“Заавар өгөөгүй” нэртэй Испани кино дэлгэцэнд гараад 4 хоносон даруйдаа 10 сая ам.долларын тасалбар борлуулж үнэмлэхүй амжилт гаргалаа. Киноны гол дүрд Мексикийн телевизийн шоуны од Эуженио Дербез тоглож найруулагчын ажлыг ч давхар гүйцэтгэжээ. Ерөнхий агуулга нь Валентиний /Эуженио/ гэрийн үүдэнд хаягдсан бяцхан охины амьдралыг хөгжилтэй байдлаар дүрсэлсэн. Тус уран бүтээлийг “Lionsgate” компанитай хамтран үйл ажиллагаа явуулдаг “Пантелион” кино компани ивээн тэтгэсэн гэнэ. Энэ хугацаанд кино шүүмжлэгчдээс хэд хэдэн шүүмж аваад амжсан ч энэ долоо хоногийн сүүл гэхэд дэлхийн 500 кино театрт нээлтээ хийх төлөвлөгөөтэй байна. Дашрамд дурьдахад АНУ-ын кино ертөнцийн түүхэнд хамгийн их үнэд хүрсэн Испани бүтээл бол 2007 онд гарсан “Pan’s Labyrinth” нэртэй уран зөгнөлт, аймшгийн бүтээл юм. Дэлгэцэнд гарсан эхний долоо хоногтоо л 4.5 сая ам.долларын ашиг орлого олсон энэ кино олон хүнд хүрсэн.