Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ахлах ангийнхан дүрэмт хувцасаа аравдугаар сард өмсөнө

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид энэ жилээс дотоодод үйлдвэрлэсэн дүрэмт хувцсаар жигдэрнэ. Хэн хүнгүй салбарын яамнаас барьсан эл бодлогыг хоёр гараа өргөн дэмжсэн ч үнийн хувьд хэт өндөр байна хэмээн хойш суугаад буй. Тиймээс БШУЯ-наас хэл ам дагуулах болсон эл дүрэмт хувцасны танилцуулгыг “Шилмэл загвар ордон”-нд өчигдөр хийлээ.
Монгол хонины ноос ашиглан эх орондоо үйлдвэр­лэсэн хувцсаа үйлдвэрлэгчид “Эх орон шингэсэн эрд­мийн дүрэмт хувцас” хэмээн нэрийдэж. Учир нь, дотоодын түүхий эд материал ашиглан өөрийн загвар зохион бүтээгчийн ураар бүтсэн загварыг үндэсний үйлдвэрлэгчид амилуулж байна.
Үйлдвэрлэгчдийн танил­цуулж буйгаар хүүхдийн биед ямар нэгэн харшил үзүүлэхгүй сайн чанарын амьсгалдаг материалаар хийсэн гэнэ. Мөн ганцхан жилийн нүүр үзэхгүй урагдаж мууддаг байсан хуучин дүрэмт хувцсыг бодвол илүү чанартай болсон гэж үйлдвэрлэгчид итгэл төгс өгүүлж байна. Хувцас бүрээ давхар оёдлоор оёжээ. Тиймээс хичээлийн шинэ жилдээ эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцсаараа Ерөнхий боловсролын сургуу­лийн нийт сурагчдын 73.9 хувь нь гоёно. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарын 141792, орон нутгийн 231595 сурагч дүрэмт хувцсаа хүлээж байна гэсэн үг.
Дүрэмт хувцасны тухайд хөвгүүд пиджак, өмд, хүрэм, цамц, ноосон майк, цамц, зангиагаар гоёх бол охидод юбка л нэмэгдэх гэнэ. Харин үнийн талаар яамныхан “Эцэг эхчүүд хүүхдийнхээ хувцсыг сонгох боломжтой шүү дээ. Заавал бүгдийг нь авах шаардлагагүй. Өнгөрсөн жилтэй харьцуулахад шинэ дүрэмт хувцас хуучнаасаа 10-24 мянган төгрөгөөр илүү байгаа” хэмээсэн юм.

Хүүхдүүд сурах бичгийн хомсдолд орохгүй...

Харин 2013-2014 онд хэрэглэх сурагчдын сурах бичгийн 95 хувь бэлэн болжээ. Нэг үгээр хэлбэл, хичээлийн шинэ жил эхлэхэд бяцхан дүү нар маань сурах бичгийн ямар нэгэн хомсдолд орохгүй гэсэн таатай мэдээ дуулгалаа. Энэ хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн 116 нэрийн сая гаруй сурах бичиг, 28 нэр төрлийн багшийн сурах бичиг хэвлэжээ. Үүнд зориулан салбарын яамнаас 3.2 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Шинээр хийж буй дүрэмт хувцас болон сурах бичгийн нийлүүлэлтийн талаар БШУЯ-ны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэгээс тодруулсан юм.

-Одоогийн байдлаар зөвхөн бага ангийнхны дүрэмт хувцас бэлэн гэлээ. Ахлах, дунд ангийнхны хувцас хэзээ сурагчдын гар дээр очих вэ?
 -Есдүгээр сарын 1 гэхэд I-III ангийнхны хувцсыг нийлүүлнэ. Ирэх сарын 15-20 гэхэд IV-V ангийнх, 30-нд дунд ангийн хүүхдүүдийн хувцас бэлэн болно. Харин ахлах ангийнхан хувьд ирэх аравдугаар сард дүрэмт хувцсаа өмсөх боломжтой.
-Яагаад оройтох болов. Үйлдвэрүүдийн хүчин чадал хүрэхгүй байна уу?
-Цаг хугацаа давчуу байснаас үйлдвэрлэл оройт­чих­лоо. Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэхэд 119 аж ахуйн нэгж ажиллаж байна. Үүний 47 нь орон нутгийн оёдлын үйлдвэр.
-Эцэг, эхчүүд сурагчийн дүрэмт хувцас өндөр үнэтэй байна гэдэг. Хямд өртгөөр  оёх боломж байхгүй юу. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Асуудлыг зөвөөр ойлгох хэрэгтэй. Нарийн яривал шинэ дүрэмт хувцас хуучнаасаа 10-24 мянган төгрөгийн зөрүүтэй. Энэ нь үйлдвэрлэгчдээс тогтоо­­сон хамгийн доод үнэ. Тийм болохоор хямдруулах боломжгүй.
-ЕБС-д сурдаг олон хүүхэдтэй өрхийн хувьд хүнд тусч байгаа. Тиймээс ямар нэгэн хөнгөлөлт үзүүлэх үү?
-Нэн ядуу болон амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхүүдэд ямар нэгэн байдлаар хөнгөлөлт үзүүлж болох талаар яамнаас ажлын хэсэг гаран судалгаа явуулж байна. Түүнээс биш албан ёсоор хөнгөлөлт үзүүлэх журам гараагүй.
-Сурах бичгийн нийлүүлэлт улсын хэмжээнд хэдэн хувьтай байна вэ?
-Шинээр хэвлэх шаардлагатай бүх сурах бичгийг нийлүүлэх ажил дуусах шатандаа орсон. Өнөөдрийн байдлаар сурах бичгийг хэвлэн нийлүүлэх ажлын гүйцэтгэл 95 орчим хувьтай байна.
-Сурах бичгийн хүртээмж хэр байх бол?
-Ерөнхий боловсролын сургуулийн I-XI дүгээр ангийн нийт сурагчдын 86.8 хувь буюу 10 хүүхэд тутмын найм нь төрийн дэмжлэгтэйгээр бүх сурах бичгээр хангагдана. Су­­­рах бичгийн хүртээмжийг өн­гөр­сөн оноос 21.2 хувиар нэмсэн.
-Үнийн хувьд ямар байх вэ, өнгөрсөн жилүүдэд хэрэгж­сэн хөнгөлөлт хэвээрээ байна биз дээ?
-Бага ангийн сурагчид бүх сурах бичгээ ямар нэгэн үнэ төлбөргүйгээр авна. Дунд, ахлах ангийн нийт сурагчдын 40 хувь болох 104382 нь тухайн ангид судлах бүх сурах бичгээ багцаар нь үнэ төлбөргүй хэрэглэнэ. Үүнд, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн болон бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамрагдана.

Б.Лхагвадорж

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан