Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нэгдүгээр курсийн оюутанд л ногоон гэрэл асдаг


Хичээлийн шинэ жил эхэлж, хот  орон нутгаас ирэх оюутнуудын хөлд дарагдаж байна.  Боловсрол мэдлэгийн үзүүрээс атгах гэсэн тэдэнд жилийн жилд тулгардаг асуудлын нэг бол яахын аргагүй дотуур байр. Судалгаагаар нийслэлд жилд 30-35 мянган оюутан ирж, дотуур байранд амьдардаг гэнэ. Дотуур байрны хүрэлцээ муугаас  бүртгэл эхлэх үед эцэг эхээ дагуулсан хүүхдүүдийн уртаас урт дараалал үүсдэгийг хэн хүнгүй мэдэх байх.

Дээр нь, их, дээд сургуулийн сургалтын төлбөртэй дуу авалцан оюутны дотуур байрных ч өсдөг нь бичигдээгүй хууль бий. Тухайлбал, өнгөрсөн жил төрийн өмчийн их, дээд сургуулийн дотуур байрны төлбөр 250-300 мянган төгрөг байсан бол энэ жил цахилгаан дулаан, засвар үйлчилгээ хийсэн гэх шалтгаанаар хамгийн багадаа 40-50 мянгаар нэмэгджээ. Гэхдээ үнэ нь нэмэгдсэн ч толгой “хорогдох байр”-тай болно гэдэг нь аз. Айлын хажуу өрөө, энд тэндхийн нийтийн байр, подваль хөлсөлнө гэвэл тав тухгүйн дээр зардал ихтэй. Тэгээд ч хол ойр, хуучин шинээсээ шалтгаалаад нэг өрөө байрны сарын түрээс 300-600, харин айлын хажуу өрөө 280-400, подваль 280-400, нийтийн байр 150-300 мянган төгрөгийн үнэтэй байна. Тиймээс оюутны гэх эрх чөлөөг нь мэдрүүлэгч төрийн өмчит их, дээд сургуулийн дотуур байрны бүртгэл эхлэх гэж буй энэ үед байдал ямар байгааг сурвалжиллаа.

Бидний очсон эхний газар бол ШУТИС-ийн нэгдүгээр дотуур байр. Засварын ажил дуусаагүй бололтой будаг, шохойны ажил ид хийж байна. Гэвч үүнтэй зэрэгцэн нэг давхарт байрлах дотуур байрны эрхлэгчийн үүдэнд тойрох хуудас зуруулах гэсэн оюутнууд дугаарлан зогссон харагдав. Учир нь, эрхлэгч ажилтай байна, түр хүлээ гэсэн нь оюутнуудыг тэвчээртэй хүлээн зогсоход хүргэж. Тэдний нэг оюутан н.Шижирбат “Би энд гурав дахь жилдээ амьдрахаар бүртгүүлж байна. Нэг өрөөндөө тавуулаа амьдрах жаахан хүндрэлтэй байдаг. Ганц дажгүй том өрөө байдаг ч, танил талтай нэгэн эсвэл деканы хамаатнууд тухалчихдаг” хэмээн ярьж байлаа. 

Энэ жил 400 хүүхэд төвхнүүлэх тус дотуур байр одоондоо “оршин суугчдаа” хүлээж аваагүй байв. Энэ сарын 30-наас нэгдүгээр дамжааны, 31-нээс хоёр, гуравдугаар, дамжааны, есдүгээр сарын 1-нээс бүх хүүхдээ хүлээн авсан байх гэнэ. Үүднийх нь өрөөнөөс бие засах газрынх нь эхүүн үнэр хамар цоргин үнэртэж, харанхуй оргисон хонгилын ханаар нь дүүрэн зар наасан харагдана. Гэхдээ нэг сайшаалтай зүйл нь энэ байр ч мөн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж яваа бололтой интернэтийн өрөө, уншлагын  танхим гэх мэт ганц нэг тусгай өрөөтэй аж. Оюутнуудын өрөө нь жижигхэн умгар, нэг өрөөнд 4-5-уулаа амьдардаг гэхэд яаж багтдаг байна гэж өөрийн эрхгүй бодогдохоор. Гэвч дассан газрын даавуу зөөлөн гэгчээр оюутнууд бага талбайдаа эвтэй найртай амьдрахыг чухалчилдаг гэнэ. “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэдэгчлэн зардал багатайгаар амьдрах нь тэдэнд чухал. Тус сургуулийн дотуурын байрны үнэ өнгөрсөн жил 300 мянга байсан бол энэ жил 350 мянган төгрөг болжээ.

Ингээд суралцагч ихтэй МУИС-ийн оюутны гуравдугаар дотуур байрыг зорилоо. Энэ байр зөвхөн нэгдүгээр курсийн хүүхдээ энэ сарын 19-нөөс хүлээж авсан ба бусдыг нь есдүгээр сараас хүлээж авна гэлээ. Үүднийх нь цонхон дээр дотуур байрандаа бүртгүүлэхдээ бүрдүүлэх материал, байрны дотоод журмыг хаджээ. Жижүүрт нь оюутнуудтай нь уулзах хүсэлтэй буйгаа уламжлахад оюутны байр руу оруулах боломжгүй гээд хавьтуулсангүй. Харин нэгдүгээр давхарт буй байрны эрхлэгч Д.Тамара хэлэхдээ “Энэ жил манай байрны төлбөр 100 мянгаар нэмэгдэж, 350 мянган төгрөг болсон. Оюутнуудыг тав тухтай байлгахын тулд байрныхаа засвар үйлчилгээг боломжоороо сайн хийсэн гэж бодож байна. Нэгдүгээр дамжааны хүүхдээ энэ сарын 19-нээс бүртгэсэн. Өөрөөр хэлбэл, эхний ээлжинд нэгдүгээр курсийн хүүхдүүдээ 100 хувь авчихаад сургуулиас дотуур байранд суух хоёр, гурав, дөрөвдүгээр дамжааны оюутнуудын нэрсийн жагсаалтыг гаргаж өгнө гэсэн. Жагсаалт гарвал оюутнуудаа хүлээн авна” хэмээн ярьсан юм. Үүнээс харахад аль ч сургуулийн дотуур байр нэгдүгээр курсийн оюутнуудыг ногоон гэрлээр авч буй бололтой. Харин үлдсэн оюутнуудын хувьд байранд орно гэдэг нь азын сугалаа сугалахтай л адил. Гэвч сугалаанд аз таарсан нэгнийг тийм ч таатай орчин угтахгүй. Жижиг өрөөнд тавуулаа амьдардаг, заримдаа салхи сийгсэн хүйтэн  өрөө ч таарах нь бий. Уг нь, оюутнуудынхаа хүч нөөцийг ашиглаад ч гэсэн өөд татах боломж байгаа юмсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан