-Цагаан хад руу ачуулах зардлаас гурав, тээврийн зардлаас дөрвөн ам.доллар хэмнэнэ-
Монгол хүн бүр “Эрдэнэс Таван толгой” компаниас хувьцаа эзэмшиж байгаа учир үйл ажиллагааг нь анхааран ажиглах болсон. Нүүрсний үнэ өндөр байсан үед Хятадын “Чалко” компанитай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хийж урьдчилгаа төлбөрт нь 350 сая ам.доллар авсан. Энэ мөнгийг тухайн үед төр барьж байсан эрхмүүд Монголын ард түмэнд сар бүрийн 21 мянган төгрөг болгоод тараагаад өгчихсөн билээ. Гэтэл нүүрсний үнэ унаж “Эрдэнэс Таван толгой” компани өрөө төлөхөд хүнд байдалд орсон. Одоогоор дээрх мөнгөний 180 сая ам.долларыг нь нүүрсээр төлөөд дууссан юм. Үлдэж буй 170 саяыг нь энэ онд багтааж нүүрсээ нийлүүлж төлөх тохиролцоонд хүрсэн. Мөн санхүүгийн хүндрэлтэй байдлаасаа гарах боломжтой болсон. Ингээд “Эрдэнэс Таван толгой” компанийн захирал Я.Батсуурийн яриаг уншигч танд хүргэе.
-Зах зээлийн ороо бусгаа байдал, нүүрсний урьдчилгаанд авсан мөнгөө төлөх гээд “Эрдэнэс Таван толгой” компани нэлээд хүнд байдалд орлоо. Үйл ажиллагаа одоо ямархуу байна вэ?
-Гурван жилийн өмнө төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компани байгуулагдаж Таван толгойн Зүүн цанхийн уурхайг нээсэн. Анхны жил нэг сая, өнгөрсөн онд 2.5 сая тонн нүүрс олборлосон. Энэ он гарснаас хойш 2.6 сая тонн нүүрс олборлоод байна. Төлөвлөгөөгөөр энэ жил олборлолтоо 4.5 сая тоннд хүргэх юм. Уг уурхайгаас олборлох нүүрсээр Хятадын “Чалко” компанид тавьсан өрөө төлнө. Өнгөрсөн хоёрдугаар сард Баруун цанхид уурхай нээх хөрс хуулах ажил эхэлсэн. Долдугаар сард манай үндэсний компаниуд тендерт нь шалгарч нүүрсээ олборлож байгаа. Баруун цанхийн уурхайгаас энэ онд 3-3.5 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөө бий. Үүнийг шууд борлуулж олсон мөнгөө улс орныхоо гадаад валютын нөөцдөө нэмэрлэнэ. Гадаад валютын орлого муудсан өнөө үед маш чухал хувь нэмэр болно гэж бид тооцож байгаа.
-Нүүрсээ шууд тээвэрлээд эхлэхээр хэдий хэмжээний хэмнэлт гарах тооцоо байгаа вэ?
-Зүүн цанхийн уурхайн нүүрсээ “Чалко” компанид нийлүүлдэг. Гэтэл гэрээнд тусгасан нүүрс нийлүүлэх үнэ, олборлолтын зардал зөрж алдагдал хүлээхээр байсан. Тэгээд нэлээд хугацаанд яриа хэлцэл хийж нүүрсээ ашигтайгаар нийлүүлэх гэрээ өнгөрсөн долоо хоногт байгууллаа. Үүний тулд гүний гаалийн ачилт хийх болсон. Урьд нь, бид нүүрсээ уурхайгаас ачаад улсын хилээс 25 км-ийн наана Цагаан хаданд буулгахад цаанаас нь “Чалко” компани ирж авдаг байв. Одоо ч нүүрс экспортлогч компаниуд энэ зарчмаар явж байна. Манай компани үүнийг болиуллаа. Уурхайгаас нүүрсээ ачаад гүний гаалийн бүрдүүлэлт хийлгэж Хятадын Ганц модны боомтод шууд аваачиж нийлүүлнэ. Ингэснээр Цагаан хад руу ачуулах зардлаас дор хаяж гурван ам.доллар хэмнэх юм. Мөн тээврийн зардлаас дөрвөн ам.доллар хэмнэх тооцоо бий. Ер нь, “Чалко”-той нүүрсний үнэ нэмэх, хэмнэлт гаргах, өөрсдөө компанийн дотоод зардлаа бууруулж байж эдийн засгийн энэ хүнд үед өмнө нь тавьсан өрөө төлж барагдуулах нөхцөл бүрдүүллээ. Энэ бол манай компанийн хамт олны ажлын нэг томоохон үр дүн гэж үзэж байна. Бас “Чалко” компанитай тээвэрлэлтийн гэрээ байгуулсан. Ирэх дөрвөн сард тээвэрлэлт маш эрчимтэй хийх шаардлагатай. Яагаад гэвэл 7.5 сая тонн нүүрс тээвэрлэхэд багагүй хэмжээний хөрөнгө оруулалт, зардал хэрэгтэй юм. Тухайлбал, Баруун цанхийн уурхайн нүүрсний экспорт, Зүүн цанхийн шууд тээвэрлэлт ирэх пүрэв гарагт албан ёсоор эхэлнэ.
-Өдөрт хэчнээн автомашинаар нүүрсээ тээвэрлэх вэ?
-Энэ талаар төлөвлөгөө гаргаж байна. Эхэн үедээ багаар тээвэрлэх ч аажимдаа эрс нэмэгдүүлнэ. Зүүн цанхийн тээвэрлэлтийн 50 хувийг гүйцэтгэхээр дотоодын 10 компанитай гэрээ байгуулсан. Тэд он дуустал тус бүрдээ 300 мянган тонн нүүрс тээвэрлэх гэрээ хийсэн юм. Үүн дээр “Чалко”-гийн Хятадын талын тээвэрлэгч компани давхар ажиллана. Ингэж байж энэ онд төлөвлөсөн нүүрсээ борлуулна. Бид дангаараа нүүрсээ тээвэрлэх нь хүндрэлтэй. Энд нэг бэрхшээлтэй асуудал байсан. Тэр нь гүний гааль байгуулаад Монголын машин Хятадын нутагт тээвэрлэлт хийх нь маш их цаг хугацаа зарцуулсан ажил юм. Үүнд олон хүн эргэлзсэн. Гэвч бид тохиролцож чадлаа. Манай тээвэрлэгч компаниуд Хятадын Ганц модны боомтоор нэвтрэх зөвшөөрөл авч, бүртгэлээ хийлгээд дуусч байна. Жолооч нар нь сургалт, эрүүл мэндийн үзлэгт хамрагдлаа. Авто машинуудаа техникийн үзлэгт оруулах ажил 90 хувьтай байгаа.
-Та дээр хэлсэн “дотоод зардлаа хэмнэх” гэдэгт ажилчдаа цомхотгох орж байгаа юу. Танай компанийг цомхотгол хийлээ гэсэн мэдээлэл нэлээд гарсан. Энэ талаар тодорхой хариулт өгөхгүй юү?
-Зах зээлийн хүнд байдлыг давж гарахын тулд зардал хэмнэх олон арга хэмжээ авсан. Түүний нэг нь компанийн төвд ажиллаж байгаа 130 гаруй хүнээс орон тооны цомхотгол хийлээ. Ялангуяа удирдах албан тушаалтнаасаа цомхотгож байна. Үүний үр дүнд манай цалингийн сан найман хувиар буурсан юм. Нөгөө талдаа энэ жил манай компани ам бүлээ 100-гаад хүнээр нэмсэн. Тэд уурхай, үйлдвэрлэлд ажиллаж байгаа. Яагаад гэвэл манай компанийн үндсэн үйлдвэрлэл гурав дахин нэмэгдсэн юм.
-Энэ онд багтааж өмнө нь нүүрсний урьдчилгаанд авсан өрөө төлж дуусна гэж байгаа. Нүүрсээ хэдэн ам.доллараар худалдах болсон юм бол. Ирэх жил “Чалко” компанид хэчнээн тонн нүүрс нийлүүлэх вэ?
-Хоёр тал нүүрсний үнийг олон нийтэд зарлахгүй гэж тохирсон. Гэрээнд урьдчилгаанд авсан 350 сая ам.долларын нүүрсээ энэ жил нийлүүлж дуусна. Тэгээд үүнийг төлсний дараа таван жил нүүрс нийлүүлэх заалт гэрээнд бий. Гэхдээ энэ хугацаанд олборлосон нүүрснийхээ 80 хувийг нийлүүлэх үүрэгтэй юм.
-“Эрдэнэс Таван толгой” компани нүүрсээ боловсруулж экспортолно гэдэг. Энэ талын ажил ямар шатанд явна вэ?
-Япон улстай нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологи хамтарч судалж үзэх санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ сард үйлдвэрт нь туршиж үзэхээр 2000 тонн нүүрс япон руу илгээнэ. Японы “Нагата инженеринг”, “Japan Coal Energy Center” компани технологи дээр нь ажиллаж байгаа. Ирэх оны эхээр туршилтын үр дүн гарна. Туршилт амжилттай болох юм бол бага оврын үйлдвэр байгуулж эхлэх юм. Манай компани нүүрсээ усаар угаах үйлдвэрийн төслөө бэлэн болгосон. Өнгөрсөн зургадугаар сард Уул уурхайн яам, Эрдэс баялгийн үндэсний зөвлөлөөр төслөө батлуулсан. Тендерээ ойрын хугацаанд зарлаад ирэх оны эхээр барилгын ажил өрнөх төлөвлөгөө бий. Үйлдвэрийн эхний ээлж 2.5 жилийн хугацаанд ашиглалтад орно гэж тооцож байгаа. Тэгэхээр 2015 онд бид нүүрс угаах үйлдвэртэй болно. Мөн тэр үед шинээр тавьж байгаа төмөр зам ашиглалтад орно. Ингэснээр манай компанийн үйл ажиллагаа, үр ашиг эрс нэмэгдэнэ.
-Орон нутгийнхан газрын гүний усаа ашиглуулахгүй гэж байгаа. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Энэ бол үнэхээр хүндрэлтэй асуудал хэвээр байна. Тэр бүс нутагт ажиллаж амьдарч байгаа малчид, ард иргэдтэй ярилцаж байгаа. Улс орны нийгэм эдийн засгийн том бүтээн байгуулалт Таван толгой төслийг ингэж гацааж, саатуулж болохгүй гэдгийг аль аль талдаа ойлгож байгаа. Манайхаас бусад уул уурхайн компаниуд бүгд л газрын гүний усаар хэрэгцээгээ хангадаг. Монголын бүх иргэн хувьцааг нь эзэмшдэг том компани усгүй байж болохгүй гэдэг асуудлыг ойрын хугацаанд шийднэ гэж итгэж байна.