“Монгол нүүрс ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал Т.Нарантай хөрөнгө оруулалтын талаар ярилцлаа.
-Нүүрсний үнэ цаашид ямар байх хандлага ажиглагдаж байна вэ?
-Нүүрсний үнийн уналт зогссон ч урьдын адил манай улсад таатай нөхцөл бүрдэхгүй нь. Яагаад гэвэл Хятадын зах зээлд дотоодынх нь компаниудаас өгсүүлээд нүүрс нийлүүлэгчид олширлоо. Өнөөдөр Орос, АНУ, Канад нүүрс нийлүүлэх болсон. Австрали ч бас нүүрснийхээ нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн.
-Нүүрсний экспортод дэмжлэг үзүүлэх хүсэлт төр засагт тавьсан гэж байсан. Энэ асуудал юу болсон бэ?
-Уул уурхайн яамныхантай хэд хэдэн удаа уулзсан, албан бичиг ч явуулсан. Гэвч ямар нэг шийдвэр гарч, үр дүнд хүрсэн зүйл алга. Бид хоёр хоногийн өмнө Уул уурхайн яам, Сангийн яам, Засгийн газарт мэдээлэл, тооцоо судалгаа хийгээд гаргаж өгсөн. Ямар нэг шийд авч чадаагүй цаг алдаад л сууж байна. Одоогоор “МАК”, “Энержи ресурс”, “Эрдэнэс Таван толгой”, орон нутгийн Таван толгой алдаг оног ажиллаж байгаа. Ер нь, нүүрсний экспорт үлгэн салган байдалтай байна. Экспорт зогсонги байдалд орчихоор ам.доллар орж ирэхгүй. Үүнийг ашиглаад гаднаас ченжүүд орж ирж ам.доллар зарж үнийг нь өсгөөд байна шүү дээ.
-Нүүрсээ боловсруулж зарвал илүү өндөр үнэ хүрч ашиг олно гэж үзэж буй. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Боловсруулах л юм бол баахан мөнгө олно гэсэн төсөөллөө болих хэрэгтэй.
Эхний ээлжинд боловсруулах үйлдвэрүүдээ барих хөрөнгө хэрэгтэй. Ийм үйлдвэрт оруулсан хөрөнгө оруулалтаа дор хаяж 10 жилийн дараа нөхнө. Ялангуяа шингэн түлш, хийн үйлдвэр 20-30 жилийн дараа зардлаа нөхөж ашгаа өгдөг. Тэр хүртэл хөрөнгө оруулалт хийх хүн олох хэрэгтэй биз дээ. Нүүрсээ угааж баяжуулах нь анхан шатны боловсруулалт. Нүүрсээ угаахаар завсрын бүтээгдэхүүн гардаг. Өөрөөр хэлбэл чанар муутай нь үлдэнэ. Үүнийг уурын зуух, цахилгаан станцад түлнэ. Гэтэл дотоодын хэрэглээ байхгүй. Экспортлох гэхээр үнэ хүрэхгүй. Тэгэхээр ийм ийм зүйлийг нь сайн бодож тооцох ёстой.
-Хөрөнгө оруулагчид ямар байр суурьтай байгаа бол. Оруулсан хөрөнгөө нэхэмжилсэн компани байна уу?
-Манайд орж ирсэн бүх хөрөнгө оруулалт царцчихлаа. Хайгуул хийгээд, төслийн ажил эхлүүлээд тодорхой хэмээний мөнгө зарж газар шорооны ажил хийчихсэн байдаг. Үүнийг буцааж авна гэж байхгүй шүү дээ. Тэгээд оруулсан хөрөнгөө сахиад л сууж байна. Монголын хууль эрх зүйн орчин яаж өөрчлөгдөх нь үү, УИХ, Засгийн газар ямар шийдвэр гаргах нь уу гэдгийг л хүлээж байгаа юм. Хэрэв бидэнд ашиггүй шийдвэр гаргавал оруулсан хөрөнгөө яаж буцааж авах вэ, аль шүүхэд хандах уу гэдгээ бодож гадаад дотоодын хуулийн фирм хөлслөх болсон. Жишээлбэл, Канадын “Хан ресурс” компани манай Засгийн газрыг олон улсын шүүхэд өгсөн шүү дээ.
-Хууль эрх зүйн орчноо ээлжит бус чуулганаар өөрчилнө гэж байгаа. Таатай нөхцөл байдал бүрдлээ гэхэд нэмж хэдий хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх тооцоо байгаа бол?
-Манайхан хөрөнгө оруулагчдыг их хашраалаа. Дэлхий нийтэд Монголын нэр хүнд уналаа. Маш их эрсдэлтэй орон. Улс төр нь тогтворгүй. Эрдэс баялгийн салбарт үндэсэрхэг үзэл газар авсан, бизнесийн соёлгүй, гэрээ хэлцэлээ баримталдаггүй, олон улсын хууль эрх зүйг тоодоггүй, мэддэггүй гэсэн нэр хаягтай болсон. Тэгэхээр урьдын адил хөрөнгө оруулалт орж ирэхгүй л болов уу. Нэгэнт хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс түүнийгээ үргэлжлүүлээд явах байх. Ямар ч байсан Оюу толгой шиг томоохон хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Жижиг хөрөнгө оруулалт орж ирнэ. Гэхдээ би нэг их онцгой сайжирсан хууль гарна гэж би бодохгүй байна. Тухайлбал, УИХ-ын даргын ярьж байгаагаар таван сая төгрөгийн хөрөнгө оруулалттай талхны цех байсан ч хуучнаар тогтвортой байдлын гэрээ шиг юм байгуулна гэж байна лээ. Бидэнд гашуун сургамж бий. Гадаадын хөрөнгө оруулалтын асар их хөнгөлөлттэй хууль баталсан.
Гэтэл хятадын хоцрогдсон технологитой арьс шир, төмрийн гар үйлдвэрүүд орж ирсэн. Тэгээд байгаль орчин гол ус бохирдуулаад л сүйрсэн шүү дээ. Түүнийгээ л давтах гээд байна уу даа гэж би бодож байна. Хөгжилтэй орны зах зээлээс шахагдаад гарсан технологийн хогийг оруулж ирэх шаардлага бидэнд байхгүй.
-Хуулийн төсөлд мэргэжлийн байгууллагуудаас санал авсан уу?
-Бид саналаа өгсөн. Бидний саналыг авах нэг хэрэг. Тусгах өөр асуудал шүү дээ. Санал авч л байдаг. Туссан зүйл байдаггүй юм. Харин ч бараг эсэргээр нь хийчихдэг. Эд нар ингэж бодож байгаа бол эсрэгээр нь заалт оруулъя гэж санал авдаг юм болов уу гэж харддаг даа.