Хөрөнгө оруулагч, аялагч Жим Роджерс “Нэгэн аавын амьдрал болон хөрөнгө оруулалтын туршлага буюу хүүхэддээ өгөх бэлэг” нэртэй ном бичжээ. Тэрээр номынхооо гол баатраар өөрийн охиныг сонгосон байна. Охинтойгоо харилцах өөрийн харилцаа болоод өөрийнхөө мөнгө олсон, түүнийгээ өөртөө хэрхэн зарцуулдаг туршлагын тухай өгүүлсэн номондоо аавынхаа тухай дурсамжийг, түүний нарийн арга ухааны талаар өгүүлсэн байна. “Форбес” энэхүү сонирхолтой номоос танд болон таны хүүхдэд хэрэгтэй 10 зөвлөгөөг түүн хэвлэснийг сонирхуулья.
*Би зургаан настай байхдаа анхныхаа бизнесийг нээсэн билээ. Мэдээж та “юу яриад байгаа хэрэг вэ, бизнесмэн болох нас энэ биш шүү дээ. Ямар юм хийсэн болоод ингэж хэлж байгаа хэрэг вэ” хэмээн гайхаж буй биз. Найзуудтайгаа тоглож наадаж байх ёстой энэ насандаа би гэдэг хүн лонх цуглуулж явсан. Яахав халаасны хэдэн төгрөгтэй болох гэж хүсч байгаа хэрэг. Тэр үед аав минь чамд бизнесээ эхлүүлэхэд чинь зориулж 100 ам.доллар зээлүүлье гэсэн санал тавьсан. Жижигхэн Алабама хотын жирийн нэгэн хүүд 100 ам.доллар гэдэг үнэхээр их мөнгө. Би самар хуурах төхөөрөмж аваад хөлбөмбөгийн үзэгчдэд зориулан хуурсан самар, ундаа зарах бизнесээ эхлүүлэв. Хүүхдүүд хөлбөмбөг тоглож байхад би үзэгчдийн дундуур зүтгэн хуурсан самар, ундаагаа зардаг байлаа. Удалгүй би хоёр ахыгаа бизнестээ татан оролцууллаа. Таван жилийн дараа аавдаа 100 ам.долларыг нь буцаан өгч, би өөрөө дансандаа 100 ам.доллартай болчихсон байв. Хэрвээ та болоод таны хүүхдийн толгойд ашиг орлоготой ажиллах ямар нэгэн санаа төрсөн л бол нас зааж битгий хязгаарла. Зүгээр л чигээрээ зүтгээд “Nike”-ийн “ Зүгээр л наадахаа хий” гэсэн уриаг санахад хангалттай.
*Хүн чухам хэзээ амжилтанд хүрэх талаар мөрөөдөж болох билээ. Хариулт тун энгийн. Та өөрийнхөө чадна гэж бодсон бүхнээ хийж үз. Битгий хойшлуул. Энэ бүхнээс хамгийн олон удаа сэтгэлийн таашаал авч хийсэн ажлаа сонго. Хэрвээ та хоол хийх дуртай бол ресторан нээ. Бүжиглэх дуртай бол бүжгийн клуб нээ. Та өөрийнхөө сэтгэлийн цэцэрлэгт нэг сайхан тухлаад үзээрэй. Гэнэт цэцгийн сүлжээ дэлгүүр нээмээр санагдаж байна уу. Амжилтанд хүрэх хамгийн амархан арга бол та өөрийнхөө дуртай, хүсэл мөрөөдлөө шингээж чадах тэр л ажлаа хийх юм шүү.
* Зөвхөн мөнгөнөөс болоод өөрийнхөө дургүй ажлыг хүчээр хийж байгаа хүмүүсийг би хувьдаа азгүйчүүд гэж боддог. Хүн гэдэг амаа хөдөлгөхийн тулд л ажил хийдэг юм биш. Өглөө болгон босохдоо дуртай зүйлийнхээ төлөө сэтгэл зүрх нь тэмүүлдэг байх хэрэгтэй. Хэдийгээр дуртай ажил чинь хангалттай мөнгө олж чадахгүй байсан ч та сэтгэл зүрхээрээ баян байгаа гэдгээ сана. Зүгээр л аз жаргал гэдэг чинь энэ. Аз жаргалыг зөвхөн мөнгөөр үнэлдэггүй юм шүү.
*Амьдрал гэх их далайгаар аялж явахдаа олон үйл явдал бас үлгэр дууриал болох олон хүнтэй таарна. Энэ бүхэн хэрхэн өөрийгөө зөв авч явах, юуг судлах хэрэгтэй вэ, мөнгөө хэрхэн ариг гамтай зарцуулах, хэрхэн өөрийнхөө дуртай ажлыг сонгох гэх зэргээр танд зөвлөгөө өгөх хүн цөөнгүй таарна. Гэвч та сонссон, уншсан зүйлээ сохроор хэрэгжүүлнэ гэж зүтгэх хэрэггүй. Хүн хүний амьдарч буй хэв маяг, ертөнц өөр өөрийн гэсэн онцлогтой гэдгийг бүү мартаарай. Юмыг үргэлж өөрийнхөө өнцгөөс бодитойгоор хар. Бусдын амьдралын туршлага хэмээн танд өгүүлэх зүйлсийн 50-иас илүү хувь нь худал хуурмаг байдаг.
*Хэрвээ таны эхлүүлсэн зүйлийг хэн нэгэн мэргэн ухаантан гарч ирээд тун хурдан мөнгө олох арга хэрэгсэл болгон хувиргаж чадна хэмээн ятгаж эхэлбэл яаран хөдлөх гэлгүй олон талаас нь тунгаа. Ахиад л өөрийнхөө өнцгөөс хар. Мэдээж тухайн хүний туршлагыг нэн тэргүүнд тавьж үзээрэй.Амжилтанд хүрсэн хүмүүс эхлүүлсэн зүйлийнхээ цаана гарах гэж ямар их хугацаа зарцуулдаг вэ гэдгийг та бусдаар хэлүүлэлтгүй мэдэж байх ёстой шүү.
*Үргэлж ирээдүйгээ хар. Өчигдөртэй битгий зууралд. Та өнгөрсөн зүйлсэд хэдий хэрийн хугацаа, мөнгө зарцуулсан ч бай тэр чинь өнгөрснөөрөө л дуусна. Хэрвээ энэ хорвоод амьдрах гэж л ирсэн гэдгээ мэдэрч байгаа бол урагшаа алх. Өнгөрсөн зүйлийг өнгөрсөнд нь байсан байранд нь үлдээгээрэй.
*Таны замд мөнгийг огт юу ч бодолгүй зарцуулдаг, түүнийгээ “Энэ бүхнээ аваад нөгөө ертөнцөд очих биш дээ” гэж цайруулдаг хүмүүс нэг биш удаа таарна. Та ашиг орлоготой ажиллах тусам өдөр бүр үнэтэй ресторанд хооллодог, хамгийн орчин үеийн электрон барааг худалдаж авдаг, хамгийн моодны бас үнэтэй брэндийн хувцас өмсдөг, тансаг амралтын газарт амардаг найз нөхөдтэй болно. Тэгэхээр мөнгө байгаа болохоор л үрдэг хүмүүсээс аль болох зайлсхий. Мөнгө байгаа болохоор л үрэх тухай та өөрөө бүү бод. Энэ бол таныг санхүүгийн хямрал руу түлхэхийн эхлэл төдийгүй амьдралд юу чухал вэ гэдгийг тунгаах чадалгүй болгох эрсдэлд оруулдаг гэдгийг бодож байхад гэмгүй.
*Хүмүүс яагаад алдаа гаргадаг юм бол гэж та бодож байсан уу. Тэгвэл нэг бол бүрэн судлагдаагүй зүйлийг туршиж үзсэн эсвэл өөрийнх нь бодол буруу байсан нөгөө бол хэрэгтэй мэдээллээ цуглуулж чадаагүйгээс алдаа гаргадаг гэнэ шүү. Зөвхөн сониуч судалгаа л хэрэгтэй мэдээллээ олж, хэрэгтэй шийдвэрээ гаргахад тусалдаг. Гэхдээ үүний тулд багагүй хүч хөрөнгө зарцуулах хэрэгтэй ч таны зүтгэл өмнө чинь гарч ирсэн ямар ч өрсөлдөгчийг үгүй болгох чадалтай гэдэгт итгэ.
*Эдийн зах болоод хөрөнгийн зах зээл хоёр чинь шал өөр ойлголт гэдгийг үргэлж сана. Эдийн засгийн салбарт Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэн Пол Самуэльсон "үнэт цаасны зах зээл нь сүүлд болж өнгөрсөн таван хямралаас есийг нь урьдчилан тооцож чадсан" гэж хэлсэн байдаг. Хүмүүс шинэ мэдээг хэт эмзэг хүлээн аваад үнэт цаасыг огт тохиромжгүй үед яаран зарж, эсвэл худалдан авч эхэлдэг. Иймд нэг зүйлийг тогтоож авах хэрэгтэй. Бүгд магтаад хийрхэлд автан аваад эхэлвэл зарж бай, харин бүгд сандраад зараад эхэлж байгаа бол худалдан авч бай.
*Бид мэдээллийн эрин зуунд хөлбөрч байна. Гэвч ихэнх нь баталгаагүй, нотлогдоогүй эх сурвалжийн мэдээ байдаг юм. Маш чухал шийдвэр гаргахдаа бусдын батлагдаагүй эх сурвалжаас авсан мэдээг үндэслэл болгодог хүмүүсийг би үнэхээр яагаад ч ойлгодоггүй. Францын гүн ухаантан Вольтер “Сандарч тэвдэлгүй эрүүл саруулаар сэтгэх чадвар хүн болгонд байдаггүй” хэмээн бичсэн байдаг бол Америкийн армийн генерал Жорж Паттон “Бүгд нэг зүйл дээр санал нийлж байна гэдэг нь хэн нэгэн нь ул суурьтай эргэцүүлэн бодохгүй байна гэсэн үг” хэмээн дээрхийн батлан хэлсэн байдаг.