Улаанбаатар төмөр замын Зорчигч тээврийн албаны дарга С.Бат-Очиртай ярилцлаа.
-Өмнөх жилүүдэд хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөхөн Эрээнийг чиглэсэн зорчигчдын урсгал нэмэгдэж, тасалбарын “шаг” гаардаг уламжлалтай. Харин энэ намар харьцангуй нам жим өнгөрлөө.
-Энэ жилийн хувьд зорчигч урсгал нэмэгдсэн үү гэхээс багасаагүй ээ. Бид наймдугаар сарын дунд үеэс эхлэн долоо хоногт гурван удаа нэмэгдэл галт тэрэг аялуулсан маань тасалбарын хомсдол үүсээгүйд нөлөөлсөн гэж үзэж байгаа. Ер нь, зорчигчийн урсгал нэмэгдсэн үед тасалбарын зохиомол хомсдол бий болгох зорилгоор хүний бичиг баримт ашиглан, тасалбар олноор нь авч, дамлан худалддаж, ашиг олдог хэсэг бүлэг хүмүүс бий болсон байсан. Бид төмөр зам дахь Цагдаагийн хэлтэстэй хамтран тодорхой арга хэмжээ авч, дээр нь нэмэгдэл галт тэрэг аялуулах замаар энэхүү зохисгүй үзэгдлийг таслан зогсоож чадлаа. Цаашид шинэ жил, цагаан сараар ч ийм арга хэмжээг үргэлжлүүлнэ. Бас нийслэлд бизнес эрхлэгчид олноор төвлөрсөн Нарантуул захын дэргэд тасалбар худалдаалах цэг ажиллуулсан нь зорчигчдын сэтгэлд нийцэж байгааг хэлмээр байна. Ийм цэгийг хөдөөд тухайлбал, өвөр Сайншандад ажиллуулж байгаа. Цаашид улам нэмэгдүүлэх болно.
-Дээрх галт тэргээ заавал баярын үеэр гэхгүй байнгын графикт оруулж болохгүй уу?
-Зорчигч урсгал харьцангуй хэвийн байх үед ийм галт тэрэг аялуулбал хүн суухгүй хоосон явах хэрэг гарна. Тэгэхээр зорчигч тээврийн алдагдал улам нэмэгдэнэ гэсэн үг.
-Суудлын галт тэрэг алдагдалтай явдаг гэж үү? Вокзалаар дүүрэн л хүн бужигнаж байдаг шүү дээ. Ялангуяа, Улаанбаатар-Замын-Үүдийн суудал явах, ирэх үеэр бараг л хөл гишгэх газаргүй шахам болсон харагддаг.
-Тийм ээ. Галт тэргээр явдаг хүний тоо сүүлийн үед илэрхий нэмэгдэж байгаа ч тасалбарын үнэ дэндүү доогуур тогтоогдсноос алдагдал хүлээдэг юм. Би хэдэн тоо хэлье л дээ. 2010 онд 3 сая 516 мянган хүн, 2011 онд 3 сая 832 мянган хүн, 2012 онд 4 сая хүн зорчсон байдаг. Гэтэл зорчигч тээврийн тариф хуучнаараа байгаа тул хүлээх алдагдал нэмэгдсэнээр байна. Дээр нь олон улсын галт тэргээр зорчих тариф тухайн орны нутгаар дайрч өнгөрөх зайнаас хамаарч швецарь франкаар тогтоогдсон байдаг. Хөрш төмөр замууд энэхүү тарифаа жил бүр өсгөж зарладаг. Харин, бид өөрчлөлт оруулдаггүй. Иймээс улс орнуудын хоорондын тооцооны болоод валютын ханшийн зөрүүнээс томоохон эрсдэл хүлээсээр ирлээ. Жишээлэхэд, Улаанбаатараас Москва зорчиход Оросын төмөр замын зарласан тариф 270шв.франк буюу 468000 төгрөг байдаг ч бид зорчигчдод 260050 төгрөгөөр буюу 44.4 хувийн хямд үнээр тасалбараа худалдаалж байна. Улаанбаатар-Бээжингийн хооронд ч үүнээс нэг их дээрдэхээргүй тарифтай байгаа.
-Тэгвэл ч үнэхээр алдагдалтай байдаг юм байна. Тасалбарын үнийг ядаж өртөгт нь хүртэл нэмэх талаар хөөцөлдөж болдоггүй юм уу?
-Өнгөрсөн жилүүдэд Засгийн газарт суудлын галт тэрэгний тасалбарын үнийг нэмэх талаар удаа дараа санал оруулсан ч хүлээж аваагүй ээ. Шалтгааныг нь ард иргэдийн бодит орлого доогуур байгаатай холбон тайлбарладаг юм. Дээр нь, гадаадын улс орнуудад зорчигч тээврийн тариф алдагдалтай байдаг тухай ч дурьддаг.
-Тийм гэж үү? Гадаадын төмөр замууд энэ алдагдлаа яаж нөхдөг юм бол?
-Төв болон орон нутгийн төсвөөс алдагдлыг нь нөхдөг юм билээ. Манайд ч гэсэн энэ аргыг хэрэглэж болох юм. Гэхдээ хэт доогуур байгаа тасалбарын үнийг тодорхой түвшинд хүртэл нэмэх хэрэгтэй л дээ. Төр засаг, нийслэлийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих үнийг хэд хэдэн удаа нэмлээ. Ойрын үед такси үйлчилгээний тарифыг нэмэх асуудал шуугиан тарьж байна. Би жишээ дурьдая л даа. Улаанбаатар-Зүүнхараагийн хооронд л гэхэд авто зам, төмөр замаар зорчих зай нэг их зөрөөгүй. Гэтэл төмөр замын тариф 3800 төгрөг, авто замын тариф 7000 төгрөг, Улаанбаатар-Бор-Өндөр хооронд төмөр замын тариф 6800 төгрөг, авто тээврийнх 15000 төгрөг байгаа юм. Тэгвэл агаарын тээвэртэй харьцуулж үзье. Улаанбаатар-Иркутск хооронд төмөр замаар 1114 км явж 79300 төгрөгөөр зорчино, харин агаарын замаар 546 км явж, 212900 төгрөгөөр зорчино. Улаанбаатар-Хөх хотын хооронд төмөр замаар 1560 км зам туулж, 120800 төгрөгөөр, агаарын замаар 1025 км туулж, 322900 төгрөгөөр зорчино. Эндээс харахад төмөр замаар дунджаар нэг км зайд зорчиход авто тээврээс 2.1 дахин, агаарын тээврээс 6.8 дахин хямд байна. Их зөрүүтэй байгаа биз.
-Тийм байна. Гэхдээ төмөр замаар зорчих хугацаа хэт удаан...
-Агаарын тээвэртэй зүйрлэх аргагүй л дээ. Харин авто тээвэртэй бол ойролцоо шүү. Хамгийн гол нь зорчигчдын аюулгүй байдал илүү баталгаатай гэдгийг бодолцох ёстой юм. Зорчигчид аюулгүй орчинд унтаж амран тухтай тааваараа яваад л нэг мэдэхэд хүрэх газартаа хүрчихсэн байдаг.
-Дархан, Эрдэнэт, Чойр гээд хатуу хучилттай авто замаар холбогдсон газруудын нийтийн тээврийн хэрэгсэл галт тэргээс илүү хурдан явж байгаа шүү дээ. Дээр нь, Чойр-Сайншанд-Замын-Үүдийн авто зам мөдхөн ашиглалтад орно?
-Тийм байсан. Харин, одоо зохих газрын шийдвэрээр хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслийн хурдыг 80 км/цагаар тогтоосон байна билээ. Тэгэхээр ойролцоо очиж байна гэсэн үг. Дээр нь, бид ойрын үед зорчигчийн галт тэрэгний хурдыг нэмэгдүүлэх цогцолбор арга хэмжээ авах гэж байгаа. Энэ хүрээнд зорчигчдын галт тэргэнд илүү өндөр хүчин чадалтай 2Загал серийн зүтгүүр залгаж аялуулна. Тэгэхээр суудлын галт тэргэний зэрэглэлээс хамаарч 12-14 цаг аялаад Замын-Үүдээс авто машинаар гарсан зорчигчидтой зэрэг шахам Улаанбаатарт орж ирнэ дээ.
-Сайхан хэрэг. Гэхдээ танай суудлын вагонууд гаднаасаа ч, дотроосоо ч хэт хуучирсан харагддаг?
-Та зөв харжээ. Зорчигч тээвэр алдагдалтай байгаа нь дорвитой хөрөнгө оруулалт хийхэд саад болж байгааг хэлмээр байна. Одоо манайд 25 ба түүнээс дээш жил ашиглагдаж, эдэлгээний хугацаа дууссан 195 зорчигчийн вагон байна шүү дээ. Эдгээр нь нийт вагон паркийн 57 хувийг эзэлж байгаа. Гэхдээ Монгол улс, ОХУ-ын Засгийн газар хооронд ярилцаж тохиролцсноор сүүлийн үеийн тоноглол, хийц загвар бүхий 15 вагон худалдаж авахаар төлөвлөж байна. Гэсэн ч, цаана нь ашиглалтын хугацаа дууссан 181 вагон үлдэнэ. Чухам ийм л учраас зорчигч тээврийн тарифыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Жил тутам зорчигч тээврээс хүлээдэг 25 гаруй тэрбум төгрөгийн алдагдлыг ачаа тээврийн ашгаасаа нөхөж ирлээ шүү дээ. Ингэж хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөн үйл ажиллагаа нь Улаанбаатар төмөр замын хөгжилд томоохон бэрхшээл учруулж байна.
-Энэ бэрхшээлийг арилгахын тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Юуны түрүүнд тарифын уян хатан бодлого баримталж, тасалбарын үнийг тодорхой түвшинд нэмэх учиртай. Дээр нь, зорчигчийн вагон паркийг шинэчлэх зайлшгүй шаардлага бий.
-Тариф нэмнэ гэж хэлэхэд амархан, харин үндэслэлийг нь тайлбарлах хэцүү гэвэл та санал нийлэх үү?
-Харин би бол эсрэгээрээ үндэслэлийг тайлбарлах амархан, нэмэх хэцүү гэж хэлмээр байна. 2008 оноос хойш төмөр замчдын цалин хөлс тодорхой хэмжээнд нэмэгдлээ. Мөн хугацаанд вагоны сэлбэг материалын үнэ дундажаар 142.3 хувиар, нүүрсний үнэ 3.4 дахин, шатахууны үнэ 159.3 хувиар, цахилгаан дулааны үнэ 166.9 хувиар тус тус өссөн байна. Бид тасалбарын үнээ нэмээгүй байтал гаргадаг зардал маань ингэж өссөнөөр зөвхөн 2012 онд нэг зорчигчийг 1км-т тээхийн тулд дунджаар 42.6 төгрөгийн зардал гаргаж, 26.1 төгрөгийн орлого олон, 16.5 төгрөгийн алдагдал хүлээсэн тооцоо гардаг юм. Одоо манай мөрдөж байгаа тарифаар зорчигч Замын-Үүд хүртэлх 710 км замд нийтийн вагонд 9600 төгрөг, унтлагын вагонд 16300 төгрөг, тасалгаат вагонд 27300 төгрөг төлөн аялаж байна. Энэ нь нэг км-т нийтийн вагоны зорчигч 13.5 төгрөг, унтлагын вагоны зорчигч 23 төгрөг, тасалгаат вагоны зорчигч 38.4 төгрөгөөр явж байна гэсэн үг. Гэтэл таксигаар зорчигч Улаанбаатарт нэг км-т 700-800 төгрөгөөр явж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарын төв вокзалаас Амгалан хүрэхэд л 9600 төгрөг төлнө гэсэн үг. Зөрүү их байгаа биз.
-Одоо та бүхэн ямар арга хэмжээ авах гэж байна вэ?
-Бид холбогдох тооцоо судалгааг Зам, тээврийн яамаар уламжлуулан, Засгийн газарт хүргүүлсэн. Мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт ч хандсан байгаа. Тэд асуудалд яаж хандахыг хэлэх эрт байна. Миний тариф нэмэх хэцүү гэж хэлдгийн учир энэ л дээ.