Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын эдийн засаг хямраагүй

Монгол Улсын эдийн засаг өдөр ирэх тусам муудаж, хямарч байна гэх мэдээлэл сүүлийн үед парламентын сөрөг хүчнийхний амнаас гарах болсон. Харин эрх баригчид сандрах хэрэггүй, эдийн засаг сөхрөөгүй, бид шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч байгаа гэх мэдээллийг өгч улс төрийн хоёр том хүчин бие биенийхээ ярьсныг үгүйсгэж буй.
Үнэндээ сөрөг хүчнийхэн шиг ам.доллар өслөө гээд “салаавч” гаргахаар валютын ханш буурч, ард иргэдийн амьдрал сайжирчихна гэж байхгүй. Н.Алтанхуяг Ерөнхий сайд шиг түр зуурын үнийн хөөрөгдөл тайван бай гэж хэлснийх нь зоргоор бас зүгээр байгаад байж болохгүй. Валютын ханшийн хөөрөгдөл тодорхой хэмжээгээр ард иргэдэд нөлөөлж байгаа гэдэг нь Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар баталгаажиж байгаа юм. Тухайлбал, Монгол банкнаас инфляцийг 8.7 хувьтай байгаа хэмээн мэдэгдэж байгаа бол Улаанбаатар хотод инфляцийн түвшин түүнээс 2.6 хувиар илүү байгаа нь нийслэлийн иргэдийн халаасд илүү халгаатай байгаа нь мэдээж. Ийн инфляц өсгөх болсон шалтгаан нь боловсролын салбар, тэр дундаа сургуулийн сургалтын төлбөрийн нэмэгдэл, орон сууцны үнийн өсөлт, цахилгааны үнэ нөлөөлж. Үүнээс улбаалаад гуанзны хоолны үнэ хүртэл нэмэгдсэн нь Улаанбаатарын инфляц өсөх шалтгаан болсон гэдгийг Үндэсний статистикийн хорооныхон мэдээллэж байна. Энэ нь мэдээж доллартай харьцах монгол төгрөг, евротой харьцах төгрөг, юаньтай харьцах төгрөгийн ханш суларч байгаатай шууд холбоотойг тэд онцолж байна. Сүүлийн гурван сарын дотор л гэхэд монгол төгрөгийн ханш 6-8 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа гэнэ.
Дэлхийн улс гүрнүүд эхний хагас жилд улс орныхоо эдийн засгийг тодорхой хэмжээнд өсгөх зорилт тавьдаг. Тухайлбал, АНУ 2.5, ОХУ 1.4, Европ 0.4, Хятад 7.6 хувийн өсөлтийг эдийн засагтаа бий болгох зорилт тавьж зарим улс зорилтдоо хүрэх чадалгүй, алдаглатай байгаа аж. Харин манай улс 11.7 хувийн өсөлт гаргах зорилт тавьж. Энэ зорилтод хүрэх боломж байгааг Статистикийн хорооныхон хэлж байна. Эдийн засгийн өсөлтөд голлон нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийн нэгдүгээр хөдөө аж ахуйн салбар байгаа аж. Өнгөрсөн онд 46 сая мал тоолуулсан бол энэ жил түүнээс таван саяар илүүг тоолуулах боломж бүрдэж байгаа нь эдийн засгийн өсөлтийн тодорхой хувийг нөхөж байгаа аж. Мөн энэ жил 460 мянган тонн үр тариа хураан авах нь эдийн засгийн өсөлтөд голлон нөлөөлжээ.
Мөн эдийн засгийн өсөлтөд нөлөөлж байгаа хүчин зүйлд аж үйлдвэрийн салбар, барилга, худалдааны салбарын өсөлт тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүлж, өсөлтийг ахиулад хүчин зүйл болж.
Гэхдээ сайны хажуугаар саар гэдгийн үлгэрээр гадаад худалдааны салбар алдагдалтай ажиллаж байгаа нь эдийн засгийг тодорхой хэмжээгээр доош зулгааж байгаа гэнэ. Гэхдээ энэ нь Монгол Улсын эдийн засгийг хямралд орсон гэж хэлэхээргүй үр дүн аж. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засгийн байдал муу амтай хүмүүсийн яриад байгаа шиг хямраагүй нь статистикийн мэдээллээс харагдаж байгаа юм.  

Б.Галхүү

0 Сэтгэгдэл
Тоо мэдээллүүд нь худлаа байна ш дээ. Сайн сонсож бичихгүй дээ энэ сэтгүүлч. ҮСХ-ны мэдээлэлтэйгээ зөрөөд байна ш дээ.
Хамгийн их уншсан