Монголын оюутны холбооноос оюутны виза карт шинэчлэгдэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ. Тус холбоо, Төрийн банктай хамтран гаргасан “Оюутны ухаалаг карт” нь автобусаар үнэгүй зорчих, үндэсний тэтгэлэг 70 мянга 200 төгрөгөө авах мөн төлбөрийн картын үүргийг давхар гүйцэтгэх гэнэ. Гэхдээ эл ухаалаг картыг 113 мянган оюутан л ашиглана. Учир нь, БШУЯ-наас 113 мянган карт хийх хөрөнгө төсөвлөж өгсөн бөгөөд өнгөрсөн тавдугаар сараас хэвлэлт нь эхэлсэн карт ирэх сарын 1-нд оюутнуудын гар дээр очих гэнэ.
Харин үлдсэн оюутнууд яах вэ гэсэн асуултад МОХ-ны дэд тэргүүн Д.Батчулуун “Тэдгээр оюутан яах эсэхийг бид сайн мэдэхгүй. Төсөвлөсөн мөнгөндөө тааруулж 113 мянган ухаалаг карт хийлгэж байна” гэв. Хуучин шар картаас олон зүйлээр давуу тус карт нь аль ч банк, тэдгээрийн бэлэн мөнгөний машинаас гүйлгээ хийх боломжтой. Түүнчлэн оюутан картаа ашиглалгүйгээр бэлэн мөнгөний машинаас мөнгө авах шинэ системийг ч нэвтрүүлсэн тухайгаа Төрийн банкны ажилтан онцолж байв.