Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөшигийн хөндийн шинэ онгоцны буудлыг түшиглэсэн 100 мянган оршин суугчтай дагуул хот бий болно

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд Улаанбаатар хотын нисэх онгоцны шинэ буудал барих ажил хэдэн жилийн өмнөөс яригдсан ч ажил эхлэхгүй дуншсаар байсан. Тэгвэл онгоцны шинэ буудал барих ажил өнгөрсөн зунаас эхэлж, Японы  Мицүбиши, Чиёода корпорациудын түншлэл шалгарч гүйцэтгэхээр ажлаа эхлүүлээд байгаа аж. Харин туслан гүйцэтгэгчээр Солонгосын Самсунг корпораци болон дотоодын “Насны зам”, “Нэйшнл дивэлопэр”, “Гоекад”, “Сойл трэйд”, “Дельта констракшн”, “БҮТИ”, “Алтай трест”, “Боорчи” зэрэг компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм байна.
Улаанбаатар хотын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн удирдах багийнхан өчигдөр Хөшигийн хөндийд баригдаж байгаа онгоцны буудлын ажлын явцтай танилцсан юм. Төслийн удирдах багийг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа даргалдаг бол, гишүүдэд нь тус яамны газрын дарга Б.Бямбажав, Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат, Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал тэргүүтэй 18 хүн хүн багтдаг аж.
Төслийн нарийн бичгийн дарга Энхбат ярихдаа, “Олон улсын жишгийг харахад ийм том хэмжээний онгоцны буудал барихад 5-6 жил шаардлагатай байдаг. Харин бид үүнийг 43 сарын хугацаанд барих зорилго тавин ажлаа эхлүүлээд явж байна. Энэ бол асар их хариуцлага. Бидэнд ажил хийх хугацаа 30 сар үлдлээ. Үлдсэн хугацаа нь өвлийн улирал таарч байгаа болохоор бид энэ хугацаанд амжуулахаар шахуу хөтөлбөртэй ажиллаж байна” гэсэн юм.

Шинэ онгоцны буудлын тухайд агаарын хөлөг хөөрч, буух 3600x45 метр хэмжээтэй зурвас, нийтдээ 114200 ам.метр талбай бүхий хурдны явгалах зам, жилдээ гурван сая зорчигчид үйлчлэх 40.000 ам.метр зорчигч үйлчилгээний барилга байх аж. Мөн 1200 ам.метр талбайд гал унтраах, авран хамгаалах албаны барилга, 4400 ам.метр талбайд Аэродромын тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний барилга, 106.000 ам.метр талбай бүхий онгоцны зогсоол, үйлчилгээний зам, газрын үйлчилгээний тоног төхөөрөмжийг байрлуулах 98000 ам.метр талбай, 28875 ам.метр авто машины зогсоол барьж байгуулахаар зурагт төсөлд тусгагджээ.

Мөн цагт 9265000 кКал дулаан гаргах дулааны станц, хоногт 804 шоо.метр цэвэр усаар хангах систем, хоногт 724 шоо.метр бохир ус цэвэрлэх байгууламж, 9.6 км урт үерийн усны хамгаалалт, далан зэргийг барьж байгуулах юм байна.
Өнөөдрийн байдлаар онгоц хөөрч буух зурвас, зорчигч үйлчилгээний барилгын суурийн ажил, ажилчдын түр байр, түр оффисийн барилга, хашаа зэргийг төлөвлөгөөний дагуу хийгээд байгаа гэнэ. Энэ нь нийт ажлын гурван хувь гэдгийг төслийн багийнхан хэлж байна. Харин өнгөн хөрс хуулах ажлын 88.3 хувийг гүйцэтгээд байгаа гэнэ. Цаг агаарын хүндрэл гарахгүй бол ирэх сарын эцэс гэхэд онгоц хөөрч буух зурвасын 1.5 сая шоо.метр далангийн газар шорооны ажлыг хийж гүйцэтгэн ирэх жил хучихаар төлөвлөөд байгаа аж.

Онгоц хөөрч, буух зурвасын хувьд газрын хөрснөөс долоон метрийн өндөрт, гуч, гучин см-ээр зузаалж, дагтаршуулсны эцэст хучилтыг хийх нь.

Мөн Налайхаас 110 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, Улаанбаатараас холбоо мэдээллийн шилэн кабелиар холбох ажлыг дуусгаж байнгын ашиглалтад оруулахаар бэлтгэж байгааг ч тэд хэлж байлаа.
Ийн Улаанбаатар хотын онгоцны шинэ буудал баригдсанаар үүнийг дагаад 100 мянган оршин суугчтай дагуул хот бий болох аж. Тэрчлэн онгоцны шинэ буудлаа нийслэлтэй холбосон хурдны замыг ч байгуулахаар төлөвлөөд байгаа гэнэ. Гэхдээ хурдны зам барих газрыг нарийн тогтоогүй байгаа бөгөөд төсөл дээр ажиллаж байгаа япон инженерүүдийн хувьд уул давуулан төд байдлаар барих санал гаргасан байна. Замыг Барьж, оруулж, ашиглах нөхцлөөр барих байх гэдгийг албаныхан хэлсэн юм. Замын тендер нь Эдийн засгийн хөгжлийн яаманд зарлагдах аж. 

0 Сэтгэгдэл
ТӨВ АЙМГААС ГИШҮҮН БОЛДОГ ЛУЙВАРЧИН ГИШҮҮД ОНГОЦНЫ БУУДЛААР СОНГУУЛЬ БҮР ХОШГИРУУЛДАГ БАЙЖ БИЛЭЭ
Хамгийн их уншсан