдэг гэх гүжир үг, үнэн худал нь тодорхойгүй яриа олны дунд гарах болсон. Ялангуяа, Хөшигийн хөндий хэмээх эзгүй талд шинэ хот, дэд бүтэц, шинэ нисэх буудал байгуулж буй ажлыг шүүмжлэх хүн цөөнгүй. Гэтэл бодит байдал огт өөр байсан юм. Улирлын чанартай барилгын ажил үргэлжилдэг манай орны хувьд боломж, хоног бүрийг хий алдахгүйг хичээж монголчууд япон, солонгосчуудтай хамтран зүтгэж байгааг нүдээр үзлээ. Энэ үед тэднийг үгээр хатгах бус улам ч урамшуулж, амжилт хүсмээр. Өвлийн ид хүйтэнд завсарлах хэдий ч хойтон жил хамгийн эрт буюу дөрөвдүгээр сард ажлаа үргэлжлүүлэн хийхийг зорьж байгаа ажээ.

Б.Билэг

0 Сэтгэгдэл
Iim medeelelee News, Sonin gm tom saituudad tawij baigaach. Saixan medee sonsoxod setgel sergex yum.
Suraltsaach mongolchuudaaa . Dandaa idej uuj mongo unagaj deeremddeg komnist namiin surgasan amia bodon ard tvmnee dorombilson n setgelgeenees salah tsag boljee
mash saihan medee baina. tend ajillaj bui mongolzuuddaa bayar hurgey
buteen baiguulaltaa sain hiiged saihan niseh buudaltai boltsgooye. Amjilt husye.
зөвхөн монголчууд хийдэг бол бур гоё одоо бол ямарч техник төхөөрөмжийг монголчууд оруулаад ирчихдэг эзэмшдэг болсон гэвч ажил олдохгуй олдсонч дандаа цавчаа, ёндоотой , дээр нь өмнөд хөршийнхөн со яп нарыг царайчлан ажиллах нь тиймхэн
уул уурхай биш бүтээн байгуулалт л монгол улсыг хөгжүүлнэ дээ
uramtai saihan medeelel bna. Amjilt husye
Goe yumaa engeed hiigeed baival ch bolj bn shuu amjilt zaluusaa
Хамгийн их уншсан