Долоо хоног бүрийн даваа гарагт Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажлынхаа талаар олон нийтэд мэдээлдэг уламжлалтай. Энэ удаагийн уулзалтаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг дотоодын үйлдвэрүүдэд урласан сурагчийн дүрэмт хувцасны нийлүүлэлтийн талаархи мэдээллийг сонслоо. Мөн нийслэлийн ерөнхий боловсролын 21 сургуулийн захиралд Монгол хүний ур ухаан, хүч хөдөлмөрөөр бүтсэн энэ хувцасны дээжийг гардуулсан юм. Оёдлын нэгдсэн холбооныхон 2009 оноос хойш сурагчийн дүрэмт хувцас урлаж нийлүүлэх санал тавьж эхэлсэн. Шинэчлэлийн Засгийн газар үүнийг анх удаа ажил хэрэг болгон хэрэгжүүлж байгаа хэмээн ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Золжаргал онцолж байв.
Дүрэмт хувцсаа 350 мянган хүүхэд захиалжээ
Манай улс нийт 500 гаруй мянган сурагчтай. Тэдгээрээс одоогийн байдлаар, дүрэмт хувцасны захиалгаа 350 мянган сурагч өгсөн аж. Тавин тэрбум төгрөгийг дотооддоо шингээж, 5000 оёдолчныг ажлын байраар хангасан уг дүрэмт хувцасны загварыг өнгөрсөн тавдугаар сард баталж, өнөөдөр ийнхүү ажил хэрэг болсныг уулзалтаас харж болохоор байлаа. Уулзалтад сурагчдын төлөөлөл оролцож, дүрэмт хувцасны загваруудыг өмсч танилцуулсан юм. Хүүхдийн нас хүйс, байгаль цаг уурын нөхцөл, урт удаан хугацааны эдэлгээ зэрэг олон талыг бодолцож дэглэсэн эл ажлыг Ерөнхий сайд сайшаасан. Энэ үеэр Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Сурагчдын дүрэмт хувцсыг эх орондоо үйлдвэрлэхэд 23 тэрбум төгрөгийг жижиг дунд үйлдвэрлэгчдэд зээл болгон олгосноор дотоодын 100 гаруй үйлдвэр хамрагдаж, 1213 хүний ажлын байр хадгалагдаж, 162 оёдолчныг шинээр ажилтай болгосон” гэх мэдээлэл өглөө. Мөн оёдлын үйлдвэрлэгчид анх удаа кластер зохион байгуулалтад орж, нэгдсэн нь дараа дараагийн ажлыг амжилттай хэрэгжүүлэх суурь болсныг тэд онцолж байв. Харин Н.Алтанхуяг “Энэ ажлыг гурван сарын өмнөөс Засгийн газар ярьж төлөвлөж эхэлсэн. Харин одоо үйлдвэрлэсэн хувцас нь эзэддээ очиход бэлэн болжээ. Ажил хариуцсан яамд, хамтран ажилласан хувийн хэвшлийнхэн аль аль талаасаа сэтгэл гаргаж хурдтай ажилласан байна. Гэхдээ нэг талаас дотоодын үйлдвэрлэгчдээ, нөгөөтэйгүүр иргэдийнхээ аюулгүй хэрэглээг дэмжсэн энэ том ажлын ард гарлаа гээд тайвширч болохгүй, Засгийн газраас зээлээр олгосон 23 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дүрэмт хувцас борлуулсан орлогоос буцаан төвлөрүүлэх ёстой” хэмээн сануулсан юм.
Оюу толгойгоос халагдсан ажилтнуудыг ажлын байраар хангана
Хөдөлмөрийн яамныхан 2015 оны эцэс гэхэд 150 мянган ажлын байр шинээр бий болгоно хэмээн амлаад байгаа. Тэд амлалтаа ажил хэрэг болгохоор найман төсөл хэрэгжүүлж эхлээд байна. Оны эхний долоон сарын байдлаар 30 мянган ажлын байр нэмэгдэж, гадаадаас авах ажиллах хүчний тоог 22-оос 18 мянга хүртэл бууруулжээ. Мөн дотоодын ажиллах хүчний зах зээлийг хангаж, гадагшаа гардаг дотоодын ажиллах хүчний тоог 45 хувиар бууруулсан гэнэ. Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтаар 6900 хүн сургаж, төгсгөжээ Үүнээс гадна “Оюу толгой” төслийн далд уурхайн санхүүжилт зогссонтой холбоотойгоор 1700 хүн ажилгүй болсон гэсэн мэдээлэл гарсан. Энэ мэдээллийн мөрөөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт үүрэг өгч, асуудлыг судлуулсан байна. Энэ талаар Я.Санжмятав сайд “Уг төсөлд 10 гаруй мянган хүн ажиллаж байгаагийн 9090 нь монгол ажилчин. “Оюу толгой” төслийн далд уурхайн ажил зогссонтой холбоотойгоор төсөлд гэрээгээр ажиллаж байсан 22 компанийн гэрээг цуцалж байгаа. Үүнтэй холбоотойгоор ийм асуудал гарсан. Гэхдээ “Оюу толгой”-н үндсэн ажилчин гэх 63 хүний ажлын байрны асуудал хөндөгдсөн. Энэ хүмүүсийг бусад төсөл, нэгжид хуваарилах замаар ажлын байрыг нь хадгалах зохицуулалт хийх талаар тус компанитай тохиролцсон. Үүнээс гадна 898 хүн ажлаас чөлөөлөгдөх мэдэгдлээ хүлээж авч байгаа. Энэ хүмүүс “Оюу толгой”-д гэрээгээр үүрэг гүйцэтгэж байсан гэрээт компаниудын ажилчид юм. Хөдөлмөрийн яам энэ хүмүүсийн ажил, мэргэжлийн талаар судалгаа авч байна. Шаардлагатай тохиолдолд ажлын байраар хангах асуудлыг ч ярьж байгаа” гэсэн юм.
Харин Эдийн засгийн хөгжлийн яамны хэрэгжүүлж буй “Гудамж” төслийн гүйцэтгэгчид Ерөнхий сайдаас зэмлэл хүртлээ. Өнгөрсөн долоо хоногт ажил хариуцсан дарга нар нь Бөхийн өргөөний уулзварыг нээнэ, дараа нь дөрвөн уулзварын засварын ажлыг дуусгана хэмээн хэлж байсан ч өнөөдрийг хүртэл нэг нь ч ашиглалтад ороогүй байгаад тэрээр бухимдав. Хариуцсан ажилдаа хариуцлагатай байж, хэлсэн амандаа хүрч ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн яамныханд санууллаа. Түүнчлэн энэ жил нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбогдох зургаан аймгийн эхнийх болох Баянхонгорын замыг өнөөдөр улсын комисст хүлээлгэж өгөх юм. Тиймээс Ерөнхий сайд уг замын нээлтэд оролцохоор болсон тухайгаа сэтгүүлчдэд дуулгав. Харин бусад аймгийн удаашраад байгаа замуудыг шинээр гүйцэтгэгчдэд хуваарилж, төлөвлөгөөт хугацаандаа шахаж дуусгана гэж Зам тээврийн сайд А.Гансүх хэллээ.