Монголын соёл, яруу найргийн академиас эрхлэн гаргасан “Гурван зуун шүлэгт ном”-ын хурим өчигдөр “Интер” номын их дэлгүүрт боллоо. Тус номын нээлтэд яруу найрагч Д.Урианхай, Ц.Бавуудорж, А.Эрдэнэ-Очир, Д.Нямаа, зохиолч Д.Цэнджав, П.Батхуяг, орчуулагч Ц.Оюундарь, Х.Мэргэн, судлаач С.Дулам, Д.Ухаанзаяа нарын Монголын үе үеийн зохиол бүтээл туурвигчид оролцов. Тэд тус номд орсон шүлгүүдийг орчуулж, эмхэтгэсэн Г.Мэнд-Ооёо гуайд талархлаа илэрхийлж байсан. Учир нь, монголчуудын яруу найргийн орчуулгын 300 гаруй жилийн түүхэн дэх шилдэг орчуулгаас энэ ном бүтэж буй. Ингэхдээ анх удаа Монголын яруу найргийн гарамгай төлөөлөгчдийн бүтээлүүдийг дэлхийн яруу найргийн суутнуудтай эн тэнцүү гаргаж, тэдний шүлгийг оруулсан юм.
Нийтийн тооллын өмнөх 2000 оны үеэс, нийтийн тооллын 2000 он хүртэл буюу 4000 орчим жилийн хооронд зохиогдсон 300 гаруй шүлгээс бүтсэн антологит өрнө, дорнын шилдэг яруу найраг эн тэнцүү орсноороо ч онцлогтой аж. “Цаг цагт хувьсан өөрчлөгдөх хүсэл таашаалын өнгөцхөн үнэлэмжийг гэтлэн, дээд төгөлдөр утга уянга, гоо сайхан, зөн билиг, мэргэн ухаан, уран санаа, ухаарал, сэрэл мэдрэмж, гүн сэтгэлгээ, сэтгэлийн эрчим, хэл соёлын үнэт чанар, үл ухаарахуйн чинадад нэвтрэх яруу найргийн зүй тогтлын үүднээс хэзээ ч хуучиршгүй мөнхийн шүлгүүдийг сонгосон” хэмээн уг антологийг эрхлэгч Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо тодорхойлсон юм.
Ямар нэг зүйлийг шүтэж, түүнд дурлаж байж яруу найрагч амттай бүтээл төрүүлдэг. Тэгвэл яруу найрагч бүр ийм амтыг олдог гадаадын яруу найрагчийн зохиосон шүлэгтэй байдаг гэдгийг энэ өдөр харж болохоор байсан. Цугласан найрагчид өөрсдийн дурладаг шүлгээ эх хэл дээр нь болон өөрсдийн орчуулгын хамт уншиж, номыг мялаасан юм.