Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Samsung-ийн “Note 3” болон ухаалаг цаг ирэх сард худалдаанд гарна

Apple компани шинэ iPhone утсаа дэлхий нийтэд танилцуулахаас урьтаж Samsung компани хоёр ч шинэ бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд танилцууллаа. Ирэх долоо хоногт болох томоохон хэвлэлийн хурлаар iPhone 5C-г танилцуулахаар “Apple”-ийнхан хүлээж байх зуур “Samsung” Берлинд болж буй үзэсгэлэнгийн үеэр шинэ үеийн ухаалаг цаг болон Note 3 утсаа дэлгэн үзүүлсэн юм. “Galaxy Gear” нэртэй Samsung-ийн бүтээсэн ухаалаг цаг гаднах байдлаараа ердийн цагтай ижил мэт боловч смартфонтой хослуулан хэрэглэвэл утасны үүргийг ч гүйцэтгэх юм. 1,63 инч дэлгэцтэй, 800 мегагерцийн процессортой, 512 мегабайтын рамтай, 4 гегабайтын дотоод санамжтай энэхүү цаг 1,9 мегапиксель камертай, мөн дуудлага хийж ярихад зориулагдсан спиркертэй. Энэхүү цагийг гар утастайгаа холбосноор дуудлага, мессеж ирснийг мэдэгдэхийн зэрэгцээ мэдээж цагны өөрийнх нь үндсэн үүргээр гэхдээ илүү дэвшилттэй хэлбэрээр буюу гүйх, биеийн тамирын дасгал хийх зэрэгтээ ухаалаг туслагчийн үүргээр ашиглах боломжтой гэнэ.
Түүнчлэн тодорхой контакт руу өөрийн байршлыг ч илгээх боломжтой аж.  Эд бүгд бол “Galaxy Gear”-ийн давуу талууд. Харин одоо сөрөг талыг нь дурдвал энэ ухаалаг цагийг одоогоор зөвхөн Samsung-ийн шинээр гаргаж буй Galaxy Note 3 утастай л хоршуулан ашиглаж болох гэнэ. Өөрөөр хэлбэл үүнээс өөр утастай бол энэ цагийг бүрэн утгаар нь ашиглаж чадахгүй гэсэн үг. Гэхдээ Samsung цаашид Galaxy S4, S3, Note 2 зэрэг өөрийнхөө смартфонуудад ашиглаж болохуйцаар софтвэйрийг нь сайжруулна хэмээн мэдэгдсэн.
Үнийн хувьд Galaxy Gear 300 ам.доллар орчмоор худалдаанд гарах төлөвтэй гэж хэвлэлүүд мэдээлж байна. Энэ нь одоо зах зээлд байгаа Pebble мэтийн ижил төрлийн ухаалаг цагнаас хоёр дахин үнэтэй гээн үг. Samsung өмнө нь ч бас ухаалаг цаг гаргаж байсан ч хэтэрхий өндөр үнээсээ болоод төдий л олонд түгж чадаагүй юм. /450 евро/
Galaxy Gear-ийн өөр нэг дутагдал бол цэнэгээ тийм ч удаан барьж чаддаггүй аж. Ойролцоогоор бүтэн өдөр тасралтгүй ашигласны дараа цэнэг нь дуусдаг байна. Энэ бүхнийг үл харгалзан ухаалаг цагны эзэн болохыг хүсвэл энэ сарын 25-наас худалдаанд гарах эхлэх юм байна. Samsung ийнхүү яарч байгаа нь  Apple-ийн ижил төрлийн ухаалаг цаг худалдаанд гарахаас урьтах гэсэн хэрэг. 

Одоо харин “Galaxy Gear”-тэй хоршуулан хэрэглэж болох Galaxy Note 3-ийг танилцуулъя.  Note-ийн цувралууд үргэлж л том дэлгэцээрээ хэрэглэгчдийг гайхашруулсаар ирсэн. Тэгвэл Note 3 ч бас 5,7 инч дэлгэцээрээ хэрэглэгчдийг нэг хэсэгтээ алмайруулах бизээ.  Note-ийн өмнөх загвар 5,5 инч байсан юм. Энэ дашрамд дуулгахад Samsung компани том дэлгэцтэй смартфоноор ямар ч өрсөлдөгчийг урдаа гаргахгүйгээр шийдсэн бололтой. Тус компаниас 2015 он гэхэд 6,3 инч дэлгэцтэй Galaxy Mega-г гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.
Note 3-ийн үзүүлэлтүүдийн тухай 2,3 гегагерцийн процессор, гурван гегабайтын рам, 13 мегапиксель камертай байх аж. Мөн S-үзэгнийх нь үзүүлэлт нь ч сайжирсан байна. Хэрэв та энэ утсыг худалдан авахыг хүсч байвал ирэх аравдугаар сараас дэлхий даяар худалдаанд гарч эхлэх ажээ.


Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан