Дэлхийд нэрээ гаргасан Солонгосын алдарт Т-ARA болон “Davichi”, “Speed”, “The Seeya” хамтлагууд энэ сарын 21-нд 17 цагаас ганцхан удаа Төв цэнгэлдэхэд тоглолтоо хийж, Монголын хүүхэд, залуусыг баярлуулах гэж байгаа билээ. Тэгвэл зохион байгуулагч ETV телевизийн зүгээс тус шоу тоглолттой холбоотой “найзууд”-ын хямдрал үзүүлэхээр болсноо дуулгаж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “T-ARA К-POP ОДОД МОНГОЛД” тоглолтын Ерөнхий менежер Э.Туяацэцэгээс тодруулснаа хүргэж байна.
-Сайн байна уу. Дэлхийд алдартай Т-ara болон бусад к-поп хамтлаг манай улсад тоглохоор болсон. Тоглолтын бэлтгэл ажил хэрхэн явагдаж байна вэ?
-Т-ARA хамтлагийн Монголд урьж тоглуулах хүсэлтийг “Эх гоёот медиа” группт хамаарагддаг “ЕTV -HD” телевиз зохион байгуулж байгаа ч гэсэн энэ медиа группт хамаарагддаг бүх салбар компаниудын ажилтнууд ажиллаж байна. Тодруулбал Инфо ТВ сэтгүүл, Hotnews сэтгүүл, Teenagers сэтгүүл, ноён зууч 1950, Такси үйлчилгээ,Ноён зууч пицца, Их монгол 99,7, Авто радио 105,5 фм радиогийн хамт олон ажиллаж байгаа. Бэлтгэл ажил ерөнхийдөө жигдэрсэн, одоогийн байдлаар 80 хувьтай явагдаж байна гэж хэлж болно. Төв цэнгэлдэх хүрээлэнд тайзаа засаад, хөгжмөө дуугаргаад л , үзэгчдээ оруулахад бэлэн болчихоод байна даа.
-T-ARA хамтлагийг Монголд урьж тоглуулах санаа анх яаж төрсөн юм бол. Энэ их сонин байна л даа?
-Монголын хүүхэд залуучууд Солонгос стиль сонирхож, тус улсын соёл, кино урлагийг түлхүү сонирхох болсон нь сүүлийн үед их анзаарагдах болсон. Үүнээс үүдээд дэлхийд алдартай Солонгосын тэр дундаа к-pop урсгалаар дуулж ид мандаж яваа хамтлагийг Монголдоо урьж авчирвал энэ чиглэлийн урсгалыг сонирхдог хүүхэд залуусдаа бэлэг барих нь гэж бодсон. Түүнээс гадна дэлхийн хэмжээний оддыг дэргэдээсээ харах боломжийг монголын хүүхэд залуустай олгож тэдэнтэй нэг өдрийг хамт өнгөрөөх нөхцөл боломжоор нь хангаж өгье гэдэг үүднээс энэ хамтлагийг сонгож урьж тоглуулах санаа төрсөн.
-Монголын хүн ам, зах зээл бага. Тэгэхээр Япон, Солонгост хийдэг шиг томоохон хэмжээний шоу болж чадна гэдэгт хэр итгэлтэй байна?
-Энэ намрын төдийгүй монголд хийсэн хамгийн том шоу тоглолт болж чадна гэдгийг зохион байгуулагчдын зүгээс амлаж байна. Ер нь манайхаар 350 мянган төгрөгийн үнэтэй тоглолтын тасалбар билет зарагдаж байна гэсэн яриа тарангуут дөрвөн хамтлагийн гэрээ хийсэн энтертаймент компаниас бидэн рүү тэр өглөө нь шууд холбогдсон. Тэдэнд мэдээлэл маш хурдан хүрч байгаа. Тиймээс Монголд ийм том хүлээлт үүсчихсэн байна гэдгийг мэдэрч байгаа учраас тэд өөрсдийн нэр төрөө өндөрт өргөж Монголд муу тоглоод Японд сайн тоглоно гэсэн ойлголт байхгүй.
-350 мянга гэдэг үнэ хүмүүст нэлээд чанга сонсогдож байгаа байх. Ийм үнэтэй тасалбарыг дагалдаж ямар нэгэн боломж эдлэх үү?
-350 мянган төгрөгний үнэтэй тасалбарын хувьд ердөө 200 хүнд зориулагдаж хэвлэгдсэнээрээ онцлогтой. Дэлхийн хэмжээнд яригддаг том хамтлагийн улаан фэн нь ямар ч үнээр хамаагүй тасалбарыг нь худалдаж аваад зургаа даруулах юм сан гэсэн хүсэл байгаа. Тэр хүслийг нь ч зохион байгуулагчдын зүгээс биелүүлэх шаардлага гарч ирсэн. Үүнийг хэрхэн зохицуулах вэ гэдэг үүднээс тусгай суудалд тухлаад тоглолтоо үзүүлэхээр болсон. Энэ үйлчилгээнд халуун хоол цайгаар үйлчлүүлээд зогсохгүй тоглолтыг урдаас нь хараад үзэх боломж бүрдэх юм. Түүнээс гадна тусгай хамгаалалтын дор даарахгүй үзэх боломж нөхцлөөр хангаж өгч байгаа. Мөн 20-ны өдөр дөрвөн хамтлагтай хийх тусгай уулзалтад оролцох эрх нээгдэнэ. Энэ үед мэдээж хүссэнээрээ зургаа авахуулна, магадгүй шүтдэг хамтлагийнхаа ододтой гар бариад мэндчлэхийг ч үгүйсгэхгүй. Энэ билетийг зөвхөн 1950 дээр худалдаалж байгаа, билет нь цөөхөн үлдсэн учраас жинхэнэ алтан фэнүүд яарах хэрэгтэй .
-350 мянгын билет ийм байдаг байж. Тэгвэл 35,60 мянгын билет ямар онцлогтой юм бол?
-35 мянган төгрөгний тасалбар авсан хүмүүсийн тухайд энгийнээр хэлбэл төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон талбайд зогсоод үзнэ гэсэн үг. Тэгэхдээ тайзтай хамгийн их ойртох боломжтой хэсэг нь шүү дээ. К-попын жинхэнэ шүтэн бишрэгчид нь, мөн манай энэхүү тоглолтын үзэгчид ихэвчлэн хүүхдүүд байх учраас 13 наснаас доош насны хүүхдийг харгалзах хүнтэй нь хамт оруулах билет 60.000 төгрөгийн үнэтэй байгаа юм.
-Дэлхийн хэмжээний хамтлагийг урихад мэдээж зардал мөнгө их гарч байгаа байх. Ивээн тэтгэгчээр ямар байгууллагууд оролцож байна?
-Бмд том хамтлаг урьсан учраас хөрөнгө мөнгөний хувьд нэлээд хөрөнгө зарцуулж, зоригтой шийдэмгий алхам хийсэн. Нэгэнт хийж байгаа учраас хийсэн шиг хийхэд хамгийн чухал нь хөрөнгө мөнгө шүү дээ. Ивээн тэтгэгчдийн тухайд “Сүнжин гранд” зочид буудал ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Хамтарч ажилаж байгаа байгууллагуудын тухайд UP music production, “Хас” харуул хамгааллалтын алба, Цагдаагийн Ерөнхий газартай хамтарч ажиллаж байна. Хамтран зохион байгуулагчаар IHC компани ажиллаж байна. Мөн Урлах эрдэм дээд сургуулийн T-ARA хамтлагийн 19 гишүүнд монгол хэв загварыг хадгалсан нэг удаагийн тоглолтын хувцсаар бэлэг барьж хамтарч ажиллаж байна.
-Эдгээр к-поп оддын фэнүүд манайд олон бий. Ялангуяа хүүхэд залуус найз нөхдөөрөө үзэхийг хүсч байгаа байгаа нь тодорхой. Тэдэнд урамшуулал бэлдсэн гэсэн. Тэр тухайгаа тодруулаач?
-Бид өдөрлөг дээр, 1950-д ирж байгаа санал дээрээс үндэслээд харахад хүүхдүүд “Бид нар найз нөхдөөрөө үзье, тэр тохиолдолд ямар урамшуулал байгаа вэ” гэж их асууж байсан. Үүнээс шалтгаалаад зохион байгуулагчид шийдвэр гаргасан. Тэр нь юу вэ гэхээр хэрэв олуулаа анги хамт олноороо, гэр бүлээрээ ирвэл 30 хувийн урамшуулалтайгаар тасалбараа худалдахаар болсон. 30 хувийн хямдралтай зарагдаж байгаа тасалбарыг худалдаж буй аль ч салбараас авах бүрэн боломжтой. Гурваас дээш билет авах бүрт нэг тасалбараас 10500 төгрөг хасагдаж дахин нэг тасалбар авах боломжийг бид олгож байна.
-Тасалбарын ард талын санамжид билет таслаад төв цэнгэлдэхэд орсон тохиолдолд буцааж гаргахгүй гэсэн байсан л даа. Тэгэхээр тоглолтын дундуур 00 орох, хүнсний зүйл авах болбол яах болж байна гэсэн асуудал гарч ирж байна. Үүнийг хэрхэн шийдсэн бэ?
-Харин энэ асуудлыг хүмүүс их сонирхож асууж байгаа л даа. Дотор бол 00-ын асуудлыг бүрэн шийдсэн байгаа. Хоолны асуудлыг ноён зууч пиццаны хамт олон бүрэн дааж ажиллаж байна. Тиймээс буцаж гараад байх шаардлага байхгүй. Тиймээс тоглолт үзэх гэж байгаа хүмүүс үүнийг анхаарах хэрэгтэй.
-Зохион байгуулагчдын зүгээс үзэгчдээ ямар шаардлагыг тавьж байгаа вэ?
-Бид дэлхийн хэмжээний тоглолт зохион байгуулж байна. Энэ тоглолтыг ямар болох вэ гэдэг зохион байгуулагчдаас гадна тоглолт үзэж буй үзэгчдээс ихээхэн хамааралтай. Тиймээс бидний өгсөн шаардлагыг дор бүрнээ хүлээж авч хогоо хаяхгүй, шахдалцахгүй, хүлээцтэй байх хэрэгтэй. Түүнээс гадна өмнө тоглолтууудыг зүгээр нэг очоод үзчихдэг байсан бол энэ удаа билетээ аваад арын санамжуудыг уншихаар хийсэн байгаа. Тоглолтонд үзэгчээс хамааралтай гэж их ярьж байгаа учраас өөрийгөө хүндэтгэхийн зэрэгцээ бид үзэгчээ хүндлэх зүгээс тодорхой шаардлагуудыг бичсэн байгаа.
-Үзэгчиддээ сонирхуулж хэлэх өөр ямар гэнэтийн бэлэг байгаа бол?
-T-ARA хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын бас нэгэн онцлог нь монголын говь талаар явж нэг дууныхаа клипний зураг авалтыг хийх зорилготой байгаа. Энэ манай төслийн бас нэгэн салшгүй хэсэг болж байгаа юм. Нэгдүгээрт, энэ том хамтлагуудыг Монголдоо тоглуулж байна. Хоёрдугаарт тэд манай оронд ирснээрээ клипний гоё зурагтай болоод буцахаас гадна Монголыг дэлхийд сурталчилж байна гэсэн үг юм. Солонгосын талаас 44 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж ажиллана. Зураглаач, тайз засагч, найруулагч гэсэн нэлээн хэдэн бүрэлдэхүүнтэй баг түрүүлж ирэх болно.