Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Алдагдалд атгуулсан ”ард”-ын өмч

Төр өмчтэй байх ёстой, ёсгүй гэсэн үзэл эдийн засагч, иргэдэд байдаг. Гэхдээ энэ талаар бус төрийн өмчит компаниудын сүүлийн гурван жилийн хугацаанд хэрхэн ажилласан талаар өгүүлье. Төрийн өмчийн хороо /ТӨХ/ төрийн өмчийн болон төрийн оролцоотой компаниудын үйл ажиллагаа, санхүүгийн байдалд шалгалт хийж үнэлэлт дүгнэлт өгчээ. Өнгөрсөн онд 14 компани хамгийн их буюу нийтдээ 50 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Барилгын материалын өнөөгийн ханшаар тооцвол уг мөнгөөр 25 сургууль, хүүхдийн 30 цэцэрлэг, 6-7 эмнэлэг барих нь. 

Үүнээс гадна 100 саяас нэг тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж буй 10 компани байна. Эдгээр компанийн  алдагдалтай ажиллаж буй шалтгаан нь төлөвлөлт, технологийн шинэчлэлт, хүний нөөцийн чадамж, хөрөнгийн менежмент, санхүүгийн удирдлага муу байгаатай холбоотой аж. Иймд ТӨХ-ноос алдагдалтай байгаа компаниудын үйл ажиллагаанд шинэчлэлт хийж, өөр арга барилаар ажиллана хэмээн мэдэгдлээ. Үүний тулд төрийн өмчит компаниудад бүтцийн өөрчлөлт хийхээр болжээ.

Төрийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөл  есөн гишүүнтэй байх бөгөөд үүний зургаа нь Сангийн яам, Эрчим хүчний яам, Уул уурхайн яам, Эдийн засгийн яам, Төрийн өмчийн хороо зэрэг төрийн захиргааны байгууллагаас орох аж. Үлдсэн гурав нь нэр дэвшүүлэх хорооноос зарласан хараат бус гишүүн байна. Гэхдээ эдгээр хүн нь тухайн салбарт ажиллаж байсан эрдэмтэн судлаач, чадварлаг мэргэжилтэн байх юм.

Цахилгаан станцуудын алдагдал хамгийн их

Хамгийн их буюу жилд нэг тэрбум төгрөгөөс дээш алдагдалтай ажиллаж буй компанийн дийлэнх нь эрчим хүчнийхэн байна. Тухайлбал,  “ДЦС-3” 2009 онд 17.4,  2010 онд 1.8, 2011 онд 6.7,  өнгөрсөн онд 8.8 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Мөн “ДЦС-4” жилд 22 тэрбум хүртэлх төгрөгийн алдагдал хүлээсэн бол өнгөрсөн жил найман тэрбум болсон байна. Энэ талаар эрчим хүчний салбарын мэргэжилтнүүд “Манай дулааны цахилгаан станцууд технологийн шинэчлэл хийхгүй бол жил бүр нэмэгдэж буй ачааллаа дийлэхгүйд хүрсэн.

Ер нь, хүчин чадлынхаа дээд хэмжээнд тултал ажиллаж байгаа болохоор ослын зогсолт хийхэд тун ойрхон байна” хэмээдэг.  Тэгэхээр техник, технологийн энэ хоц­рогдол алдагдалтай ажиллах бас нэг үндэс болох нь. Харин төвийн эрчим хүчний системийг нүүрсээр хангадаг Багануурын уурхайн алдагдал 9.1-5.8 тэрбум болж багассан гэдэг.  Гэхдээ ТӨХ-ны шалгалтын явцад Багануурт хөрс хуулалтыг инженерийн бодлогоор хийгээгүй зүйл ажиглагджээ. Өөрөөр хэлбэл, зөвхөн гол нөөцөө л авах гэж зүтгэснээс бус овоолгоо хаана хураах, хаягдал багатай ашиглах гэх мэтийг бодолцоогүй алдаа гаргасан аж. Бас  уурхайн гүнээс ундарсан усаа тогтмол зайлуулаагүйгээс нүүрсний чанарт сөрөг нөлөөлсөн байна. Тус уурхай өнгөрсөн онд гурван сая тонн нүүрс олборлосон. Энэ онд дөрвөн сая орчим тонн нүүрс олборлох төлөв бий.  
 
Эрчим хүчнийхний алдаг­дал ийнхүү буурахад гурван жилийн өмнө Засгийн газраас татаас өгч эрчим хүчний салбарын өрийн сүлжээг арилгах арга хэмжээ авсантай холбоотой аж. Үүнээс гадна компаниуд өөрсдөө үргүй зардлаа танах болжээ.  
Эрчим хүчний салбарын алдагдлыг арилгахын тулд цахилгаан, дулааны үнийг нэмэхээс өөр аргагүй хэмээн мэргэжилтнүүд үзэж буй. Иймд Эрчим хүчний зохицуулах хороо энэ сараас эхлэн цахилгаан, дулааны үнийг нэмэх шийдвэр гаргасан билээ. ТӨХ-ныхны хэлж байгаагаар цахилгаан, ду­лааны үнэ нэмэгдсэн нь алдагдал буурахад том хувь нэмэр болно хэмээж байна.  Мөн уурхай, дулааны цахилгаан станц хоёрын хооронд үүссэн өрийн сүлжээг ч арилгахад нөлөөлнө хэмээн тооцож байгаа юм.

Эрдэнэт үйлдвэр санхүүгийн хүндрэлд орсон ч ашигтай ажиллаж байгаа

Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар өчигдөр сэтгүүлчидтэй алдагдалтай ажиллаж буй төрийн өмчит компаниудын талаар нээлттэй ярилцсан. Тэрбээр  “Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэт, Төмөр зам гээд тө­рийн өмчийн компанийг барьцаалсан гэж ярьж байна. Ер нь, хэн нэгэн хуулийн этгээд хувь хүн төрийн өмчит компанийг батлан даалтаар авах хууль зүйн үндэс байхгүй. Төрийн өмчийн хороо өөрийн харьяаны компаниудаа ашиг­тай ажил­луулах ёстой.
Нийгэмд төрийн өмчийн компанийг барьцаалах, батлан даалгах явдал байна гэсэн ойлголт бий. Үүнийг бид өөрчлөх гэж байна. Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай холбооой асуудлыг Орос Монголын төлөөлөгчид ярил­цаж шийддэг. Хэрэв асуудал үүссэн бол хуулийн байгууллага шалгаж, тогтооно. Эрдэнэт үйлдвэр өнөөдөр санхүүгийн зохисгүй харьцаанаас болж хүнд байдалд орсон юм. Түүнээс биш  үйл ажиллагаа нь хэвийн явж,  ашигтай ажиллаж байгаа. Энэ  үйлдвэрийг тойрсон асуудлыг хуулийн байгууллага шалгаж байна. Зээл өгсөн гадаадын “Стандарт” банк нь танайхаас зээл авсан.
Барьцаанд нь Эрдэнэт үйлдвэр, төмөр замыг тавьсан гэсэн.  “Жаст групп” хувьцаат компанийн захирал байсан Батхүү ийм зээл авснаа өөрөө шууд хүлээсэн. Гэхдээ хуурамч бичиг баримт бүрдүүлж  энэ хэргийг хийсэн гэж байгаа. Гэхдээ шүүх хууль хяналтын  байгууллага л уг асуудлыг шийдэх учиртай” гэж ярилаа.

МИАТ-ийн зах зээлийг хамгаалах шаардлагатай

Хамгийн их алдагдалтай ажиллаж буй компаниудын тоонд МИАТ оржээ. Тус компани 2009 онд нэг тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Энэ нь, жил бүр нэмэгдэж иржээ. Жишээлбэл, 2010 онд хоёр, 2011 онд 5.6, өнгөрсөн жил 4.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан тооцоог ТӨХ хийжээ.  Ингээд ТӨХ тус компанийг ашигтай ажиллуулах үүднээс бүтцийн өөрчлөлт хийж эхэлжээ. Тэгэхдээ агаарын тээврийн компанийн үйл ажиллагаа онцгой хариуцлагатай тул удирдлага, менежментийн баг нь  мэргэжлийнх байх ёстой хэмээн үзэж буй.
ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлагын газрын дарга Д.Болормаа “Зам тээврийн яам, ТӨХ-ны ажлын хэсэг ажиллаж байна. МИАТ компанийн бүтээгдэхүүний өөрийнх нь өртөгт тулгуурлаж алдагдлыг нь бууруулна.  Алдагдлаас гаргахын төлөө эдийн засгийн шинжилгээ хийж байна. МИАТ нь үндэсний агаарын тээвэрлэгч компани тул  маш олон чиглэлд нислэг хийж, зах зээлээ өөрөө бойжуулдаг. Жишээлбэл, Улаанбаатар-Берлин, Улаанбаатар-Сөүл, Улаанбаатар-Токио гэсэн чиглэлд зорчигч тээвэрлэдэг. Гэтэл зах зээл рүү нь Туркийн авиа компани орж ирж байна. Мөн дотоодын компани ч зах зээлийг нь хуваах хандлагатай болсон. Нөгөө талаар, өөрийн гэсэн онгоцгүй байсан. Одоо шинэ онгоцтой боллоо. Цаашид хоёрыг авна. Ашигтай байхын тулд зах зээлийн зарчмаар ажиллуулах нь зүйтэй гэсэн дүн шинжилгээ хийлээ. Мөн мэргэжлийн ажилтан бэлтгэх талаар түлхүү анхаарах ёстой. Ажилчдын цалинг нэгдсэн системд оруулна. ТӨХ дундаж цалинг тогтоож өгдөг. Тэгэхээр ажилчдын зэрэглэлээр нь цалин хөлс тогтоодог зарчимд шилжиж байна. Мөн дамжин нисэх нислэгийн зах зээл нээх, өөрийн бойжуулсан зах зээлээ хамгаалах шаардлага бий. Энэ мэт арга хэмжээ авснаар цаашдаа алдагдлаас гарна гэж үзэж байна” гэсэн юм.  

Төрийн өмчийн компаниуд шилэн түрийвчтэй болно

Нээлттэй ярилцлагын үеэр ТӨХ-ны дэд дарга Ж.Төмөрбаатар “2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө “Хүний хөгжил сан”-д мөнгө төвлөрүүлэх тогтоол гарсантай холбоотойгоор Таван толгой, Оюу толгой ТӨХ-нд хамааралгүй болсон. ТУЗ нь Засгийн газраас томилогддог учраас бидэнд үйл ажиллагаа нь хамааралгүй.
Алдагдалтай ажиллаж байгаа компаниудад бүтцийн өөрчлөлт хийж байна. Өөрөөр хэлбэл, ТӨХ, ТУЗ, компанийн хөлсөөр ажиллах гэрээ хийсэн захирлууд пирамид бүтэцтэй болсон.   ТӨХ бол өмчийн эзэн. ТУЗ нь тухайн компанид тохирсон ажил, мэргэжлийн багаар хангах үүднээс ажиллана. Тэгээд ТУЗ нь хөлсөөр ажиллах гүйцэтгэх захирлыг томилно.

Сүүлийн жилүүдэд ДНБ өсч, улс орны эдийн засаг ашигтай ажиллаж ирсэн ч  төрийн өмчит компаниуд яагаад алдагдалтай ажиллав гэсэн асуулт гарч ирдэг.  Гэтэл тэр үед гүйцэтгэх захирал ТУЗ, ТӨХ-г араас нь хөөж ажилладаг паралель бүтэцтэй байсан юм. Энэ алдаатай бүтцээс болж хөлсөөр ажиллаж буй захирал өөрөө өмчийн эзэн мэт ханддаг байснаас алдагдалтай ажиллах нэг үндэс болсон юм.  Тиймээс төрийн өмчит компанийн ТУЗ-ийг жилд нэг удаа шинэчилж байна. Яагаад гэвэл, тухайн компанийг ашигтай ажиллуулах гэж захиралтай хөлсөөр ажиллах гэрээ хийж, ТӨХ компанийн төсөв, төлөвлөгөөг нь баталж өгч байгаа. Ерөнхийлөгчийн санаачилсан “шилэн дансны тогтолцоо”-г нэвтрүүлнэ. Засгийн газрын журам ирэх сард гарна. Иймд өдөр тутмын гүйлгээ, бараа үйлчилгээ худалдан авах, бүтээн байгуулалт хийх зэрэг бүх асуудал үйл ажиллагаа нь ил байх юм” гэв.

Ингээд  ТӨХ-ны удирдлагууд “Бид хариуцлага тооцдог байгууллага бус төрийн өмчит компаниудад ил тод нээлттэй менежерийн үүрэг гүйцэтгэнэ” гэж мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, тухайн компанид тулгарсан асуудлуудыг шийдэх  УИХ, Засгийн газартай холбох гүүр нь болж өгөх нь.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан