Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Ганхуяг: Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдвал хөрөнгө оруулагчдад таатай орчин үүснэ

Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнөөдөр УИХ-ын даргад “Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай” хуулийн төсөл “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай” хуулийн төсөл, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн барьсан юм. Түүнээс дээрх хуулийн төслүүдийн талаар цөөн асуултад хариулт авлаа.

-Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг өргөн барилаа. Тэгэхээр энэ хуулийн онцлог нь юу байна вэ?
-Түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглах бүх эрх мэдэл нь орон нутагт шилжиж байгаа юм. Ингэснээр хайгуул болон ашиглалтын бүх тусгай зөвшөөрлийг орон нутаг өөрөө хариуцна гэсэн үг. Ингэснээр орон нутагт байгаа бүтээн байгуулалтын ажил хэрэгжихэд илүү дөхөмж болно.

-Ерөнхийлөгчийн санаачилсан Ашигт малтмалын тухай хуульд Түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглах тухай хууль багтсан байсан. Тэгэхээр энэ хуулийн төслийг хэрхэх вэ?
-Түгээмэл тархацтай ордын тухайд гэвэл орон нутаг нь мэдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол зөвшөөрөл нь хотод Ашигт малтмалын газарт өгдөг нь иргэдийг чирэгдүүлж байгаа юм. Орон нутаг нь өөрөө ч ашиглаг, өөрсдөө нөхөн сэргээг гэдэг үзэл барамтлалаар явж байгаа юм. Ерөнхийлөгчийн Тамгын газар дээр санаачлагдсан хуулийн төслийг цааш нь явуулахгүйгээр тохирсон. Тэр хууль бол нэлээд хөгжилтэй орны түвшинд яригдах, манай улсын хувьд ирээдүйд яригдахаар хуулийн төсөл юм билээ. Тиймээс хоёр тал ярилцаад үүнийг зогсооё гэж тохирсон. Гэхдээ тулгамдсан зүйлүүдээ ашигт малтмалын тухай хуульдаа тусгах байх.

-Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсанаар хэрэгжихгүй удсан дээрх хууль хүчин төгөлдөр хэрэгжинэ гэж ойлгож болох уу?
-Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийн тулд дагаж мөрдөх журмын тухай хуулийг санаачилж байгаа юм. Урт нэртэй хуульд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Энэ хуулийг хэрэгжүүлэхээр хоёр засгийн газрын тогтоол гарсан байдаг. Тухайлбал 174, 194 дүгээр тогтоол гарсан. Олгогдсон тусгай зөвшөөрлүүдийн хил хязгаарыг одоо болтол тогтоож болохгүй, давхардсан зүйл бий. Тиймээс энэ хуулийг яаж хэрэгжүүлэх вэ гэхээр хууль гарахаас өмнө олгогдсон тусгай зөвшөөрлүүд, хууль гарснаас хойш тусгай зөвшөөрөл гэж хоёр ангилж байгаа юм. Хууль гарахаас өмнө гарсан тусгай зөвшөөрлийн хувьд ямар нэгэн асуудалгүй. Гэхдээ өмнө олгосон тусгай зөвшөөрлүүдийг ашиглалтын, хайгуулын гэж тус тусад нь авч үзэх ёстой. Ашиглалтын тусгай зөвшөөрлүүдэд нь тодорхой хэмжээний хяналттай байна. Хууль гарснаас хойш олгогдсон тусгай зөвшөөрлүүдийг цуцлахаар тусгасан.
Энэ хууль батлагдсанаар нэгдүгээрт, Урт нэртэй хууль хэрэгжинэ, хоёрдугаарт, байгаль орчныг хохироосон, зүйтгэсэн байдал шийдэгдэнэ, гуравдугаарт, улсын төсвөөс олгох нөхөн төлбөрийн асуудал хөнгөрнө гэж ойлгож болно.

-Тэгэхээр энэ хуулийг баталснаар хууль эрхзүйн орчин таагүй байна гэдэг шалтгаанаар зугтсан гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдэнэ гэж ойлгож болох уу?
-Бүх зүйл ойлгомжтой болно. Дэлхийн зах зээлд манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрс, төмрийн хүдэр, зэсийн үнэ бууралттай байгаа. Үнэ буурсан тохиолдолд хөрөнгө оруулалт багасдаг. Урт нэртэй хуулийн хүрээнд гэвэл сонгуулийн өмнө гарсан Засгийн газрын 174 дүгээр тогтоолоор 1336 тусгай зөвшөөрөл, 800 орчим аж ахуйн нэгж хамрагдаж байгаа юм. 1336 тусгай зөвшөөрөл нь өнөөдөр хүчинтэй мөрдөгдөж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрлийн 34 хувь, хайгуулын тусгай зөвшөөрлийн 44 хувь нь юм. Тэгэхээр бүх зүйлийн эргэлзээ тайлагдах байх, үүнийг дагаад хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэх болов уу гэж ойлгож байгаа.

-Таны өргөн барьсан нэг хуулийн төсөл нь алтны хууль бус наймааг таслан зогсоож, монголын газар шорооноос олсон алтыг монголдоо тогтоох зорилготой байх. Энэ тухай тодруулахгүй юу?
-Хэвлэлээр байсгээд л хилээр алт гарах гэлээ гэсэн мэдээлэл гардаг. Тэгвэл Алтны худалдааг ил тод байлгах хууль батлагдсанаар дээрх зөрчил үгүй болно. Олборлосон бүх алтыг Монголбанкинд тушаана. Монголбанкинд тушааснаар татварын хөнгөлөлт эдлүүлнэ гэж байгаа юм.
2005 онд Монгол Улс 24 тонн алт олборлож байсан бол 2012 онд 5.9 кг алт олборлож, олборлосон алтны хэмжээ дөрөв дахин буурсан байна. Энэ хугацаанд алтны үнэ 300-1800 ам.доллар болтлоо нэмэгдсэн. Гэтэл улсад мөнгө орж ирэхгүй байгаа юм. Тэгэхээр энэ хууль батлагдсанаар Оюутолгой компанийг оруулаад Монгол Улс ойролжоогоор жилдээ 38 тонн алт олборлож, экспортын орлого 1.7 тэрбум ам.доллараар нэмэгдэж байгаа юм.

-Бас нэг зүйлийг асуухад, нефть импортлогч компаниуд салбарын яаманд хандаж үнээ нэмэгдүүлэх хүсэлт тавьсан гэсэн. Ер нь, цаашлаад шатахууны үнэ нэмэгдэх үү?
-Санхүүгийн үүсмэл хэрэгсэл, форват хэлэлцээрийг хийсэн. Хоёр сарын хугацаанд валютын ханшийн өөрчлөлт байхгүй гэж тохирсон. Өнөөдрөөс хойш хоёр сарын хугацаанд валютын ханшийг харилцан ашигтай зохицуулах форват хэлэлцээрийг хийсэн болохоор шатахууны үнэ өсөхгүй.

Г.Даваа

0 Сэтгэгдэл
forwat heltsel gej baidaggui yum.
Хамгийн их уншсан