Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сайн мэргэжилтэн, сайн багшаас эхтэй

Нэгэн үе хуучнаар ТМС-д муу сурлагатай, 10 дугаар ангид орж чадаагүй хүүхэд сурдаг гэсэн ойлголт иргэдийн дунд байсан. Энэ буруу ойлголт МСҮТ-ийг элгээр нь хэвтүүлэх дөхсөн гэж хэлж болно. Харин сүүлийн жилүүдэд төрөөс МСҮТ-д анхаарал хандуулсны үр дүнд залуус мэргэжилтэй ажилтан болох сонирхолтой болсон.
“Тоо бодож сурахаар тоосго өрж сур” гэх хэлц үг ч бий болов. Энэ үг ч үнэний ортой. Их, дээд сургуульд дөрвөн жилийн турш эцэг эхийнхээ мөнгөөр сурчихаад хийсэн ажилгүй, гудамжинд газар ширтэж яваа залуусыг алийг тэр гэхэв. Харин МСҮТ-д сурснаар шууд л ажлын байранд гардаг сайн талтай. Сүүлийн үед эх орны бүтээн байгуулалт эрчимжиж, бүтээн байгуулалтад оролцох ажилтан үндэсний аж ахуйн нэгжүүдэд ус, агаар мэт хэрэгтэй болоод буй. Тиймдээ ч үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд хэрэгцээтэй байгаа ажлын байрандаа, шаардлагатай ажилтнуудыг түргэн хугацаанд бэлтгүүлж ажилд авахын тулд МСҮТ-д хандах болсон. Харин үүнийг Хөдөлмөрийн яам анхааралдаа авч ажил олгогчдын захилгаар мэргэжилтэй ажилтан бэлтгэж нийлүүлэх ажлыг МСҮТ-тэй хамтарч хийж байгаа.
Гэхдээ мэргэжилтэй ажилтнуудын дунд чанарын асуудал яригдаж буй. Хэдийгээр олон тооны ажилтан бэлтгэж байгаа ч чанар муу, хариуцсан ажлаа муу хийдэг бол нэмэр болохоосоо илүүтэй нэрмээс болох. Тиймээс чанартай боловсон хүчин, мэргэжилтэй ажилтан бэлтгэхийн тулд сайн багш байх нь зүйн хэрэг. Тэгвэл сайн багш бэлтгэхийн тулд Хөдөлмөрийн яамнаас Мэргэжлийн боловсролын байгууллагын удирдах ажилтны долдугаар бага хурлыг “Монгол хүний мэргэжлийн ур чадвар болоод үнэлэмжийг өсгөе” уриатайгаар өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд зохион байгууллаа. Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн 76 төвийн удирдах ажилтнууд энэ бага хуралд оролцож, зорилго зорилтоо ярилцаж, дутагдал, тулгамдаж байгаа асуудлаа салбарын яаманд уламжилсан юм. Тэрчлэн аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөл ч оролцов.
Долоо дахь удаагийн бага хурал нь өмнөх хурлуудаасаа онцлогтой болж байгааг зохион байгуулагчид нь хэлж байсан юм. Тухайлбал, өмнөх хурлуудад яам, агентлагийн сайд, дарга нар орж ирж илтгэл тавьсан болоод өнгөрдөг байсан бол энэ удаагийн бага хуралд сургуулиуд өөр хоорондоо туршлагаасаа хуваалцаж, шинэ зүйлээ бусаддаа танилцуулж байлаа. Мөн мэргэжлийн боловсролын салбарын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, засах асуудлаар хуралд оролцогсод хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Ш.Мөнгөндуулга: МСҮТ-үүдийн сургалт сайжирсан

Бага хурлын үеэр Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний польтехникийн коллежийн захирал Ш.Мөнгөндуулгатай цөөн хором ярилцлаа. 

-Нэг үе МСҮТ-ийн үйл ажиллагаа доголдож байсан. Бараг суралцах хүнгүй, залуусын олонх нь дээд сургууль гэж хошуурдаг байсан шүү дээ. Харин сүүлийн үед байдал арай өөр болж?
-Мэргэжлийн боловсролын салбар нэг хэсэг уналтад орсон. Тоног төхөөрөмж, технологи, суралцагчдын тооны хувьд, багш нарын чадвар нэлээд муудсан. Харин Мянганы сорилтын сан зэрэг олон улсын төсөл хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр мэргэжлийн боловсролын салбарт шинэ техник, технологи нэвтэрсэн, багш нарын мэргэжил чадварыг сайжруулсан. Үүнийг дагаад суралцагчдын тоо өссөн.
-Хэдийгээр суралцагчдын тоо өссөн ч сургалтын чанарын асуудал яригдаж байна. Залуус маань зүгээр байхаар хоёр жил тэтгэлэг аваад мэргэжлийн үнэмлэхтэй болчихоё гэсэн зорилгогүй байдлаар сурах байдал ажиглагддаг л даа. Үүнийг өөрчилж, сайн мэргэжилтэн бэлтгэхийн тулд сургуулийн удирдлагууд хэрхэн анхаарч байна вэ?
-Сургалтын чанар сайжирсан гэдэг нь бүх талаар харагдаж байна. Бидний бүтээгдэхүүн бол сайн ажилтан байх ёстой. Тэгвэл томоохон компани, тэр тусмаа уул уурхайн салбарт мэргэжлийн боловсролын сургуулийг төгссөн залуус л ажиллаж байна. Оюутолгой компанийн ажлыг гардан гүйцэтгэж байгаа залуус бол бүгд л МСҮТ-ийг төгссөн. Өнөөдөр сургалтад ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмжүүд хамгийн сүүлийн үеийнх. Үүн дээр манай суралцагчид суралцаад ажлын байранд гарахад ямар нэгэн саад бэрхшээл тулгарахгүй байгаа.
-Сургалтын бааз, суурь бүх МСҮТ-д ижил тэгш сайжирсан гэж ойлгож болох уу?
-Харилцан адилгүй. Гэхдээ сургалтын бааз, суурь, тоног төхөөрөмжөө 100 хувь өөрчилж чадсан сургууль олон бий. Үүнийг дагаад сургалтын менежмент өөрчлөгдөж байна. Ер нь, тухайн сургууль сайн явах, төгсөгч нь сайн ажиллах нь сургууль удирдаж байгаа менежерийн арга ухаанаас л шалтгаална.
-Хөдөлмөрийн яамнаас дэвшүүлсэн “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийн захилгаар мэргэжилтэй ажилтан бэлтгэж байгаа. Тэгэхээр мэргэжилтэн бэлтгэж байгаа багш нарын чадамж, чадвар ямар байна вэ. Багш нараа хэрхэн бэлтгэж байна?
-Оюутолгой компани, “ETAS” групптай хамтарч багш нарыг мэргэжлийн ур чадварыг сайжруулах сургалтыг хийсэн. Мөн Мянганы сорилтын сангаас ч энэ төрлийн сургалтыг олон явуулсан явуулсан. 2015 он гэхэд 2400 орчим багшийг чадавхижуулахаар төлөвлөөд байгаа. Эхний ээлжийн 1200 орчим багш гадаадын сургалтад хамрагдсан.
-Улсын хэмжээнд 76 МСҮТ үйл ажиллагаа явуул буй. Тэгэхээр үүнд суралцаж байгаа залуус ихэвчлэн ямар мэргэжлийг сонгож байна вэ. Мэдээж уул уурхай давамгайлж байгаа байх. Яг нарийн судалгаа байдаг уу?
-Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн бирж байгуулсанаар ажилгүй хүмүүс болоод, аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай байгаа мэргэжилтнүүдийн судалгаа гардаг болсон. Энэ нь МСҮТ-үүдэд маш их тус дэм болж байгаа. Тухайлбал, ямар мэргэжилтэн, ямар ажлын байр хэрэгтэй байна гэдэг нь тодорхой болоод ирэхээр сургуулиудын аль чиглэлээр элсэлтээ авах вэ гэдэг нь хүртэл тодорхой болж байгаа юм.

Г.ДАВАА

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан