Нэгэн үе манайхан дээд боловсрол руу хошуурч байсан бол өнөөдөр МСҮТ-ийг зорих болжээ. Одоогоор улсын хэмжээнд 80 гаруй мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв үйл ажиллагаагаа явуулж, суралцагчдын тоо жилээс жилд өссөөр байна. Энэ талаар Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн Боловсролын Сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ч.Энхбаатартай ярилцлаа.
-Их сургуулийн багш маань “Муухан хуульчаас сайн гагнуурчин болсон нь дээр” гэдэг сэн. Хоёулаа энэ үгнээс яриагаа эхлэх үү?
-Зөвхөн байгалийн баялгаа ухаж төнхөөд байх бус хамгийн чухал нь сайн мэргэжилтэн баялаг бий болгодгийг мартах учиргүй. Үнэхээр л муухан хуульчаас сайн гагнуурчин болсон нь дээр. Хүмүүс үндэсний үйлдвэрлэл гэхээр талх, нарийн боов боорцог гэх мэтээр л төсөөлдөг. Гэтэл дотоодын зах зээлд дутагдалтай хүнд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, барилгын материал зэргийг бид өөрсдөө үйлдвэрлэдэг болбол эдийн засгийн өсөлт нэмэгдэж, импортын хараат байдлаас гарна. Тийм учраас баялаг бүтээгч мэргэжлийн ажилтныг бэлтгэдэг МСҮТ-үүдийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, хөл дээр нь босгох шаардлагатай. Нөгөөтэйгүүр, манайд үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа ч компани, албан байгууллагын удирдлагууд МСҮТ-үүдийнхээ үйл ажиллагааг сайн ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл, МСҮТ-ийг төгссөн боловсон хүчнийг шаардлага хангахгүй байна гэдэг. Үнэндээ манайд ийм мэргэжлийн, хэлтэй устай, ур чадвар нь ийм, нас хүйс, боловсрол нь ийм хүн хэрэгтэй байна гэж нэг ч захиалагч санал болгодоггүй.
-Гэхдээ өнөөдөр залуус маань заавал дээд боловсрол эзэмшинэ гэж зүтгэх нь харьцангуй гайгүй болж?
-Хүүхдүүд сайтар эргэцүүлэн бодож алсыг харсан зоримог шийдвэр гаргадаг болж. Юм бүхэн өөрийн цаг хугацаатай байдаг. Тэр цаг нь иржээ гэж харж байна. Яамны зүгээс МСҮТ-үүдийг хөгжүүлэх талаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Ер нь, мэргэжил, стандарт, чадавхи гэж юу вэ, тухайн хүн маань ямар байх ёстой гэхчлэн сайн боловсон хүчин бэлтгэхэд аль аль талдаа анхаарлаа хандуулан ажиллаж байна. Хүн мэргэжилдээ дуртай, сонирхолтой байх нь чухал. Тэрнээс биш “Ээж, аав тогооч болоорой гэсэн” хандлагаар сургууль төгсвөл муу боловсон хүчин төрнө. Муу тогооч муу л хоол хийнэ. Тэгэхээр хүн өндөр хариуцлагатай байж, өөрийгөө хайрладаг байх хэрэгтэй. Түүнээс биш, би л хар бор ажлын хүн гэж өөртөө гамгүй хандаж болохгүй. 20, 30 жил мужаан хийж байгаад болъё доо гэж бодож болохгүй. Өөрийгөө хөгжүүлэн Монголд битгий хэл дэлхийд гайхагдах мэргэжилтэн болно гэсэн хүсэлтэй байх ёстой.
-Тэгвэл тэрхүү эрмэлзэл, хүсэл мөрөөдлийг МСҮТ-үүд олгож чадаж байгаа гэдэгт та итгэлтэй байна уу?
-Технологи, хөгжил дэвшил, мөнгө биднийг хүлээхгүй болохоор гүйцэх хурд чадвар хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, цаг үетэйгээ хөл нийлүүлсэн сургалт явуулах ёстой. Хөдөө орон нутагт байдал хэцүү байна. Тоног төхөөрөмж, суурь бааз, багшлах боловсон хүчин нэн түрүүнд шаардагдана. Хамгийн гол нь, багшийн тухайн оюутанд хандах хандлага чухал. Багш нар оюутныг мэргэжилтэн, ажилтан гэж харж харилцах нь чухал. Угтаа, дөнгөж ээж, аавынхаа өврөөс гарсан хүүхдүүдэд хэт хахир хатуу, захиргаадсан өнгө аясаар хандах нь тухайн оюутны эрх чөлөөний мэдрэмж, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, хөгжүүлэх боломжийг хязгаарлачихдаг. Энэ бол маш буруу. Компани, албан байгууллагууд ч гэсэн оюутныг мэргэжилтэн гэж хүлээж авах хэрэгтэй. МСҮТ-д танхимаар олж авсан онолоо оюутнууд ажлын байранд хөгжүүлэн төлөвшүүлж, дадал болгодог учраас ажилтан шиг харилцвал ажлын хариуцлага, үүрэг гэдгийг мэдэрнэ. Чиний хэлсэн эрмэлзлэлийг дан ганц МСҮТ-үүд биш эцэг эх, гэр бүл, албан байгууллагууд тухайн оюутанд олгох учиртай юм. Ангид сууж хэт их онолоор бөмбөгдүүлэхийн оронд үйлдвэрт, мастер, даамлыг дагалдаж шинэ техник технологи, төхөөрөмжтэй танилцан мэдэхгүй, чадахгүй гэж айж эмээхгүйгээр суралцах ёстой. Тийм ч учраас албан байгууллагууд МСҮТ-ийг ойлгож, дэмжиж ажиллах хэрэгтэй.
-Товчхондоо үндэсний үйлдвэрлэлээ дэмж гэсэн санаа байх нь?
-Тийм шүү. Чадварлаг боловсон хүчин гэдэг баялаг, үндэсний үйлдвэрлэлийн үндэс суурь болохоор маргаангүй үнэн.
-Таны хэлснээр сүүлийн 10 гаруй жил МСҮТ-үүд эргэн сэргэж байгаа ч барилга, уул уурхай гэх мэт ажлын байр ихтэй салбарт гадаадын ажилчид ажиллаж байна. Үүнийг та хэрхэн тайлбарлах вэ?
-Энэ бол цэвэр хүний хандах хандлагаас шалтгаалж байгаа юм. Нийгэм нь шилжилтийн үе дээрээ, салан задгай сэтгэхүйгээрээ ажлаа тасалдаг, архи дарс уудаг үзэгдэл их байгаа нь нийгмийн сэтгэлзүйд нөлөөлөөд байх шиг. Залуус нэг хэсэг архи дарс ууж, салан задгай байсан бол одоо гайгүй болж. Аажмаар сайжирч буй залуусын энэ хүмүүжлийг боловсрол олгож байгаа сургуулиуд л хурдасгах хэрэгтэй. Юм бүхнийг зоосны нүхээр харж болохгүй. Мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй, ариун нандин юм гэж бий. Хүн хүнээ хайрлах, хөлс хүч хөдөлмөрөөрөө олж идсэн талхны амтыг мэдрэх гээд л.
-Саяхан Германд мэргэжлийн боловсон хүчний ур чадварын уралдааныг үзэж сонирхоод ирсэн гэсэн?
-Хөдөлмөрийн яам, БХЯ, Хөдөлмөрийн бирж, мэргэжлийн холбоодын төлөөлөл орсон 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг Германд гурван жил тутам болдог “World Skill” буюу Дэлхийн мэргэжлийн ур чадварын тэмцээнийг үзэж сонирхоод ирлээ. Мэргэжлийн ажилчин, боловсон хүчний олимп гэгддэг эл тэмцээн нь 60 гаруй жилийн өмнө үүссэн. Анх Европын хэдэн орон хоорондоо өрсөлддөг байсан бол одоо дэлхийн хэмжээний тэмцээн болж. Энэ жил 58 улс, орны 21 доош насны мэргэжлийн ажилтан, боловсон хүчнүүд 47 мэргэжлээр өрсөлдсөнөөс Солонгосын баг түрүүлж, Тайвань, Швейцарь улсынх удааллаа.
Тэмцээнээс харахад тэргүүн байр эзэлсэн улс орнууд МСҮТ-үүддээ холимог систем нэвтрүүлсэн бөгөөд энэ нь, оюутанд онол, практикийг зөв хослуулснаар зах зээлд шаардлагатай мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэдэг юм байна. Нөгөөтэйгүүр, энэ тэмцээнд түрүүлснээр байр эзэлсэн орнуудын МСҮТ-үүдийн бэлтгэсэн боловсон хүчнийг дэлхий даяар булаацалдаж эхэлнэ. Улмаар нарийн мэргэжлийн үнэлэмж нь өсч, тухайн хүн ажил олгогчид ажлын байрны шаардлага тавих эрхтэй болж байгаа юм.
-Энэ удаад манайхан туршлага судаллаа. Дараагийн тэмцээнээс оролцож эхэлбэл өрсөлдөх чадамж харагдах юм уу?
-Нэгдүгээрт, ямар мэргэжлээр өрсөлдөх вэ гэдэг нь чухал. Үүнийг цаг хугацаа харуулна. Гол нь, тухайн жил аль мэргэжлийн өрсөлдөөн их байх вэ гэдгийг тандах. Тэрнээс биш манайх энэ жил тогооч явуулна гэж тооцоо судалгаагүй ярьж болохгүй. Тэмцээнд оролцох хүн маань хэлний өндөр мэдлэгтэй, бие бялдрын өв тэгш хөгжилтэй, цаг агаарын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай байх ёстой. Ур чадварыг өөртөө бий болгож чадсан, иж бүрэн зэвлэглэсэн тийм л хүн бэлтгэн тулаанд оруулах ёстой.
-Тулаанд орлоо гэхэд ялах магадлал хэр хол харагдаж байна?
-Хүсвэл ойрхон байж болно. Манайд ур чадвар сайтай нарийн мэргэжлийн боловсон хүчин зөндөө л байна. Гагцхүү хөрөнгө мөнгө, дэмжлэг л дутагддаг. Энэ тэмцээнд алгасалгүй оролцож эх орныхоо нэрийг өндөрт өргөхийн тулд Ерөнхийлөгчийн ивээл дор оролцох хүнээ бэлтгэдэг болох тухай ярьж байгаа.