Монголбанкны ерөнхийлөгчийн зөвлөх С.Болдтой эдийн засгийн өнөөгийн байдал, төсвийн бүрдүүлэлт ямар байгаа талаар ярилцлаа.
-Төсвийн алдагдал жилийн эцэст их өндөр гарах нь гэсэн тооцоо байна. Төсвийн орлогын гүйцэтгэл ямар байгаа бол. Орлого саарч буй шалтгааныг хэлж өгнө үү?
-Улсын төсвийн орлого энэ жил долоон их наяд төгрөг байхаар батлагдсан. Гэтэл төсвийн орлогын бодит гүйцэтгэл одоогоор 84 хувьтай байна. Орлого ингэж тасарч байгаагаас төсвийн зардал тэр дундаа төсвөөс санхүүжилт авдаг төсөл хөтөлбөр дутуу гүйцэтгэлтэй гарах нь. Тэгэхээр энэ оны төсвийн орлогыг яаж бүрдүүлж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудыг хэрхэн хангах вэ гэдэг нь анхаарах асуудал болоод байна. Манай улс энэ онд ДНБ-ий хоёр хувийн алдагдалтай төсөвтэй байх ёстой. Одоо харагдаж буй эрсдэл гэвэл төсөвт орох орлогууд тасраад байгаа тохиолдолд зардалдаа тодотгол хийхээс өөр сонголт алга. Эхний долоон сарын гүйцэтгэлээр орлогын тасалдал их өндөр байна.
ДНБ-ий бараг гурван хувьтай тэнцэх хэмжээний буюу нэг их наяд орчим төгрөгийн дутагдалтай гарлаа. Үлдсэн таван сард нь төсвийн орлого 500 орчим тэрбум төгрөгөөр тасрах болов уу гэсэн хүлээлт бий. Яагаад гэвэл гадаад эдийн засгийн нөхцөл сайжраагүй. Экспортод бүтээгдэхүүн гарч байгаа боловч орлого нь бага. Тэгэхээр төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй дүр зураг харагдаж байна. Үүнээс гадна Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулах замаар 450 орчим тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр энэ оны төсөвт тусгасан. Улсын төсөв хэлэлцэж байх тэр үед Монголбанк энэ бол төсвийн орлого бүрдүүлэхэд нөлөөлөх бодит эх үүсвэр биш гэж үзэж байсан. Энэ орлого бодит байдал дээр биелэхгүй гэж харж байгаа. Тэгэхээр энэ хэмжээгээр төсвийн орлого тасрах байх гэж бодож байна.
-Гадаадын хөрөнгө оруулалт буурлаа гэж яриад байгаа. Яг хэд байснаа өнөөдөр хэд болчихов?
-Оюу толгойгоос гадна 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Монголын эдийн засагт орж ирдэг байлаа. Одоо энэ тоо тав дахин буурчихлаа. Оюу толгойн баяжуулах үйлдвэр ашиглалтад ороод бүтээгдэхүүн экспортод гарч эхэлсэн. Иймд орж ирэх хөрөнгө оруулалт нь бас буурч байгаа л даа. Ингээд манай улсын эдийн засагт жилд орж ирдэг байсан 4.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт өнөөдөр 1.4 болж буураад байна. Хөрөнгө оруулалт ингэж буурахад гадаад, дотоодын олон хүчин зүйл нөлөөлсөн. Дотоод шалтгаанд хууль эрх зүйн орчин тодорхой бус байдал орно. Монголбанк үүнд нэг л гарц шийдэл байна харж байгаа. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын тодорхой бус байдлаа нэн даруй засах хэрэгтэй. Тодорхой бус байдал маш олон сар үргэлжиллээ. Ийм орчинд хөрөнгө оруулалт орж ирдэггүй, харин ч байсан нь зугатдаг. Тэгэхээр хууль эрх зүйн орчин, хуулиа сурталчилах гээд төрийн хийх ажил олон бий. Нэн тэргүүнд хөрөнгө оруулалтын орчноо сайжруулж хуулиа өөрчлөх ёстой. Тэгж байж Оюу толгойгоос бусад хөрөнгө оруулалт нэмэгдэх суурьтай болно. Энэ зөвхөн энэ жилийг ч яриагүй шүү. Ирэх нэг, хоёр, гурван жилд ямар хөрөнгө оруулалт хэрхэн татах бололцоотой вэ гэдгийг л ярьж байгаа юм. Ирэх онуудад эдийн засгаа тогтвортой өсөлттэй байлгахын тулд бидэнд хөрөнгө оруулалт хэрэгтэй.
-Монголд орж ирэх гадаад валютын урсгал хэдий хэмжээгээр буурав?
-Нүүрсний экспорт 53, зэсийнх 42, Оюу толгойгоос бусад нийт хөрөнгө оруулалт 46 хувиар буурлаа. Жишээлбэл, сар тутам орж ирдэг байсан 10 ам.долларын дөрөв нь байхгүй боллоо гэсэн үг. Тэгэхээр гаднаас орж ирдэг байсан мөнгөний эх үүсвэр багасч эдийн засагт огцом нөлөө үзүүлнэ. Энэ дутсан мөнгийг нь тодорхой хэмжээгээр нөхөж байх ёстой. Ингэхгүй бол мөнгөний эх үүсвэрийн дутагдалд орж эдийн засагт санхүүгийн хямрал бий болно. Мөнгө зээлийн бүх үзүүлэлтүүд унаж хасах утгатай болдог. Ийм учраас Монголбанкнаас төгрөгийн нийлүүлэлт зайлшгүй хийгдэх ёстой байсан. Харин төгрөгийн нийлүүлэлт хийхдээ учир замбараагүй биш. Бодит секторт очих зорилтот нийлүүлэлт хийж ажлын байр хадгалах, орлогыг нь нэмэгдүүлэх, хамгаалхад чиглэсэн төгрөгийн нийлүүлэлт хийсэн. Төгрөгийн ханш сулраад байгаа суурь шалтгаан нь орж ирдэг байсан ам.доллар нь багассантай холбоотой. Харин долдугаар сарын сүүлч энэ сарын эхнээс ханшийн огцом сулралт гарлаа. Үүний шалтгаан нь өөр. Тухайлбал олон төрлийн сөрөг мэдээлэл, зах зээлийн итгэл алдарсантай холбоотой.
-Импорт бол гадаад валют авч гардаг. Өнөөдөр манай улсын импорт ямар үзүүлэлттэй байна вэ?
-Оны эхний долоон сарын байдлаар долоон хувиар буурсан байна. Гэхдээ энэ бууралтыг дотор нь аваад үзвэл хөрөнгө оруулалт хэлбэрээр орж ирээд гадаадаас машин тоног төхөөрмж оруулж ирдэг байсан хандлага багассан. Нэг ёсондоо хөрөнгө оруулалт буураад ирэхээр машин тоног төхөөрөмжийн импорт буурлаа. Нөгөө талаар төгрөгийн ханш алгуур сулраад ирэхээр зайлшгүй шаардлагатай биш байсан бүтээгдэхүүний импорт бас агшиж байгаа юм. Гэхдээ бага хэмжээгээр. Импортын энэ агшилт бол огцом дорвитой бууралт биш. Гэтэл экспортын орлого огцом буураад байна шүү дээ. Товчхондоо хэрэглээ нь төдийлөн буураагүй, түүнийг худалдаж авдаг мөнгө багасаад байна.
-Оны төгсгөлд манай улсын эдийн засгийн өсөлт хэдэн хувьтай гарах төсөөлөл байна вэ?
-Энэ оны нэгдүгээр улиралд эдийн засгийн өсөлт 7.1, хоёрдугаар улиралд 14.3, эхний хагас жилд 11.3 хувьтай гарсан. Хоёрдугаар улиралын бодит өсөлт яагаад хоёр оронтой тоонд гараад ирэв гэдэг нь мөчлөг сөрсөн бодлогын үр дүн юм. Тэр дундаа тээвэр, агуулах, барилга, хөдөө аж ахуйн салбарын өсөлт голлон нөлөөлсөн. Бид цаашдаа мөнгөнийхөө хэмжээ, өсөлтийг зохистой төвшинд хадгалаад яваад байх юм бол оны төгсгөлд ДНБ-ий бодит өсөлт хоёр оронтой тоонд байна. Тухайлбал, өнгөрсөн оны 12 хувийн өсөлтөөс нэг их буурахгүй гарах байх. Бидэнд ийм итгэл үнэмшил байна. Гэхдээ яг төд болно гэж хэлэхэд хүнд. Үүнд маш олон хүчин зүйл нөлөөлнө. Эдийн засгийн бодит өсөлтийг тогтвортой байлгахын тулд зайлшгүй хийх ёстой ажил олон байгаа юм. Тэрний нэг нь тасраад байгаа төсвөө тодотгоод Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийнхаа шаардлагыг хангах арга хэлбэрийг тодорхой болгоод өгөх хэрэгтэй. Үүний тулд төсөвт тодотгол хийж ийм ийм зардал хасагдана. Ингээд төсвийн алдагдал хуульд зааснаар ДНБ-ий хоёр хувьтай тэнцэх хэмжээндээ хүрнэ гэдгээ заагаад өгөх хэрэгтэй юм. Энэ тохиолдолд Монголбанк мөнгөний бодлогоо илүү ойлгомжтой, үр дүнтэй хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Яагаад гэвэл төсвийн бодлого ойлгомжгүй байгаа тохиолдолд мөнгөний бодлого амжилттай хэрэгжихэд хүндрэлтэй. Дахин хэлхэд хөрөнгө оруулалтын орчноо сайжруулмаар байна. Экспортынхоо биет хэмжээг бас нэмэгдүүлэх шаардлагатай. Төр засаг эдгээр зүйлсийг хийчихвэл энэ оныг бид гайгүй даваад гарчихна. Ямар ч байсан нэлээн хүнд үеэ ардаа хийсэн.