Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мартагдсан эсвэл гээгдсэн сургуулийнхан яах вэ


92 дугаар сургуулийн гурван жил баригдаж буй шинэ байр нь

Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөх шөнө бүтэн нойртой хонож үзээгүй юмдаг. Унтахынхаа өмнө шинэхэн хувцсаа дахин дахин үзэн дэвтэр, үзгээ цүнхэндээ бэлтгэж тавиад унтсан шөнө яагаад ч юм хамгийн удаан өнгөрч буй мэт санагддаг байж билээ. Бүтэн зунжин уулзаагүй багш, ангийнхан руугаа тэмүүлсэн сэтгэлээр өглөө эртлэн сургуулийн зүг яаран очно. Арван жилийн сурагч байхдаа энэ их догдлол, хөөр баярыг амтлаагүй хүн гэж үгүй л болов уу. Тэгвэл энэ хичээлийн шинэ жилийн эхний өдрөөс л зарим сургууль, цэцэрлэгийн багачуул хаалганы цаанаас буцах болоод байна. Учир нь, засвар, барилгын ажил нь зуны сардаа амжаагүй сургууль, цэцэрлэгийн сурагчид хичээлдээ суух аргагүй болжээ.
НМХГ-аас өнгөрсөн сард хийсэн шалгалтад улсын болон бусад хөрөнгө оруулалтаар засвар хийж буй ерөнхий боловсролын 33 сургууль, 44 цэцэрлэг, зургаан дотуур байр гээд нийтдээ 80 гаруй байгууллага хамрагджээ. Шалгалтаар илэрсэн зөрчлийн 50 гаруй хувийг газар дээр нь арилгуулж, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг яаралтай хангах, их засварын гүйцэтгэл, холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажиллах талаар сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад албан шаардлага өгсөн юм.

Гэвч Баянзүрх дүүргийн мэргэжил сургалтын 55, 92, Баянгол дүүргийн 22, Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолборын 81, Сүхбаатар дүүргийн 29, Чингэлтэй дүүргийн 5, Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор, Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургуулийн засварын ажил хичээлийн шинэ жилийн өмнө дууссангүй. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 59, 191, Сүхбаатар 14, Чингэлтэй дүүргийн 37, Хан-Уул дүүргийн ес, Налайх дүүргийн 23 дугаар цэцэр­лэгийн засварын ажил ч мөн цэгцэрсэнгүй. Уг нь, салбарын сайд нь хичээлийн шинэ жил эхлэхээс хагас сар хүрэх­гүй хугацааны өмнө хий­сэн мэдээлэлдээ “Энэ онд нийслэлийн хэмжээнд 32 цэцэрлэг, Дэлхийн банкны санхүүжилтээр 25 цэцэрлэг ашиг­лалтад оруулна. Мөн Канад технологиор 17 цэцэрлэг баригдана. Ингэ­хээр 66 хувийг 75 болгож чад­на. Төрийн өмчөөс гад­на хувийн хэвшлийн 53 цэцэрлэг зөвшөөрөл авч, үйл ажиллагаагаа эхлүүлнэ” хэмээсэн. Тэгэхээр дээрх НИХГ-ын шалгалтад бүдэрсэн сургууль, цэцэрлэг мартагдсан уу аль эсвэл салбар яамны хяналтаас гээгдсэн үү. Энэ жилийн хувьд нэг ч барилга ашиглалтад оруулаагүй мөртлөө байгаа хэдэн сургууль, цэцэрлэгийн барилгаа засч чадахгүй байсаар хичээлийн шинэ жилтэй золгочихлоо. Үнэндээ, сур­гууль, цэцэрлэгийн засва­рын ажил өнөөг хүртэл дуу­саагүй нь санхүүжилт орой­тож батлагдсантай холбон тайлбарладаг ч цаг хугацаа хэнийг ч хүлээдэггүйг бодолцон засвараа эртхэн эхлүүлсэн бол одоо халаглаж суухгүй л байх байсан. Ямартай ч, хичээлийн шинэ жилээ нээх боломжгүй болсон Баянзүрх дүүргийн 92 дугаар сургуулийг зорилоо.
Сургуулийн хашаагаар оронгуут сургуулийн үүдэнд хүүхдүүд бужигнана. Хүүх­дүүдийн үймээн шуугиан нь 560 хүүхдийн багтаамжтай тус сургууль 1800-аад хүүх­дийн­хээ хүчин чадлыг дийлэх­гүй байгааг нь илтгэнэ. Юуны учир гурван ээлжээр хичээл­лэх болсныг тус сургуулийн сургалтын менежер Я.Отгон­батаас тодруулахад “Энэ жил шинэ сургууль маань ашиглалтад орж амжсангүй. Бид байнга шаардлага тавьж явсан ч, анхнаасаа барилгын зураг алдаатай зурагдсан гэх шалтгаанаар гурав, дөрвөн сарын нүүр үзсэн. Өнгөрсөн жил улсын төсвөөс барилгын ажилд 2,8 тэрбум төгрөг төлөвлөсөн ч санхүүжилт нь дутуу орж ирсэн гэх шалт­гаанаар барилгын ажил зогссон.

Энэ жилийн хувьд кадаст­рын зурагт тусгагдаагүй нийтийн халуун усны бохирын шугам сургуулийн шугамтай ойр байна гээд бас л барилгын ажил зогссоноор, гурван жилийн нүүр үзлээ. Ирэх арваннэгдүгээр сар  гэхэд ашиглалтад орох байх гэж найдаж  сууна.  Манай сургуулийн нэг ангид 50 хүүхэд сурдаг. Гурван ээлжээр 07.00-21.00 цаг хүртэл хичээллэхэд хүүхдүүдэд их хүндрэлтэй байна. Наад зах нь, сурлага нь муудна, орой тарахаар гэмт хэрэгт өртөнө. Тиймээс сургуулийн шинэ барилгыг яаравчлуулахын тулд эрэгтэй багш нараа ажиллуулж байгаа. Түүнчлэн зарим хичээ­­лийг төлөвлөгөөнөөс хасч, хичээлээс гадуурх секц, дугуйлан хичээллүүлэх ямар ч боломжгүй болсон” гэ­лээ. Харин тус сургуулийн  арваннэгдүгээр ангийн сурагч Д.Алгирмаа “Хичээлийн шинэ байр гурван жил баригдаж байгаа. Сурагчид жил болгон л шинэ сургуулиа ашиглалтад орохыг хүлээдэг. Төгсөх ангийн сурагч бидэнд хичээлээс гадуурх дугуйлан секц, давтлага авах цаашлаад шалгалтад бэлтгэх анги танхим олддоггүй. Өнгөрсөн жилийн төгсөх ангийнхан ямар ч стандартад нийцэхгүй үүдний өрөөнд болон сургуулийн гэрэл гэгээ муутай, хүйтэн бохир подвальд сууж шалгалтадаа бэлтгэсэн гэсэн. Харин бид тэгж бэлтгэхийг хүсэхгүй байна” гэсэн юм.

Ямартай ч, үйл ажил­лагаагаа явуулах боломжгүй зарим сургуулийн ирэх арваннэгдүгээр сард хүүхдүү­дээ хүлээн авах гэнэ. Харин тэр болтол сурагчдын хичээл, сургуулийг завсардуулахгүйн үүднээс зохицуулалт хийхийг дүүргийн Засаг дарга нарт даалгажээ. Энэ нь, ЕБС-ийн сурагчдыг өөр сургуульд өдрийн гурав, дөрвөн ээлжээр хичээллэх зохицуулалт гэсэн үг. Харин цэцэрлэгийн хүүхдүү­дийг арваннэгдүгээр сар болтол гэрт нь байлгахаас өөр замгүй. Тухайн сард сурагчдын өвлийн амралт эхэлнэ. Тэгэхээр тэр болтол хүүхдүүд тав, тухгүй хичээлийн танхимд, хэд хэдээрээ шахцалдаж хичээллэх нь. Жилийн жилд л сургууль, цэцэрлэгийн анги танхимын хүрэлцээ, засварын асуудал яригддаг. Өнөө жил ч мөн адил ялгаагүй энэ асуудлийг шийдвэрлэж чадсангүй. Бүр хө­рөнгө мөнгөний асуудлаас болж, хүүхдүүдийн сурч боловсрох эрх энэ жил дахин зөрчигдлөө.


М.Нэргүй: Хүүхдийн эрүүл аюулгүй орчинд  сурч боловсрох эрх зөрчигдөж байна

Ингээд сургууль, цэцэрлэгийн барилгын асууд­лаас болж хүүхдүүд хэрхэн хохирч буйг нийслэлийн МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч М.Нэргүйгээс тодрууллаа.

-Барилга, байгууламж нь стандартад нийцэхгүй, зас­варын ажил нь дуусаагүй сургууль, цэцэрлэгийн хохи­рогч нь хүүхдүүд болж байна?
-2013-2014 оны хичээлийн жилд барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй байгаа тухай улсын байцаагчийн дүгнэлттэй таван цэцэрлэг, дөрвөн сургуулийн барилгыг актлах НИТХ, нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Энэ хүрээнд холбогдох арга хэмжээг авч багш, ажиллагсад, сурагчдын эрүүл аюулгүй орчинд сурах нөхцөлийг нь бүрдүүлэх шаардлагатай байна. Шинэ сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулж байгаа ч нэг бүлэгт суралцах хүүхдийн тоо их байна. Өөрөөр хэлбэл, хүчин чадлаасаа хамаарч нэг цэцэрлэгийн бүлэг 1.7-2.0 дахин их суралцагчтай байсаар байна.

Шалгалтад хамрагдсан зарим цэцэрлэг, сургуулийн эдэлбэр газарт барилга барьж, газар олгож байгаа  нь  биеийн тамирын талбайд  хичээл орох бололцоогүй болгож байна. Дээр нь, нэг хүүхдэд ногдох эдэлбэр газрын хэмжээ эрүүл ахуйн нормоос багасч, байгууллагын орчин, хөрсийг бохирдуулдаг нь хүүхдийн эрүүл аюулгүй орчинд  сурч боловсрох эрх зөрчигдөж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

-Эцэг, эхчүүдийн санааг зовоодог нэг асуудал нь хоол хүнс. Цэцэрлэгийн хоол, сургуулийн үдийн цай өнгөрсөн онуудад асуудал дагуулсаар ирсэн. Үүнд, мэргэжлийн хяналтын зүгээс  ямар шаардлага, хяналт  тавьж байна вэ?
-Төрийн өмчийн цэцэр­лэгүүдийг хүнсээр хангадаг хангамжийн төвүүд хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийн үнийн судалгаагаа хийж, гэрээ байгуулах ажлаа эхэл­сэн. Мөн ”Үдийн цай” хө­төлбөрийн хүрээнд хүнсний бүтээгдэхүүнээр хангах үйлд­вэрүүдтэй гэрээ байгуулж бай­на.  Одоогийн байдлаар сур­гууль, цэцэрлэгүүд нэг, хоёр мэр­гэжлийн буюу мэргэшсэн хү­ний нөөцтэй ажиллаж байгаа.

-Сургууль, цэцэрлэгийн орчны аюулаас хүүхдүүд хо­хирох тохиолдол цөөн­гүй гардаг. Энэ талаар сэрэмжлүүлэг гаргасан уу?
-Сургууль, цэцэрлэгийн ойролцоо дулааны шугам тавьж байгаа шалтгаанаар газар ухсан, хөрсний уснаас шалтга­алан газар цөмрөн нүх гарсан зэрэг хүүхэд унаж бэртэх, аюул осолтой нөхцөл бүрд­үүлсэн газрын хариуцагч бай­гуул­лагуудад сануулга өгсөн.
  Б.ЦЭДЭВСҮРЭН, О.ТАЙВАНСАЙХАН

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан