Сүүлийн хэдэн жил мартагдах шахсан хүүхдийн эрх, ашгийн талаар хэн хүнгүй ярьдаг болж. Гэхдээ хийхээсээ илүү ярьсан нь их. Өнгөрсөн хугацаанд хүүхдээр овоглосон олон төсөл хөтөлбөр хэрэгжсэн ч, наалдацтайхан үлдсэн нь цөөн болохоор тэр.
Харин энэ жил Засгийн газраас хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, үндэсний хэл, соёл ёс уламжлалаа эрхэмлэдэг ирээдүйн монгол иргэнийг зөв төлөвшүүлэн хөгжүүлэхийн тулд “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгээ зарлалаа. Олон улсын байгууллага, хандивлагчдын зээл, төсөл, тусламжийн хүрээнд хэрэгжих эл хөтөлбөр удаан жилийн настай гэж байгаа. Өөрөөр хэлбэл, “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын шинэчлэл”, “Авьяас”, “Ном” гэсэн гурван дэд хөтөлбөрийн хүрээнд 2013-2016 он хүртэл хэрэгжинэ гэсэн үг. Гэхдээ хэлэх сайхан, хийх хэцүү гэдэг. Ул суурьтайхан шиг тооцоо судалгаатай эхлүүлэхгүй бол хөтөлбөр нэрэндээ багадсан олон ажил өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн болоод мартагдсаныг мартах учиргүй.
Тухайлбал, хамгийн өндөр төсөвтэйгээр хэрэгжсэн гэх “Эрүүл монгол хүүхэд” хөтөлбөрийг дурдаж болно. Өмнөх Засгийн газрын үед Ерөнхий сайд асан С.Батболдын санаачилгаар 18 тэрбум төгрөгийн өртөгтэйгээр хэрэгжсэн гэх эл хөтөлбөр үр дүнгээ өгсөн гэхэд хэцүүхэн. Учир нь, улсын хэмжээнд 0-18 насны хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах зорилго тавьсан эл хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн мэдээллийг нь нэгтгэж, анх удаа цахим мэдээллийн сан бүрдүүлсэн гэдэг. Энэ талаар тухайн үед Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар “Эрүүл хүүхэд аяны үндсэн зорилтуудын нэг болох хүүхдийн эрүүл мэндийн бүртгэл мэдээллийг сайжруулах, хяналтын тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн олон ажил амжилттай хэрэгжлээ” хэмээн хөтөлбөрөө дүгнэсэн юм даг.
Эл хөтөлбөрт Монгол Улсын бүх хүүхэд хамрагдсан гэдэг ч бодит байдалд захын хорооллын лааз, шил түүдэг Дулмаа, Доржийн хүүхэд хамрагдаж чадаагүй. Тэд ч гэсэн Монгол Улсын дансанд бүртгэлтэй, эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхтэй багачуул. Дээр нь, бага насны хүүхдүүдийн дунд шүд цооролт их байгааг тогтоосноос биш ямар эд эрхтэн нь өвчилж буйг нь тоож ч үзээгүй. Хатуухан хэлэхэд, 1980 оны дундуур иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, соёлч боловсон болгохын тулд Соёлын хувьсгал эхлүүлж байсан шиг өнгөн талын эрүүл ахуйг нь шалгасан хөтөлбөр болсон гэхэд хилсдэхгүй. Уг нь, хүүхдүүдэд ямар суурь өвчлөл байгааг тогтоон нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн эрүүл мэнд болоод хүүхдүүдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, бодлогын төвшинд хийх ажлаа тодорхойлох учиртай байлаа.
Гэтэл эрүүл хүүхэд аяны хүрээнд үзлэгт орох ёстой 976941 хүүхдээс 816941 буюу 83,6 хувь нь, мэдээллийн санд 97,5 хувь нь хамрагдлаа. Харин эрүүлжсэн хүүхдийн тоо 73575-д хүрснээс 22680 хүүхдийн шүд цоорох өвчнийг эмчиллээ гэх тоо баримт цаасан дээр үлдээж. Нөгөөтэйгүүр, олон тэрбум төгрөгийн өртөгтэй хэрэгжсэн эл төслийн хүрээнд хүүхдийн эрүүл мэндийн бүртгэлийн мэдээллийн сантай болсон ч, өнөөг хүртэл ид шид нь гарсангүй. Ядаж л шүдний өвчтэй хүүхдүүдийг өрх, дүүргийн шүдний эмч хяналтдаа аваарай гэж харьяа эмнэлгийнх нь удирдлагад ч даалгавар өгсөнгүй. Тэгэхээр сүртэйхэн “хэрэгжээд” амжилттай дууссан гэх эл хөтөлбөрийн гавьяа нь үүгээр хязгаарлагдсан нь харамсалтай.
Уг нь, төсөл хөтөлбөр гэдэг зорилготой, тэмүүлэлтэй, олон нийтийн сайхан сайхны төлөө чиглэсэн байдаг гэж ойлгоном. Хэрвээ хүүхдүүдийг 100 хувь эрүүл мэндийн үзлэгт хамруулсан бол өнөөдөр бид эрүүл монгол хүн эх орны баялаг. Эх орныхоо бүтээн байгуулалтыг цогцлоож, нийгмийн баялаг бүтээж чадна гэж итгэлтэйгээр ярих байлаа. Даанч, хэдэн тэрбумын өртөгтэй хөтөлбөр шүдний өвчлөлөөр хязгаарлагдан, хаалгаа барив. Энэ их мөнгөөр бүх хүүхдийн эрүүл мэндийг нарийн үзэж хүрэлцэхгүй ч дийлэнхийнх нь нуугдсан өвчнийг илрүүлэн эрүүл мэндийн байгууллагынхны ачааллыг бууруулах байсан биз. Бүр эх, үрийн хагацлыг ч үзүүлэхгүй байсан гэдэгт итгэлтэй байна. Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар улсын хэмжээнд 1-5 хүртэлх насандаа 150 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс есөн хүүхэд буюу 6.4 хувиар өссөн хэмээсэн.
Тэгэхээр 18 тэрбум төгрөгийн өртөгтэй эл хөтөлбөр амжилттай хэрэгжсэн гэхэд хэцүүхэн. Хоёрын хооронд ахар настай, зорилгогүй төсөл хэрэгжүүлснээс олонд өгөөжтэй урт настай байвал хүндээ ч, хөтөлбөртөө ч өгөөжтэй. Магадгүй, удирдсан хүмүүсийн арга барил, менежмент муутайгаас болсон байж мэдэх. Тиймээс бусдын алдаанаас суралцаж, зөв хүмүүжлийг монгол хүүхэд бүрт суулгана гэж “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийнхөнд найднам. Хүүхдүүдээ зөв хүмүүжвэл Зөв Монгол Улс ч болох эхлэл тавигдах юм даа.