Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын төмөр замын хөгжил Орос, Хятадаас хоцорч байгаа ч бидэнд боломж бий


УИХ-ын даргын захирамжаар Монгол Улсын төмөр зам, түүгээр дамжин өнгөрөх зорчигч, ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, тээврийн нэгдсэн логистик сүлжээ бий болгох, нефть, хийн хоолой, холбооны болон цахилгаан дамжуулах шугамын талаар нэгдсэн бодлого боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэг, Шинжлэх ухааны академийн олон улс судлалын хүрээлэн, Их Британийн Кембрижийн их сургууль, Монголын төмөр замын инженерүүдийн холбоотой хамтарч “Монголын төмөр замын хөгжлийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Төмөр замын үүсэл хөгжил, өнөөгийн бодит байдал, цаашдын хөгжлийн талаар бодлого боловсруулагчид, салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн, судлаачид хэлэлцэж, мэдээлэл солилцохоор уг бага хурлыг хийсэн юм. УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, шинжлэх ухааны байгууллагууд, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж зэрэг 30 гаруй байгууллагын төлөөлөл 150 орчим хүн оролцов. Мөн УИХ-ын гишүүд, энэ асуудалд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа төмөр замын тээврийн үнэ тарифын асуудлыг анхаарах тухай хөндсөн бол УБТЗ-ын зорчигч тээврийн тарифын хувьд одоогийн мөрдөж байгаа нь алдагдалтай гэсэн хариулт өгөв.

Олон улсын зорчигч тээврийн хувьд алдагдалтай  гардаг аж. Ачаа тээврийн хувьд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнд нөлөөлөх алдагдал байгаа гэв. Иймээс нүүрсний тээврийн тарифыг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэйг хэллээ. Транзит тээврийн хувьд алдагдал харьцангуй бага аж.  

Харин УИХ-ын гишүүн Ц.Цолмон цариг солих асуудлыг хөндөж, шилжүүлэн ачих ажлыг Монголдоо хийх,  шилжүүлэн ачих ажлын тонн тутмын гурван ам.долларыг улсдаа шингээх нь зүйтэй гэж байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн А.Бакей урьд нь төмөр замын асуудал хариуцсан агентлаг байсан бол одоо хаана бодлогоо зангидаж явааг сонирхож, төр цаашдаа үүнд илүү анхаарах хэрэгтэйг дурдав. 2006-2007 онд Төмөр замын хэрэг эрхлэх газар гэж тусдаа агентлаг байсан бол татан буугдаж, салбарын яамныхаа харьяанд оржээ. Одоо бол ЗТЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар төмөр замын асуудлыг хариуцаж байгаа юм. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг хоёр, гурван жил ажиллаж боловсруулан УИХ-аар 2010 онд батлуулан, хэрэгжүүлж байгааг ЗТЯ-наас эрдэм шинжилгээний хуралд оролцсон төлөөлөгч тайлбарлалаа.

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг төмөр замын транзит тээвэрт нэгдсэн бодлого хэрэгтэй байгааг онцлов. Бүс нутгийн эдийн засагтаа үр ашигтай оролцохын тулд манай улс транзит тээвэрт анхаарах ёстой. Тиймээс энэ чиглэлээр түр хороо байгуулж, ажиллахаар болж. Цаашид хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход дээрх түр хороо анхаарах юм байна.
Эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон эрдэмтэн судлаачдын илтгэлд олон чухал асуудлыг хөндөж байлаа. Тухайлбал, Орос, Хятад хоёр хөршийн төмөр замын талаар судалгаа хийж, үүнээс үндэслэн манай улс ямар асуудлыг анхаарч, хэрхэн хөгжүүлэх талаар ярилцсан юм.

ОХУ гэхэд төмөр замын салбартаа шинэчлэл хийж, элдэв дарамт, хүнд суртлаа багасгахад ихэд анхаарах болж. 200 км цагийн хурдтай галт тэрэгтэй болохоор төлөвлөж байгаа. Хэдийгээр ОХУ БНХАУ-тай төмөр замаар шууд холбогдох талаар яригдсан ч энэ нь манай улстай салшгүй холбоотойг хаа хаанаа анхаарах хэрэгтэй гэнэ. Нөгөө талаас хоёр хөршөөрөө дамжиж дэлхийн зах зээлд холбогдох боломжтой учир манай улс зөв бодлого явуулах нь ихээхэн ач холбогдолтойг онцлов. Манай улс транзит тээврийн хурдаа нэмэгдүүлж, газар нутгийн давуу байдлаа ашиглаж, алс хэтийн бодлогоо илүү тодорхой болгохыг  эрдэмтэн, судлаачид зөвлөж байна.

Тэгвэл Хятад улс төмөр замын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэх болсон учраас тэднээс суралцах зүйл чамгүй их гэдгийг орхиж болохгүй. Одоо 98 мянган км урт төмөр замтай БНХАУ 2020 он гэхэд үүнийгээ 122 мянган км болгохоор зорьжээ. Тэр дундаа хурдан галт тэргийг сүүлийн үед хурдацтай хөгжүүлж, бусад улс оронд экспортлох сонирхолтой байгаа аж. Цагт 400 км хурдалдаг галт тэргээ туршихад 395 км цаг хурдалсан гэнэ. Зорчигч тээвэрт энэхүү цахилгаан галт тэргээ ашигласаар байна. Гадаадын улс орнуудад хурдан галт тэрэг, технологио нийлүүлж, экспортлохоор 17 улстай хэлэлцээр хийж эхэлжээ. Тухайлбал, Лондон-Бээжингийн чиглэлд хурдан галт тэрэг аялуулж, нийтдээ хоёр хоногт энэ замыг туулахаар төлөвлөж байгаа юм. Иймээс урд хөршийн төмөр замын хөгжлийг Монгол Улсад нэвтрүүлэх боломжтойг судлаачид хэллээ.

Улсдаа хамгийн урт төмөр замтай нь Өвөрмонгол учир ачаа тээврийг хөгжүүлэхэд түлхүү анхаарчээ. Хятадын тал 2015 он гэхэд Монгол Улстай холбогддог Ганц мод, Мандал, Эрээн, Рашаантын боомтоор нүүрс тээвэрлэх төмөр зам тавихаар төлөвлөжээ. Одоогоор Шивээ хүрэн, Эрээний боомтоор төмөр замаар холбогдсон байна.  

1990 онд манай улс  Хятадтай байгуулсан транзит тээврийн талаарх гэрээг яаралтай шинэчлэх асуудал тулгарч байгааг судлаачид хэлэв. Засгийн газраас 2008 онд “Транзит Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж буй ч худалдаа, тээврийг хөнгөвчлөхөд чиглэсэн бөгөөд  2015 онд дуусах аж. Монгол Улс түүхий эдээ гурав дахь зах зээлд гаргаж чадахгүй байгаа учир үүндээ төмөр замаа ашиглах хэрэгтэйг онцолсон юм. Ялангуяа БНСУ, Япон зэрэг улсад нүүрсээ нийлүүлэх нь төмөр замаар тээвэрлэгдэн хүрэх боломжтой. Гэтэл ингэж хүргэхийн тулд Хятадын транзит тээврийн ашиглая гэхээр ачаалал ихтэй гэсэн тайлбар хэлдэг учир юуны өмнө 1990 оны гэрээг шинэчлэх цаг болсныг сануулан хэлж байлаа. ОХУ найман жилийн дараа 200 км цагийн хурдтай хурдан галт тэрэг явуулж эхлэх талаар ярьж байхад Хятадууд 400 км цаг хурдтайг удахгүй ашиглаж эхлэх гэж байна.

Манай улс Казахстан улсын арга, туршлагаас суралцах боломжтой аж. Манай улсын нөхцөл байдалтай ижил, далайд гарцгүй, өргөн царигийн төмөр замтай Казахстан энэ салбартаа Хятадтай маш нягт хамтарч ажиллаж чаддаг. 1000 км урт хурдны галт тэрэгний замтай болохоор Хятадтай гэрээ байгуулжээ.  Сүүлийн жилүүдэд Хятадын талтай маш сайн хамтарч ажиллаж, улсдаа технологиос нь нэвтрүүлэхэд анхаарч байгаа учир манай улсын хувьд энэ боломжийг олж харах нь чухал байгаа юм.

Төмөр замын салбарт ажиллаж байгаа хувийн хэвшлийнхэн энэ үеэр саналаа  хэлж байлаа. Зөвхөн эрдэм шинжилгээний бага хурлаар төмөр замын хөгжлийн талаар яриад өнгөрөх биш үргэлжүүлэн зөвлөлдөж байх ёстой гэв. УИХ-ын ажлын хэсэг зөв, бодлого, чиглэлээр энэ салбарын ажлыг хууль, эрх зүйн хүрээнд зохион байгуулахад анхаарч ажиллана гэж тус ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Г.Батхүү энэ үеэр хэлж байлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан