Гадаадын хөрөнгө оруулагчдын “Инвест Монголиа” чуулга уулзалт Улаанбаатарт хоёр өдөр үргэлжилж өчигдөр дууслаа. Чуулга уулзалтаар Оюу Толгой төслийн санхүүгийн үйл явц, Тавантолгой энэ жил 7.5 сая тонн нүүрс олборлож, ашигтай ажиллаж чадах эсэх, одоо хэлэлцэх гэж байгаа Хөрөнгө оруулалтын тухай болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль тогтоомж хөрөнгө оруулагчдад хэр өгөөжтэй байх талаар ярилцав. Мөн Монголын банкны систем, Эдийн засгийн өсөлт болон гадаадын хөрөнгө оруулалт буурсан, төгрөгийн ханшийн сулралыг яавал зогсоох, томоохон дэд бүтцийн төслийн үйл явц, ирээдүйн төлөвлөгөө, Татварын тухай багц хуулийн төсөл, түүний утга агуулга. Экологид ээлтэй Ногоон Монгол, цахим засаглал зэрэг бодлого, чиглэлийн талаар хэлэлцэв. Товчхондоо, Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө алдсан итгэлээ эргүүлэн авч чадах уу үгүй юу гэдгийг л ярилцсан хэрэг.
Хурлын уур амьсгалаас үзвэл Монголын уул уурхайн салбар хөрөнгө оруулагчдын сонирхлыг хамгийн их татаж буй нь илт байв. Монгол Улс эрдэс баялгийн нөөц ихтэй. Түүнийгээ одоо олборлож, борлуулж эхэлж байна.
Гэвч яаралтай шийдэх тулгамдсан олон асуудал бий. Жишээлбэл, эдийн засгийн өсөлтийн хурдаа тогтвортой хадгалж орлогоо зөв хуваарилах, эрдэс баялгийн тээвэрлэлтийн асуудлаа нэн даруй шийдэх явдал тулгараад байгаа тухай ярилаа.
Сүүлийн жилүүдэд хятадад нүүрс нийлүүлэгчид олширсон ч манайд боломж байгаа аж. Одоогоор нүүрсний хэт их нийлүүлэлтээс шалтгаалж үнэ ханш нь хямдарсан ч чанартай нэг тонн нүүрс 60 ам.доллар байгаа нь чамлалттай гэнэ. Иймд тээвэрлэлт, борлуулалтын менежментээ зөв хийвэл ашиг олох, экспортоо нэмэгдүүлэх, нүүрсний үнэ өсөх бололцоо байгаа юм. Хөрөнгө оруулалтын шинэ хууль батлах, “Эрдэнэс Тавантолгой” энэ онд экпортлохоор төлөвлсөн нүүрсээ гаргаж ашигтай ажиллаж чадна гэсэн нь гадаадын хөрөнгө оруулагчдад эерэг дохио өгч итгэл төрүүлсэн явдал боллоо.
Өнгөрсөн онд эдийн засгийн өсөлт 11 хувьтай гарсан. Үүнд уул уурхай бус хөдөө аж ахуй, барилга гээд бусад салбарын өсөлт чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хөрөнгө оруулагчид үзлээ. Хурлын үеэр Монголын ноолуурын талаар яриа өрнөсөн билээ. Өнөөдөр Монголын ноолуур гадаадын хөрөнгө оруулагчдад хамгийн их судлагдсан зүйл. Тухайлбал, нэгэн оролцогч “Монголд уул уурхайгаас өөр брэнд гэх зүйл бий юу” гэж хурал удирдагчаас асуув. Түүнд “Одоохондоо алга.
Гэхдээ брэнд гаргах бололцоо их бий” гэсэн хариулт удирдагчдын индрээс өгөх дуулдсан. Тэгээд Канадад ноолууран бүтээгдэхүүний дэлгүүрт орж үзсэн. Үүнийг хаана үйлдвэрлэсэн юм гэхэд мэдээж Монголд гэж байсан гэлээ. Манай улс жилд бэлтгэж буй ноолуурынхаа ихэнхийг хятадад угаагаад экспортолж байгаа. Иймд түүнийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд гаргах боломж асар их.
Харин Хятадтай бүтээгдэхүүнээр өрсөлдөх нь тодорхой. Гэвч менежмент, бодлого зөв байвал өрсөлдөх чадвар бий ажээ. Үүнээс гадна боловсрол, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулах бололцоо байгааг ч дурьдаж байв. Өнөөдөр монголчууд боловсролын олон улсын стандартыг сонирхох болсон. Бас шинэ технологи нэвтрүүлэх сонирхолтой юм. Шинэ технологи эзэмших, гаргах талаар гадаадад олон залуус сурч, ажиллаж байна гэсэн яриа ч өрнөсөн билээ. Манай улс жилд 400 гаруй мянган жуулчин хүлээж авдаг судалгаа бий. Тэднийг үүргэвчтэй аялагчид гэж хэлж болох юм. Тэгэхээр аялал жуулчлалын тодорхой бодлого, суртачилгаа, брэнд гаргах зах зээл байгаа ажээ.
Маса Игата: Монголд хөрөнгө оруулалт хийсэн бизнесмэнүүд түгшиж байна
“Инвест Монголиа” чуулга уулзалтыг зохион байгуулагч “Фронтиер” компанийн захирал Маса Игатагаас гадаадын хөрөнгө оруулагчдын талаар тодрууллаа.
-Гадаадын хөрөнгө оруулалтын талаар баримтлах хууль эрхзүйн орчинд саяхан өөрчлөлт оруулсан. Үүнээс болж Монголд орж ирэх хөрөнгө оруулалт эрс буурсан гэдэг. Тэр хуулиас болж хөрөнгө оруулалт огцом буурсан нь үнэн үү?
-Гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан шинэ хуулиас болж монголыг сонирхох нь буурсан гэдэгтэй санал нийлнэ. Монголд оруулсан гадаадын хөрөнгийн урсгал 2011 онд оргилдоо хүрч байсан ч одоо үүнийхээ дөрөвний нэгд нь хүрсэн. Энэ удаагын чуулганд оролцогчид хоёр, гурван жилийн өмнө хөрөнгө оруулсан хүмүүс. Тэд оруулсан хөрөнгөдөө санаа зовж ямар хувь заяа хүлээж байгааг харах гэж ирсэн. Түүнээс биш шинээр хөрөнгө оруулах гэж сонирхох хүн цөөхөн байгаа байх.
-Хууль эрх зүйн орчноо гадаадынханд таатай болгож дахин өөрчлөх гэж байгаа. Үүнийг хөрөнгө оруулагчид хэрхэн хүлээн авч байна вэ?
-Зөвхөн хууль өөрчилснөөр гадаадын хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татна гэвэл өрөөсгөл ойлголт. Учир нь, Засгийн газар ажил үйлсээрээ хөрөнгө оруулалт хэрхэн татахаа илэрхийлэх хэрэгтэй гэж бодож байна. Тухайлбал Монголыг олон улсын хөрөнгө оруулалтын зах зээлд гаргасан Таван толгой, Оюу толгой гэсэн томоохон төслийг нааштай явуулж байж мөнгөний урсгалыг өөртөө илүү татах байх.
-Та бизнесмэнүүдийг оруулсан хөрөнгөндөө санаа зовж байна гэлээ. Тэд ямар байр суурьтай, цаашид яах төлөвлөгөөтэй байна вэ?
-Санхүүгийн зах зээлийн байдлаас болж одоогоор Монголд хөрөнгө оруулагчдын хувьцааны ханш унасан. Иймд одоо л хувьцааг нь худалдаж авах үе гэж бодож байгаа хүмүүс байна. Ер нь, томоохон хөрөнгө оруулагчид хэзээч ингэж бодохгүй. Хөрөнгө оруулсан нөхдүүд бидний хөрөнгийг эрсдэлгүй, ашигтай шийдээсэй л гэж хүлээж байгаа юм. Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат хөрөнгө оруулагчдын чуулганд оролцохдоо “Монголын хөрөнгө оруулалтын орчныг удахгүй сайжруулна” гэж хэлсэн. Энэ нь хөрөнгө оруулагчдад эерэг хүлээлт өглөө.
-Хөрөнгө оруулалтын орчин сайжирсан үед уул уурхайгаас бусад салбарт хөрөнгө оруулах сонирхол хэр байгаа бол. Энэ талаар ямар яриа хэлцэл өрнөж байна вэ?
-Монголд уул уурхайгаас салбарт хөрөнгө оруулах нь маш бага. Тухайлбал “Рио Тинто” Оюу толгойд зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан гэдэг. Бусад салбарт оруулсан хөрөнгө оруулалтыг нийлүүлэн тооцсон ч үүний энд хүрэх мөнгөн дүн гарахгүй байх. Урьд нь Хөгжлийн банк, Худалдаа хөгжлийн банкны гаргасан бондуудад гадаадынхан хөрөнгө оруулсан. Энэ нь уул уурхайгаас бусад салбарт оруулсан хөрөнгө оруулалтад жин дарах юм.
Гэвч эдийн засгийн бусад салбарт оруулах хөрөнгийн хэмжээ бага хэвээрээ гэж бодож байна. Ер нь, уул уурхайгаас бусад салбарт хөрөнгө оруулалт татах өргөн боломж бий. Би үүнд итгээд монголд найман жил ажиллаж байна. Ийм боломж бий гэдгийг анзаараад Япон, Хонгконгоос хөрөнгө оруулагчид ирж байгаа байх. Жишээ нь, Японы хөрөнгийн биржийн төлөөлөгч энэ хуралд оролцлоо.
Монголын уул уурхайгаас бусад салбарын компани Японы хөрөнгийн биржд хөрөнгө босгоод ажиллах байх гэж ирсэн.