Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чингис бондын чимээг чагнахуй


Эзэн Чингисийн нэр, эх нутгийнхаа баялагт дул­дуйдаж олон улсын хөрөнгийн захаас мөнгө босгоод жилийн нүүрийг үзэх нь. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид Монгол Улсад итгэж өнгөрсөн оны сүүлчээр Чингис бондыг 1.5 тэрбум ам.доллараар худалдан авсан билээ. Үүний 500 сая ам.доллар нь таван жилийн хугацаатай жилийн 4.125 хувийн хүүтэй. Үлдсэн нэг тэрбумыг нь 10 жилийн хугацаатай жилийн 5.125 хувийн хүүтэй төлөх юм. Тэгэхээр эхний мөнгөө төлхөд үндсэндээ дөрвөн жилийн хугацаа үлдэж байна гэсэн үг. Одоо дахиад 3.5 тэрбум ам.долларын бонд арилжаална гэж байгаа. Ингээд нийтдээ таван тэрбум ам.доллар олон улсын сан­хүүгийн зах зээлээс татаж авна. Аливаа зүйлийг аль ч талаас нь тайлбарлаж бол­дог. Иймээс  Чингис бондыг тойрсон шүүмжлэл, сай­шаал, үзэл бодлын талаар дор өгүүлье. Чингис бонд арилжаалагдсан цагаасаа эхлээд л улсын өрийн данс зузаарлаа, хүүний тоолуур хоног, сараар гүйж байна хэмээн хэл ам дагуулсан. Мөн зарим  нь бондоор мөн­гө босгох байдаг л зүйл.  
Тэглээ гээд энэ улс өрөнд баригдаж түүнийгээ төлж чадахгүй хоосорч, ядуурахгүй. Уг мөнгийг монголчууд хугацаанд нь төлж л таараа. Хамгийн гол нь улсын төсөвтэй хольж хутгаж алдагдлаа нөхөх “будаатай хуурга” хийвэл алдаа болно. Харин эдийн засгаа бэхжүүлэх уул уурхайн дэд бүтэц, нэмүү өртөг шингээх богино хугацаанд үр ашгаа өгөх үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалт хийх ёстой гэсэн үзэл бодол хөвөрч байгаа.

Бас бонд худалдан авсан хүмүүс тэр мөнгөөр үр ашигаа удаан өгөх төсөл хөтөлбөр, цөөн хүн амтай аймаг, сумын төвийг холбосон зам тавьж байгаад дургүйцэж буй гэдэг. Энэ мэтээр бондын мөнгийг аманд ч үгүй, хамарт үгүй үрэн таран хийж болохгүй. Анхны зориулалтаар нь ашиглахгүй, үр ашгаа удаан өгөх зүйлд зарцуулвал олон улсын санхүүгийн зах зээлээс дахиад мөнгө босгох босго улам л өндөрсөнө. Бонд худалдан авагчид монголчууд авсан мөнгөө юунд, хэрхэн зарцуулж байгааг анхааралтай ажиглаж суугаа гэх нь ч бий.

 Төсвийн хөрөнгөөр хийх ёстой ажилд зарцуулж болохгүй

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Бондын мөнгийг төсвийн алдагдал нөхөх болон нийгмийн халамжид зарцуулаагүй. Дэд бүтэц, уул уурхай, үйлдвэрлэлийн чиглэлийн төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулж байгаа. Чингис бондын 1.5 тэрбум ам.доллараас өнөөдрийн байдлаар гуравны нэгийг  нь зориулалтын дагуу зарцуулж, үлдсэн мөнгө нь Монголбанкинд байршиж байна” гэж гадаадын элчин сайдын яамд, өргөмжит консулын газрын төлөөлөгчдөд мэдэгдсэн. Гэвч энэ нь бондын мөнгийг үр ашгаа удаан өгөх төсөл  хөтөлбөрт зарцуулж байна хэмээн үзэж шүүмжилж байгаа судлаач, эдийн засагчид, мөнгөө оруулсан хүмүүст тийм ч хангалттай хариулт болж чадсангүй. Учир нь хэтэрхий олон зүйлд дусал дуслаар өгч байна. Одоо барихаар яриад байгаа тавдугаар цахилгаан станцад л гэхэд 700-800 сая ам.доллар шаардагдах тооцоо бий. Тэгэхээр 1.5 тэрбум ам.доллар дэд бүтэц, үйлдвэрлэлийн томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтад бага мөнгө гэж байгаа юм. Иймд тэртэй тэргүй улсын төсвийн хөрөнгөөр хийх ёстой ажилд хөрөнгө орууллаа гэж шүүмжилж байгаа билээ. Тухайлбал  зургаан аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбох, Улаанбаатар хотод “Гудамж”  төсөл хэрэгжүүлж буй,  хурдны замын  зураг төсөл болон бэлтгэл ажилд өгснийг таашаахгүй байгаа.

Харин Таван толгойгоос улсын хил хүртэлх төмөр замын ажил, цахилгаан станц барих, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгох, төмрийн хүдрийн нойтон баяжмалын үйлдвэрлэлийн чиглэлээр тодорхой хэмжээний мөнгө зарцуулж байгаа нь тэдний анхаарлыг татаж буй аж.  
Угтаа бонд худалдан авагчид Монголын уул уурхайн салбар ирээдүйтэй, мөнгө олох, өсгөх өргөн боломж бий хэмээн тооцсон гэж хэлж болно. Энэ нь саяхан Улаанбаатарт болсон хөрөнгө оруулагчдын “Invest Mongolia 2013”, “Дисковер Монголиа-2013”  чуулга уулзалтуудаас илт  харагдаж байв. Тухайлбал “Invest Mongolia 2013” хурал оролцогчдын сонирхлыг  Оюу толгойн хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, Таван толгой төслийн үйл явц татаж байсан билээ.  Тэд “Эрдэнэс Таван толгой” энэ онд багтаж 7.5 сая тонн нүүрс экспортолж чадах эсэх, уул уурхайн дэд бүтцийн төсөл, хэтийн төлөвийн талаар асууж, ярилцаж тодорхой мэдээлэл авч байсан юм. Өнөөдөр манай экспортод гарч буй нүүрсийг авто машинаар тээвэрлэж буй тул 20 ам.долларын зардалтай байгаа гэдэг.  Саяхнаас, “Эрдэнэс Таван толгой” нүүрсээ уурхайгаас ачаад гүний гаалийн бүрдүүлэлт хийж хятадын хилээр шууд гаргах болсон. Ингээд тээврийн зардлаас дөрөв, гаалийн бүрдүүлэлтээс гурван ам.доллар хэмнэх тооцоо гарсан байдаг. Тэгэхээр хөрөнгө оруулагчид наад зах нь нүүрс тээврийн асуудлаа бүрэн шийдээгүй тул “Эрдэнэс Таван толгой” компанийг  шинэ он гарахаас өмнө төлөвлөгөөт нүүрсээ экспортолж чадах эсэхэд эргэлзэж буйгаа нуугаагүй билээ. Үүнээс гадна Таван толгой ордыг түшиглэж цахилгаан станц барих нь  ашигтай гэсэн санал эдийн засагчид дэвшүүлдэг. Одоогоор коксжих нүүрсийг ялгаж аваад эрчим хүчний нүүрс үлдэж буй юм. Энэ нүүрсээ цахилгаан болговол өмнөд нутгийн цахилгааны хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй урд хөршид экспортлох бололцоо бий аж.  Жишээлбэл Оюу толгой цахилгаанаа хятадаас авч байгаа. Хэрэв Таван толгойд цахилгаан станцтай болвол  хэдэн арван мянган ам.доллар урд хөршид алдахгүй гэсэн наад захын тооцоо бий.
 Тэгэхээр уул уурхайн дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийх нь богино хугацаанд зардлаа нөхөх, ашигтай байх нь тодорхой. Иймд монголчууд бид авсан мөнгөө юунд яаж зарцуулж, хэрхэн эргүүлж төлөх  нь хөрөнгө оруулагчид болон, мөнгө зээлүүлсэн хүмүүсийн анхаарлын төвд байх нь зүйн хэрэг. Ер нь, манай улсад жилд орж буй нийт хөрөнгө оруулалтын дийлэнх нь уул уурхайн салбарыг чиглэдэг билээ.

Валютын нөөц өсгөж авралын гэрэл асаав

Өнгөрсөн оны төгсгөлд гадаадын хөрөнгө оруулалт, экспорт буурч улсын түрийвчинд орж ирэх мөнгө татарч эхэлсэн.  Энэ нь шатахуун, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн, ам.долларын ханш чангарсан, арилжааны банкуудын зээл олголт хумигдсан зэрэг нөхцөл байдал үүсч мэдрэгдсэн билээ. Яг энэ эгзэгтэй үед 1.5 тэрбум ам.долларын Чингис бондыг олон улсын хөрөнгийн захад арилжаалав. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард манай улс  2.6 тэрбум гаруй ам.долларын нөөцтэй байсан. Ийнхүү Чингис бондын мөнгө үүн дээр нэмэгдэж Монгол Улс нийтдээ   4.1 тэрбум гаруй ам.доллартай болсон юм.  Товчхондоо уг бонд манай улсын гадаад валютын нөөцийг оны сүүлчийн сард 54 хувиар өсгөжээ. Өөрөөр хэлбэл гадаад валютын тасарч байсан урсгалыг нөхөж эдийн засгийг тогтворжуулах үүрэг гүйцэтгэсэн билээ. Тэгэхээр валютын нөөц өснө гэдэг ам.долларын ханшийг тогтоох, хямралын дөлийг дарах унтраагуураа улам чанаржуулна гэсэн үг.

Сангийн сайд Ч.Улаан “Чингис бондыг арванхоёрдугаар сард гаргасан нь цаанаа учиртай. Шинэчлэлийн Засгийн газрыг ажлаа хүлээж авах үед эдийн засаг сульдаж, бараа бүтээгдэхүүний үнэ ханш, инфляц өсөх хандлагатай, хямралд ороход бэлэн болчихсон байсан.  Тиймээс Чингис бондоос босгосон мөнгөөр санхүү эдийн засгийн тодорхой алхмууд хийж айсуй хямралаас сэргийлж инфляци, үнийн хөөрөгдлийг зогсоож чадсан юм” хэмээн хэлж байсан удаатай. Үүнээс гадна бондын хүү өрийн дарамт үүсгэхгүй байгаа. Гэрээ хийхдээ жилд 70 сая ам.долларын хүү төлнө. Энэ нь хагас жилд 35 сая ам.долларын хүү төлнө гэдгээ сайтар тооцсон гэдгийг ч дуулгаж байв.   Эндээс Чингис бондын гарсан даруйдаа манай улсын эдийн засагт  яаж эергээр нөлөөлсөн нь тодорхой юм. Харин цаашид ямар үр ашиг авчрах нь цаг хугацааны асуудал болж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан