Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Ганхуяг: Улсын хэмжээнд нийт хадлангийнхаа 15 хувийг л бэлтгээд байна


Дэлгэр зуны улирал шувтарч хадлан тэжээлээ бэлтгэж, тариа ногоогоо хураах гээд өвлийн бэлтгэлээ яаралтай хангахыг анхааруулан цаг агаар ч сүүлийн хэдэн өдөр эрс хүйтэрлээ. ҮХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн П.Ганхуягаас малчид, тариаланчид өвлийн бэлтгэлээ хэрхэн хангаж байгааг лавлалаа.

-Энэ жил нийт хэдэн тонн хадлан бэлтгэхээр төлөвлөөд байгаа вэ. Өнөөдрийн байдлаар хэдэн хувьтай байна?
-Энэ жил улсын хэмжээнд 45 сая мал өвөлжүүлэхээр тооцсон. ҮХААЯ, орон нутагтай хамтраад сая 700 мянган тонн байгалийн хадлан, 75 мянган тонн ногоон тэжээл бэлтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт хадлангийнхаа 15,2 хувийг бэлтгээд байна.

-Өвөрхангай болон зарим аймагт хадлан бэлтгэлийн ажил тааруу байна гэж байсан?
-Тийм шүү. Есдүгээр сарын эхээр нийт бэлтгэх ёстой хадлангийнхаа дөнгөж 15 гаруй хувийг бэлтгээд байна гэдэг маш бага үзүүлэлт. Үүнийг өмнөх жилүүдэд бэлтгэж байсан хадлангийн хэмжээтэй харьцуулж үзвэл дэндүү бага. Цаг агаар, хур бороо хадлан бэлтгэлийн ажилд саад учруулж байгаатай холбоотой.

-Аймгуудын удирдла­гууд намар өвөлжилтийн бэлт­гэлээ сайн базаасан хэ­мээн мэдээлдэг. Гэтэл эхний цас унахад л бидэнд туслаач, өвөлжилт хүндэрлээ гээд яам, улсын нөөцийн санд ханддаг. Энэ жил дахиад л дээрх байдал давтагдах юм биш биз дээ. Танайхаас ирсэн мэдээг хэрхэн хянаж байгаа вэ?
-Засгийн газар орон нутагт аймгийн төсөв болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх даалгавар өгсөн. Өөрөөр хэлбэл, аймаг, сум бүр нийт байгаа малынхаа 30 хувийг хонин толгойд нэг килограмм өвсөөр тооцож нэг хоногийн нөөц заавал бүрдүүлэх даалгавар авсан. Энэ даалгавраар нийт 16 мянган тонн байгалийн хадланг аймаг, орон нутгийн Засаг даргын нөөц болгон  бэлтгэх юм. Даалгаврын биелэлт 20 гаруй хувьтай байгаа гэсэн мэдээ ирүүлсэн. Цаашдаа яам хадлан бэлтгэлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор болзолт уралдаан зарлаж, орон нутгаас долоо хоног бүр мэдээ авч байна. Аймгуудаас ирж байгаа мэдээгээр хадлан, өвөлжилтийн бэлтгэлээ 80-90 гаруй хувьтай хангасан гэдэг хэрнээ анхны цаснаар улсын нөөц, яам руу ханддаг энэ байдал зуршил болчихсон. Мэдээ, мэдээллийн үнэн бодит байдал алдагдсан. Хариуцлага тооцох механизм ч алга. Тиймээс хөндлөнгийн хяналтын байгууллага тодорхой шалгалт хийгээд буруу мэдээ өгсөн албан тушаалтанд хариуцлага тооцох шаардлага бий. Иймээс үүнийг хянадаг тогтолцоог бүрдүүлнэ.

-Цаашдаа хөрсөн дээр цочир хүйтэрнэ гэж байсан. Тодорхой зөвлөмж анхааруулга хүргүүлсэн үү?
-Энэ сарын эхний арав хоногт хадлангийн бүс нутгаар хурд тунадас бага зэрэг орж, хүйтрэх төлөвтэй. Сэлэнгэ, Булган, Дарханд шөнөдөө хөрсөнд хасах таван хэм хүртэл хүйтрэх төлөв ажиглагдсан. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүд урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай зохион байгуулах шаардлагатай. Харин энэ сарын дундуур харьцангуй хур бороо багасч зарим газар олон жилийн дундажаас бага орох төлөвтэй байна.

-Отрын бүс нутагт хэдэн толгой мал өвөлжүүлэх  вэ. Ер нь  өвөлжилт урьдчилсан байдлаар ямар байх төлөвтэй вэ?
-Энэ жил улсын хэмжээнд зуншлага харьцангуй сайн байсан. Нийт нутгийн 90 гаруй нь зуншлага сайн байлаа. Отор нүүдэл хийдэг Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь, Төв аймгийн нутгаар зуншлага сайн байсан учир өөрийнхөө нутагт өвөлжинө. Отрын хувьд яамнаас барьж байгаа бодлого бол аймаг дамжсан отор нүүдэл хийлгэхгүй. Сум дотроо хийх отрыг зохион байгуулна. Энэ жил 450 мянга гаруй толгой малыг отроор өвөлжүүлэх зургаан бүс нутаг бий. Одоогоор зуншлага сайн байгаа учир хилийн зурвас, тусгай хэрэгцээ хамгаалалттай газруудад отроор өвөлжүүлэх малын судалгаа ирээгүй.  Бид ямар ч байсан аймаг дундын зургаан бүс нутагт өвөлжүүлэх зохицуулалтыг хийнэ. Энэ өвөл хүйтрэх магадлалтай байгаа. Ялангуяа хур тунадас их унаж хөрсөн дээр цочир хүйтэрнэ гэдгийг малчдад анхааруулъя. Иймээс хадлан бэлтгэлийн ажлыг аравдугаар сарын 25-нд багтаан дуусгана.

-Улсын нөөцийн санд өнгөрсөн жилээс үлдсэн өвс бий юү. Энэ жил нөөцөд хэдэн тонн өвс бэлтгэхээр төлөвлөв?
-Улсын нөөцийн өвс тэжээл ОБЕГ-т харьяалагддаг, Засгийн газар  тоо хэмжээг нь тогтоож өгдөг. 2010, 2011, 2012 онд өвөлжилт нэлээд хүндэрсэнтэй холбоотойгоор хадгалж байсан бүх өвсийг хөнгөлөлттэй үнээр буюу үнэгүй олгож дууссан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын нөөцийг бүрдүүлэх журмаар нөхөн бүрдүүлэлтийг хийж байгаа. Бүх аймагт улсын нөөцийн өвс, тэжээл худалдан авах тендерийг зарласан. Гүйцэтгэл ид явагдаж байна. ОБЕГ-аас мэдээ авахад ирэх сарын 15-ны өдөр шаардлагатай цэгүүдэд өвс тэжээлийг бүрэн байршуулж дуусна гэж байсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан