Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ноён долларын чөдөр үндэсний үйлдвэрлэл



Валютын ханш өсч, төгрө­гийн үнэ цэнэ унасаар намартай золголоо. Өнгөрсөн 30 хоногийн дотор ам.долларын төгрөгтэй харьцах ханш 90 төгрөгөөр нэмэгдэж. Эх үрсийн баяраар 1447 төгрөг байсантай өнөөдрийн 1590 хэмээх ханшийг харьцуулбал 150 орчим төгрөгийн өсөлт харагдана. Өдөр өдрийн албан ханш чангараад байгааг хэрхэх тухай Монголбанкнаас лавлалаа.

Гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоочихсон учраас ийм зүйл болов, бид урд нь анхааруулсан хэмээн баримт дэлгэв. Үнэхээр парламентын сонгуульт жил дуусч, 2013 он, шинэ жилийн баяраас эхлээд мөнгөний бодлогын мэдэгдэл бүртээ дээрх асуудлыг онцолж төр засагт дуулгаж иржээ. Нэг ч удаа гээгээгүй байна. Засгийн газраас асуулаа. 2016 он хүртэлх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхээр тусгажээ. Гэвч яаж гэдэг нь тодорхойгүй.

Сонгуульд ялахын төлөө “болохгүй” хууль баталж хөрөнгө оруулагчдыг үргээснийг бид мэднэ. Харин хэт хатуудсан заалтаа суллаж, нэг талаа барьсан ойлголтыг одоо хэрхэн өөрчлөхөө улстөрчид мэдэж байгаа. Хийх ажил нь тодорхой ч хэзээ хэрэгжиж, хэдийд үр дүнгээ өгч, хэдэн сая ам.доллар хил даван ирж, туйлдаж буй төгрөгийн ханшийг сэргээх вэ гэдэг бас л тодорхойгүй.
Тэднийг ажлаа хийхийг хүлээж, ам.доллар “амаа булаан” давхихыг зүгээр хараад суух эрх бидэнд үгүй. Улс орон хүнд хэцүү байдалд орвол иргэд л эдийн засгаа авч үлддэг түүхийг бид мэднэ. Ялангуяа Солонгос, Япон, Хятадууд эх орныхоо төлөө энгийн зүйлээр тусалж байжээ.

1997 онд солонгосчууд эдийн засгийн хямралын үеэр алт, үнэт эдлэлээ төв банкиндаа хямдхан худалдаж, заримдаа шууд хандивлаж байсан гэнэ. Банк санхүүгийн систем хямарч байгааг ухаарсан солонгосчууд мөнгөн тэмдэгт воны үнэ цэнийг алт, үнэт эдлэлээр тийнхүү баталгаажуулжээ. Японд импортын ямар ч төрлийн бараа амжилт, ашиг олдоггүй нь бас л эх оронч сэтгэлгээ юм. Харин ч экспортлох бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө ухаанаа уралдуулж суудаг. Энэ нь ширхэг иен ч гадагш гарахгүй, харин ч ам.доллар, валютын урсгал тасрахгүй гэсэн үг.

Монголд нөхцөл байдал тэс ондоо байгааг эдийн засагчид онцолж, ам.долларын амыг татахад иргэдийн эх оронч хэрэглээ багагүй нэмэртэй гэдгийг хэллээ. Солонгосчууд шиг алт, мөнгө, монетон эдлэлээ хямд зарж, хандивлаарай гээгүй ч эх оронч хэрэглээг ихэд дэмжиж байна. Хүнсний ногоо, амтлагч, цагаан будаа, жимс, ундаа нь импортын дийлэнхийг эзэлдэг. Тэр хэрээрээ Монголын мөнгө Эрээнд эсвэл өөр хот, улсад үлдээд бараа болж ирж байгаа. Үүнийг л эдийн засагчид таашаахгүй сууна. Энэ бүхэн монголчуудын тансаг хэрэглээтэй холбоотой. Хамгийн энгийн жишээ дурдъя.

Солонгосын дуучин, бүжигчин, жүжигчин залуус Улаанбаатарт ирэхээр болж. Цөөхөн хүнд зориулсан тоглолтынхоо тасалбараас хамгийн сайныг нь 350 мянган төгрөгөөр үнэлсэн байна. Хамт зураг авахуулж, хундага тулгах боломж нь бараг л энэ тасалбарт шингээ биз. Ховрын бараа үнэтэй байдгийн адил солонгос дуу, солонгос хувцас, солонгос хөгжим, солонгос хэл, солонгос киногоор амьсгалдаг залууст ховор тохиох боломж нь 350 мянгын тасалбар юм. Тоглолтын зар тарснаас хойш хүмүүсийн хэлэх нь “Пээ, 350 мянган төгрөгийн үнэтэй тасалбар. Тоглолтыг нь яаж үздэг юм” хэмээн ундууцах аястай. Үнэндээ 30-60 мянган төгрөгөөр үнэлэгдэх арай зайдуу суудалтай, тасалбар дийлэнхийг эзэлж буй гэнэ. Солонгос тоглолтыг үзэхгүй байх гэсэн хамгийн ашигтай сонголт ч бас бий. Харамсалтай нь, хүний иддэгийг идэж, бусдын өмсдөгийг өмсч, хүмүүсийн үздэгийг үзэхийн төлөө монголчууд бухимдан үглэсээр.

Өмнөд Солонгосын ганган охид, чамин залуус хээнцэр тоглолт хийж байгаа нь бидэнд хайртайдаа биш. Ердөө л мөнгө олох зорилготой. Товчхондоо, байгаа хэдэн ам.доллараас минь зуу зуугаар нь хамаад буцах. Бидэнд харьяалагдаж, хадгалагдаж буй ам.долларын ширхэг бүр нь үнэ цэнэтэй байхад тэдний тоглолтыг үзнэ гэдэг жинхэнэ тансаглал юм. Уг тоглолтыг үзэхээр хошуурч байгаа хүмүүс эх орондоо амьдардаг хэдий ч эдийн засгийн “дайсан” гэхэд хилсдэхгүй. Харин ч Солонгосын Сөүл хотод зуны гурван сарын амралтаараа ажиллаад хэдэн төгрөг олъё гэж шийдсэн оюутан залуугийн шийдэл илүү эх оронч сэтгэлгээ. Чүнчонь, Аньсан, Намянжү, Хуасон, Пүсан хотод ажил хийж, ар гэртээ вон илгээдэг хүмүүсээс арай дөнгүүр байдлаар валют татах арга нь гадаадын хөрөнгө оруулалт. Уул уурхайд ч тэр, урлаг соёлын арга хэмжээ, жижиг дунд бизнес гээд бүхий л төрөлд гадаадын хөрөнгө оруулалт их байх тусам бидний хэтэвч, улсын эдийн засаг амьсгал давчдуулахгүй байх боломжтой.

Саяхан нэг эдийн засагчтай уулзтал “Ам.долларын ханш өсөө л биз, гадаадад байнга аялдаг, гадаад бизнесийн түнштэй л биш бол жирийн иргэнд ямар ч хамаагүй шүү дээ” гэж хэллээ. Түүний тайлбарласнаар нэг кг цагаан будаа авсан, 10 ширхэг алим авлаа ч импортыг дэмжиж буй хэрэг гэнэ. Импортын бүтээгдэхүүний ард мөнгөө гадаадынханд төлж байгаа дүр зураг хадгалагддаг. Харин ч ийм нөхцөлд эдийн засгаа улам хүндрүүлэхгүйн тулд дотоодын бүтээгдэхүүнээ хэрэглэж, үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй гэв. Өлсөхгүйн тулд гурил, мах, ногоо, давс, ус хэрэгтэй. Цөмийг нь монголчууд үйлдвэрлэж чаддаг, тэднийг сонгохыг санал болгов. Нөгөө талаас автомашин болон бусад бараа бүтээгдэхүүн валютын ханшийн өсөлтөөс болж үнээ нэмчихвэл авахгүй хүлээхэд хангалттай гэнэ. Бараа нь зарагдахгүй, бизнес нь удаашраад ирэхийн цагт наймаачид үнээ буулгаж, хямдрал зарлах эсвэл дампуурах гэсэн хоёрхон сонголттой үлддэгийг хэллээ. Түүний хэлсэн үгийг тунгаасан хэд хоногт зах, дэлгүүрт барааны үнэ гэрлийн хурдаар өсөхийг үзэв. Нарантуулд бараа зардаг эмэгтэй “Юанийн ханш өсчихсөн, барааны үнэ нэмэгдсэн” гэх үгээ худалдан авагч бүртээ түгээнэ. Түүнд итгэсэн иргэд, олон нийт мөн л ханш өссөн юм бол үнэ нэмэгдэхээс яах вэ гээд илүү буюу хөөстэй үнээр бараа авах аж. Энэ ташаа ойлголт нь дотоодын бүтээгдэхүүнд ч халдварлан шингэснийг захын дэлгүүрийн лангуун дээрх монгол бараанаас харж болно. Монголын эдийн засагт үүссэн гажуудал, буруу тогтолцоо, дутуу ойлголтын хор уршиг энэ юм.
Гэлээ ч иргэд худалдаачдад зөв шаардлага тавьж, хэрэглээгээ ухаалгаар удирдаж чадвал нийгэмд үүссэн гажуудлыг засна. Түүний хажуугаар ам.долларын өсөлтийг сааруулж ч дөнгөх юм.

0 Сэтгэгдэл
8шарга долларийн ханшаар тоглож байна. ҮҮНИЙГ Л ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ. ЗОХИОМОЛООР ДОЛЛАРЫН ЭРЭЛТИЙГ ИХЭСГЭЖ БАЙНА. ДОЛЛАРЫН НӨӨЦИЙГ ТЭД АВЧ ХАДГАЛЖ БАЙНА.ШААРДЛАГА ГАРСАН ҮЕД НЬ ӨНДӨР ҮНЭ ХҮРГЭДЭГ.
Хамгийн их уншсан