Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Насанбаяр: бага ангийнхныг дүнгээр бус үгээр урамшуулна


Хүүхэд бүрийг хөгжүүлэхийн тулд БШУЯ-наас онцгойлон анхаарч, олон ажил хийж буй. Үүний нэг нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын үнэлгээний журам. Өөрөөр хэлбэл, энэ хичээлийн жилээс хэрэгжих дүнгийн систем. Хүүхдийн ой ухаан цагаан цаас шиг байдаг гэдэг. Хүмүүс тэр цаасан дээр хорвоо дэлхийг ямар өнгөөр зурахаас тухайн хүүхэд ирээдүйд хэн байх нь шалтгаална. Тэгвэл үүний адилаар хичээл сурлагадаа муу хүүхдүүд эхлээд сайн болох гэж хичээдэг ч улмаар муу дүнтэйгээ эвлэрдэг. Тийм ч учраас олон улсын боловсролын стандартын дагуу болон эрдэмтдийн судалгаанд үндэслэн энэ хичээлийн жилээс гурав хүртэлх ангийнхныг үгэн үнэлгээгээр, анги дэвших тусам нарийн тодорхой дүгнэхээр болсон аж. Энэ талаар БШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяраас тодрууллаа.

-Сурагчдын үнэлгээний журамд өөрчлөлт орсон гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Шинэчилсэн үнэлгээний журмыг энэ хичээлийн жилээс мөрдөж байна. Өмнөх үнэлгээний журам нь сурагчдын мэдлэгийг шалгадаг байсан бол шинэчлэгдсэн нь сурлагын төвшин, ур чадварыг нь дүгнэдэг болсноороо онцлогтой. Өөрөөр хэлбэл, ЕБС-ийн сурагчдын хувьд хичээлээ зөвхөн улирлын эцсийн шалгалтад зориулж хийх биш өөрийнхөө боловсролын төлөө хийдэг болох юм. Учир нь, эцэг эхчүүд хүүхдийнхээ ур чадвар, сурлагын төвшинд анхаарах бус дүнгийн нь харж дүгнэдэг байсан. Тиймээс дүнгийн хойноос хөөцөлдсөн ийм байдлыг арилгахын тулд шинэ журам баталсан. Эл журам хэрэгжсэнээр сурагчид тухайн өдрийн нөхцөл байдлаасаа шалтгаалан шалгалтаа муу үнэлгээтэй өгснөөр нь сурлагын төвшинг нь тодорхойлж болохгүй болж байгаа юм.  

-Өмнө нь, хувиар дүгнэдэг байсан. Ши­нэч­лэгдсэн үнэл­гээгээр сурагчдын ур чадварыг хэрхэн дүгнэнэ гэсэн үг вэ?
-Шинэчлэгдсэн жур­маар I-III ангийн сурагчдын хувьд багш нь дүнгийн хуудсан дээр тухайн хүүхдийн сурлагын чадвар болоод хүмүүжлийн талаар үгэн үнэлгээ бичнэ. Нэг ёсондоо, чадвар тус бүртээ өөр, өөрийн гэсэн тусгай үнэлгээтэй байгаа. Дээд түвшинд бол “маш сайн”, “хангалттай”, “сайжирч байгаа”, “анхаарах шаардлагатай” гэсэн үнэлгээг өгөх юм. Харин IV-V ангийн сурагчдын сурлагын үнэлгээг хувиар тооцож тавина. Өмнө нь, 60-аас доош хувь бол шууд “F” байсан. Тэгвэл энэ удаа 0-25 хувьтай хүүхдийг “онцгой анхаарах шаард­лагатай”, 25-39 хувьтайг “дэмжлэг хэрэгтэй”, 40-55 хувьтайг “дунджаас доогуур”, 55-69 хувийг “хангалттай”, “сайн”, “онц” гэсэн үнэлгээгээр үнэлнэ. V-IX ангийн сурагчдыг үсгэн үнэлгээ болон хувиар тооцож, ахлах ангийн сурагчдын үнэлгээг -A, +A гэх зэргээр дүгнэх юм. Удахгүй ахлах ангийн үнэлгээг кредитийн үнэлгээнд шилжүүлнэ. Анги өгсөх тусам дүн тодорхой байх ёстой. 10 жилийн турш сурчихаад тодорхойгүй “A” л гэсэн үнэлгээтэй төгсдөг. Тэгвэл чанартай “А” мөн биш эсэхийг нь нарийн тооцдог болно. Үүнээс гадна улирлын эцсийн дүнг 60 хувийг нь хичээлийн явцад, 10 хувийг ирцээр, 30 хувийг улирлын эцсийн шалгалтаар авдаг болно. Тиймээс үнэлгээний шинэ журам хэрэгжсэнээр бага ангийн сурагчдыг дэмжих, дунд болон ахлах ангийнхны сурлагын чанарыг бодитоор үнэлэх боломжтой. Ингэснээр эргээд багшийн ажлыг бодитоор дүгнэх боломж ч бий болно. Сурагчийн амжилт улирал өгсөх тусам нэмэгдвэл багш ажлаа сайн хийж байна гэсэн үг. Түүнчлэн улсын шалгалтын журамд өөрчлөлт орохоор болсон.

-Улсын шалгалт гэхээр л хүүхдүүдэд дарамт уч­руул­даг шүү дээ. Энэ нь, шалгалтын дүн гэрчилгээнд тавигддаг болохоор тэр байх?
-Өмнө нь, ЕБС-ийн сурагч­дын улсын шалгалтыг сургуулийн захиргаа эсвэл тухайн аймгийн Боловсрол, соёлын газраас авдаг байсан. Тэгвэл одоо манай яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар авдаг болно. Тодруулбал, тав болон есдүгээр ангийн улсын шалгалтыг түүврийн аргаар авна. Энэ нь, бүх хүүхэд улсын шалгалт өгөх биш түүврийн аргаар сонгогдсон аймаг, сумын сурагчид улсын шалгалт өгнө гэсэн үг. Боловсролын тухай хуульд газар нутаг, хороо дүүрэг, баг ялгахгүй хүүхэд бүрт боловсрол эзэм­шүүлнэ гэж заасан. Хуулийн эл заалтыг хэрэг­жүүлэхийн тулд хаана, ямар түвшинд хүүхдүүд суралцаж байна гэдгийг тогтоох юм. Ингэснээр сурагч­дын сурлагыг илүү бодитой, шударга үнэлэх боломж бүрдэж байгаа. Говь-Алтайн Тонхил, Хөвсгөлийн Цагаан өвөр, Увсын Хяргас сумын хүүхдүүд адилхан “А” авсан ч, +А, -А дүнгээр ял­гас­наар чанарыг нь гаргах юм. Улсын хэм­жээнд боловсролын чанарыг тодорхойлох шал­галтын дүнг сурагчдын хувийн хэрэгт бичихгүй. 

-Энэ өөрчлөлт өм­нөх журмаас хэр үр өгөөжөө өгөх эсэхийг урьдчилан тооцоолсон биз?
-Эцэг, эхчүүд үнэлгээг дүн гэж ойлгодог. Гэтэл дүн нь хүүхдийн тухайн үеийн нөхцөл байдлыг илэр­хийлэхээс биш сурлагын чанарыг харуулдаггүй. Харин шинэчилсэн үнэлгээний журмын давуу тал нь сурагчид эцэг, эхээ дүнгээр хуурдаг, дүнгийн төлөө явдаг, багш хүүхдийг тухайн өдрийн шалгалтаар биш бүтэн улирлын хичээлийн явцаар дүгнэдэг болох зэрэг олон давуу талтай.

-Эл үнэлгээ хүүхэд бү­рийн чадварыг хөг­жүүлэхэд чиглэсэн гэж ойлгож байна. Хүүхдийнхээ үнэлгээг ха­раад эцэг, эх, багш нь ч ан­хаарах юм шиг санагдлаа. Тухайлбал, “дэмжлэг хэрэг­тэй” гэж дүгнэсэн байхад эцэг эх нь зүгээр хараад суухгүй байх?
-Тэгэлгүй яахав. 12 жилийн турш “А” дүн авч байсан мөртлөө ЭЕШ дээр бүдрэх тохиолдол их гардаг. Шинээр үнэлгээ гаргаснаар эцэг, эхчүүд улирал бүр хүүхэддээ анхаарал тавьж, туслах боломж бий болгож байна. Энэ нь, дүнгийн баталгааг сайжруулж буй хэрэг л дээ.

-Зуны амралтыг ашиг­лан багш нарт хүүхэд бүртэй харилцах сургалтын арга зааж, мэргэшүүлсэн. Дүнгийн шинэ үнэлгээ сургалтын нэг хэсэг байв уу?
-Хүүхэд бүрийг хөгжүүлэх аргазүй технологийн сургалтыг 22 мянга гаруй багшийн дунд явуулсан. Мөн дүгнэх аргазүй болон бусад журам шийдвэрийг 21 аймаг, есөн дүүргийн боловсролын салбарт хүргүүлсэн. Иймд 21 аймагт хүргүүлсэн шийдвэр, журмыг хэрхэн биелүүлэх талаар дахин сургалт эхлүүлээд байна.

-Шинэ зүйл нэвтрүүлэхээр гоочлох хүн олон. Энэ дүгнэх системийг судалгааны дагуу гаргасан ч гадаадын туршлагаас тусгасан зүйл бий юү?
-Дэлхий дахинд боловсролын нэг л систем бий. Хятадын, Монголын боловсрол гэж тусдаа зүйл байхгүй. Чухамдаа, тэр системийг өөрийн орондоо хэрхэн түгээх нь л чухал. Кембрижийн хөтөлбөр гэж хэзээ ч байхгүй. Бид харин Кембрижийн их сургуулиас зөвлөгөө авч өөрийн Үндэсний хөтөлбөрөө боловсруулахаар ажиллаж байгаа. Өдгөө дэлхий нийтийн чиг хандлага дунд боловсролын үнэлгээг хэрхэн сайжруулах талаар гаргасан судалгаа, туршлагад үндэслэн энэ удаагийн үнэлгээний журмыг боловсруулсан юм.

0 Сэтгэгдэл
Teneg ee zail
Muni shashniig mongold delgereuulsen Hun dee ene nasanbayar. Erdenet d oyutan suragchdiin tarhiig ih ugaasan Hun shuu.
erunhii bolovsroliin surguulid orj baigaa hicheeluudiig 1 burchlen nyagtlan shalgaachee. 1 ih ach holbogdolgui hicheeluud ih bn. ter hicheeluudee niiluuleed 1 hicheel bolgood uzeh hicheelee chanartai bolgoj tsuuruulehgui bol huuhduud olon hicheeld daragdaad bagaasaa surah sonirholgui bolj bn.
мууний шашныг сурталчлагч энэ авгай одоо хэзээ боловсрол мэддэг болчоов Юутууб дээрээс энхийн их наадам монголиа гээд бичлэгий нь айгаад узнэ биз Гадны гар хел
Хамгийн их уншсан