Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Алтангэрэл: станцын чадал хүрэлцэхгүйгээс Энэ жил хүндхэн өвөлжинө


Есдүгээр сарын 15-наас орон сууцнуудыг дулаанаар хангаж эхэлдэг. Хийгдэж буй ажлуудын явц болон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар УБДС компанийн ерөнхий инженер Т.Алтангэрэлтэй ярилцлаа.

-Хотын удирдлагууд ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор авто замын засварын ажлыг ирэх сарын 1-нээс өмнө дуусгах шийдвэр гаргалаа. Харин дулааны шугам солих, засварлах ажил хэдий болтол үргэлжлэх вэ?
-Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүр есдүгээр сарын 15-наас орон сууц, сургууль цэцэрлэгт, аравдугаар сарын 1-15-нд аж ахуйн нэгж байгууллагын халаалтыг өгдөг. Энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд УБДС компанийн хөрөнгөөр 18 ажил хийгдэж байна. Үүнээс 16 нь дууссан. Нисэх чиглэлд шугам хэсэгчлэн солих хоёр ажил наймдугаар сарын 27 хүртэл зогсоод байна. Гэхдээ ирэх сарын 10-н гэхэд бүрэн дуусна. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дулааны шугам шинэчлэх хоёр ажил хийгдэж байна. Энэ хоёр ажил бага зэрэг удаашралтай байна. Нэг нь Зуун айлаас Туул жин пан хүртэл. Нөгөө нь Отгонтэнгэр дээд сургуулиас 14 дүгээр дунд сургууль хүртэл 1,4 км шугам солих. Одоогоор 70 орчим хувьтай явж байна. Гэхдээ ямар ч байсан есдүгээр сарын 1-нд бүрэн хүлээлгэж өгнө гэж гүйцэтгэгч компани нь амласан. Манай байгууллага ч гэсэн хяналт тавьж байгаа.

-Энэ хоёр ажлын удааширсан шалтгаан нь юу вэ. Хэзээ дуусгах ёстой байсан юм бол?
-Нэгдүгээрт, санхүүжилтийн асуудал. Хоёрдугаарт, ажил хийж байгаа газар нь зам талбай муутай. Тухайлбал, Зуун айл гэхэд шугамтай ойр баригдсан барилга ихтэй нь газар шорооны ажил хийхэд хүндрэлтэй. Гуравдугаарт, ажил гүйцэтгэж буй компани нь ажлын зохион байгуулалт муу. Ялангуяа Отгонтэнгэр дээд сургууль орчмын ажил ийм шалтгаанаар удааширсан. Уг нь хэрэглэгчдэдээ наймдугаар сарын 15-нд дуусгана гэсэн мэдэгдэл өгсөн. Одоогоор тухайн хэсгийн орон сууцны халуун усыг хязгаарласан байгаа.

-СӨХ-д өрөө төлж барагдуулаагүйгээс дулаанаа авч чадахгүйд хүрдэг. Энэ жилийн хувьд өртэй байгууллага хэр их байна?
-Манайд өртэй байгууллагын дийлэнхийг орон сууцны контор эзлэж байгаа. Тэдний хувьд манай байгууллагатай аж ахуйн гэрээ байгуулж ажилладаг. Гэрээ ёсоор халаалт авахаасаа өмнө өнгөрсөн жилийнхээ өрийг барагдуулах ёстой. Нарийн тоог одоо гаргахаар ажиллаж байна. Ойролцоогоор нийт өр нь тэрбум орчим төгрөгийн дүнтэй гарах байх.

-Шинээр ашиглалтад орж буй орон сууц их байна. Энэ жил гэхэд л 34 мянган айлын орон сууц ашиглалтад орж байгаа гэсэн. Эдгээр байрыг дулаанаар бүрэн хангах боломж бий юү?
-Энэ жилийн хувьд горим ажиллагаа нэлээд хүнд өвөлжих төлөвтэй. Учир нь дулааны цахилгаан станц II, III-ын дулаанжуулалтын нөөц, хүчин чадал тулчихсан. Хэдийгээр ТЭЦ-IV-өөс нөөц байгаа ч дамжуулах шугамаар нэвтрэх боломжгүй болоод байна. Тиймээс өмнөх жилүүдтэй харьцуулахад хүндхэн өвөлжинө. Шинэ орон сууцнуудын хувьд техникийн нөхцөл бүрдсэн, дулаанд холбох зөвшөөрөлтэйг нь дулаанаар хангана. Ойролцоогоор 80 орчим барилга бий. Харин техникийн нөхцөл бүрдээгүй барилгуудад мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн. Энэ жил дулаанаар хангах боломжгүй гэж.

-Иргэд байраа захиалаад, орон сууцандаа орчихсон тохиолдолд яах вэ?
-Энэ тухайд барьсан компани нь хариуцлага үүрэх ёстой. Хамгийн гол нь тухайн байрны техникийн нөхцөл нь дулаан дамжуулах боломжгүй учраас ямар ч арга байхгүй. Тиймээс барилгын компаниуд үүнийг оршин суугчдадаа сайн ойлгуулах хэрэгтэй. Техникийн нөхцөлөө бүрдүүлээгүй, зөвшөөрөл аваагүй байж захиалагчдаа оруулчихдаг. Харин манай компани дулааныг нь зориуд дамжуулахгүй байгаа мэтээр оршин суугчид нь ойлгодог. Эцсийн дүндээ хэрэглэгчид л хохирно.

-Тэгвэл техникийн боломжгүй барилгын тоо хэд байгаа вэ?
-Бидний судалгаагаар нийтдээ техникийн нөхцөл хангаагүй, зөвшөөрөл аваагүй 80 гаруй барилга байна. Үүнээс орон сууцны зориулалттай барилга ойролцоогоор 20 гаруй бий.

-Хуучин барилгууд дулаан  их алддаг гэдэг. Дулаан алдахыг багасгах арга, зөвлөмжийг танай компани гаргасан байсан. Энэ зөвлөмжийг хэрэгжүүлсэн барилга, орон сууц хэр их байна?
-Үндсэндээ 30 гаруй жил болсон угсармал барилгууд дулаан алдах  нь хоёр дахин их байгааг тооцсон. Хэдийгээр манай байгууллагаас зөвлөгөө өгч байгаа ч хэрэгжүүлсэн, байраа дулаалсан нь алга. Хоёрдугаарт орон сууцны конторууд, СӨХ-д байшингуудын дотор шугам, сүлжээг шинэчлэх хэрэгтэй. Олон жил болсон паарны хана хагтаж зузаарснаас дотуур гүйх усны эзэлхүүн багасдаг. Энэ нь халаалт муу байна гэж гомдол гаргах нэг шалтгаан болдог. Ер нь ажиглаж байхад СӨХ-д цагийг нь тулгаж, есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-ний хугацаанд шугам солих ажил хийгээд байдаг.

-Станцуудын хүчин чадал тулчихсан хүндхэн өвөлжинө гэлээ. Гэтэл нийслэлд нэлээд олон хуучин орон сууц бий шүү дээ. Яг нарийн тоо судалгаа бий юү?
-Гол төлөв 1, 3, 4, 5, 12, 13, 16 дугаар хороолын угсармал барилгууд. Нийт мянга орчим барилга бий. Бүгд хийц, загвар нь адилхан. Төмөр бетон карказтай, 21 см зузаан ханатай. Эдгээр барилгыг зайлшгүй дулаалах хэрэгтэй. Хэдхэн жилийн өмнө Нарны титэмийн хойд талд байдаг таван давхар хоёр барилгын нэгийг гадаадын төслөөр дулаалсан. Энэ нь бодит жишээ болж байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан