Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн гадаа аль хэдийнэ хоёр, гурав хоносон эцэг эхчүүд энэ асуултыг тавьж байна. Гэхдээ тэдний энэ асуултад хэн ч хариулсан өөрөөсөө аятайхан тойруулаад аргалчихна. Нийслэлийн БЗД-ийн 10 дугаар хороонд байрлах 62 дугаар цэцэрлэгийн гадаа өчигдөр 07 цаг 30 минутын үед очиход 94 эцэг, эх урт дараалал үүсгэн дугаарлаж байлаа. Эцэг эхчүүд дундаасаа төлөөллөө сонгож, нэрсээ бүртгүүлжээ. Ингэснээр шөнө хоёр цаг тутамд ирцийг нь бүртгэсэн аж. “Хоёр шөнө, хоёр өдөр дараалан хонож, ирцээ бүртгүүлж байгаа маань 2011 онд төрсөн 15-хан хүүхэд бүртгэнэ гэсэн болохоор тоонд нь багтчих горьдлого тээж л энд ажлаа алдаж сууна” гэсээр эцэг эхчүүд угтсан юм. 10 дугаар хорооныхоо хүүхдүүдийг л бүртгэх ёстой тус цэцэрлэг 150 хүүхэд хүмүүжүүлэх хүчин чадалтай гэнэ. Гэхдээ өнгөрсөн хичээлийн жил 303 хүүхэд хүмүүжиж. Үүнээс 50 хүүхэд энэ жил сургуульд элсэн орсон ч, 2011 оны 15 хүүхэд л шинээр бүртгэнэ гэсэн нь ийнхүү дараалал үүсгэсэн эцэг эхчүүдийн дургүйцлийг хүргэсэн байна.
Цэцэрлэгийн эрхлэгч С.Гэрэлтуяа “Хуучин байсан 253 хүүхэд дээрээ нэмж 55 хүүхэд элсүүлнэ. 15 нь 2011 оных буюу энэ жил шинээр цэцэрлэгт элсэх насны хүүхэд. Үлдсэн 40-ийг нь 2008, 2009, 2010 оны хүүхдүүдээс элсүүлж, хоёр анги болгон хавар, намрын улиралд өдрийн цагаар хичээллэдэг “хувилбарт анги” байгуулна. Өнгөрсөн жил ийм нэг бүлэг хичээллүүлсэн нь маш үр дүнтэй байсан. “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтран нээсэн энэ анги бэлтгэл бүлэгтэй төстэй. Хүүхдүүдийг сургуульд ороход нь бэлтгэх зорилготой. Цэцэрлэгийн барилгын хажууд байгаа хоёр гэр хэлбэртэй байранд хичээлийг нь явуулна. Халаалтгүй учраас зөвхөн хавар, намрын улиралд авахаар болсон юм” гэв.
Харин эцэг эхчүүдийн хувьд “хувилбарт анги” гэсэн нэрээр хаацайлж олон хүүхэд бүртгэсэн мэт харагдах гэж оролдож байна. Цаад санаа нь хандив авах гэсэн хэрэг. Тэгээд ч 10:00 цагаас өдрийн 14:00 цаг хүртэл хичээллэдэг нь зах ороод ирэхэд ч амжихгүй хугацаа. Хонон өнжин дугаарлаж байж хувилбарт ангид хүүхдээ өгмөөргүй байна гэж эцэг, эхчүүд гомдоллов. Тэд “Хандив авах бол ил тод аваач ээ. Ажилтай, амьдралтай байхын тулд нэг удаа хүүхэддээ хэдэн төгрөг зориулж чадна” хэмээцгээнэ.
Харин цэцэрлэгийн эрхлэгч “Хандив аваагүй шүү. Ийм зүйл гарахгүйн тулд бүртгэл дээр манай цэцэрлэгээс гурван хүн, хорооны халамжийн ажилтан, эцэг эхийн төлөөлөл хянаж байна. Хэрэв авсан гэж хардаж сэрдээд байгаа бол өөрсдөө ирээд хянаж болно. НЗДТГ-аас энэ жил энэ байдалтайгаа эвлэрэхийг шаардсан. Дараа жил “Өвсний үндэс” хөтөлбөрийн санхүүжилтээр манай хоёр гэр цэцэрлэгийн суурин дээр 280 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барьж өгөхөөр болсон. Энэ жил хяналтын тооны ард үлдсэн хүүхдүүдийг ч гэсэн бүртгэж ав. Удахгүй гэр цэцэрлэгийн төсөл эхлүүлнэ гэсэн. Би эцэг эхчүүдэд энэ бүхнийг тайлбарласан шүү дээ” гэлээ. Нийслэлийн Боловсролын газраас энэ сарын 16-нд хийсэн цэцэрлэгийн эрхлэгчдийн шуурхай хуралдааны үеэр Ц.Отгонцагаан дарга эрхлэгч нарт хэрхэн бүртгэл явуулах зааварчилгаандаа “Энэ сарын 26-ныг хүртэл хуучин хүүхдүүдээ бүртгээд, 26-наас хойш шинээр элсүүлэх багачуулаа бүртгэхийг үүрэгдсэн” юм.
Тэгэхээр хүүхдээ цэцэрлэгт өгөхөөр хонон өнжин дугаарлан зогсч буй эцэг, эхчүүдийн хувьд энэ сарын 26-ныг хүртэл “харуул” хийж магадгүй нь.
Бусад цэцэрлэг ч...
Улсын хэмжээнд хоёроос таван насны 240 гаруй мянган цэцэрлэгийн насны хүүхэд байгаа ч энэ жилийн хувьд 60-70 хувь нь хамрагдана. Учир нь, цэцэрлэгийн барилгын хүчин чадал хангалтгүйгээс нэг ангид заасан тооноос хэтэрсэн хүүхдүүд хүмүүжих болж буй. Өмнө нь, цэцэрлэгийн бүртгэл дуусах дөхсөн байхад эцэг, эхчүүдээс хүүхдийнх нь эрүүл мэндийн шинжилгээг нэхэж, тойргийн бус гэх мэтчилэнгээр бүртгэлийн үйл явц, хүндрэл чирэгдэл ихтэй байсан бол энэ жилээс өөрчлөгдөнө гэж албаны хүмүүс мэдээлсэн. Хуучин болон шинээр элсэх хүүхдүүдээ тусад нь бүртгэхээр болсон нь бүртгэлээ журамтай явуулах гаргалгаа хэмээн үзсэн. Мөн шинэ, хуучин элсэгчдийг ийнхүү ялгах нь хамран сурах тойргийг тодорхой болох гэснийх аж. Тодруулбал, хамран сурах тойрог гэдэг нь шинээр элсэх хүүхдүүдэд хамаатай буюу тойргийн бус ч урьд нь цэцэрлэгтээ явж байсан хүүхдүүд тэндээ үргэлжлүүлэн явж болно. Өөрөөр хэлбэл, шинээр элсэх хүүхдүүд зөвхөн амьдран суугаа тойргийнхоо цэцэрлэгт бүртгүүлэх учраас эмх цэгцийг нь бодож, эхний таван өдрийг хуучин, сүүлийн гурван өдөр шинээр элсэгчдийг бүртгэхээр болсон. Гэтэл шинэ элсэгчдийн дараалал болоогүй байхад эцэг эхчүүд аль хэдийнэ дугаарласныг харахад дээрх гаргалгаа тийм ч нүдээ олсон зүйл биш бололтой.
БЗД-ийн 32, ЧД-ийн 18, СБД-ийн 69 дүгээр цэцэрлэгээр орлоо. Хотын төвтэй ойрхон цэцэрлэгийн гадаа дугаарлах эцэг, эхчүүдийн тоо харьцангуй цөөн ч мөн л нэрсээ жагсааж, ирцээ бүртгэж байв. Учрыг нь лавлавал хотын төвөөр хувийн цэцэрлэг олонтой. Үнэ ханш, сургалтын чанар, хоол, ариун цэвэр зэргийг нь харж байгаад л өгчихнө дөө гэх эцэг эхчүүд байна. Харин төрийн өмчийн цэцэрлэгт боломж олдвол оруулчих гэсэн эцэг эхчүүд л ийн дараалал үүсгэж байгаа гэнэ. Ямартай ч, бүртгэлийн энэ хэдэн хоногт нийслэлийн цэцэрлэгүүд хөл хөдөлгөөн ихтэй байх нь.
Хэрэв бүртгүүлчихвэл...
Ёстой аз таарч, хэн хүний даваад байдаггүй тэр босгоор алхвал хэрхэхийг Нийслэлийн Боловсролын газраас гаргасан зөвлөмжид тусгажээ. Зөвлөмжид бүртгэлийн үеэр хичээлийн болон ариун цэврийн хэрэглэл, эрүүл мэндийн шинжилгээний бичиг, төлбөр хураамж өгөхгүй байхыг тусгасан байна. Тиймээс энэ жил шээс, цагаан хорхойн шинжилгээний бичиг нэхэхгүй. Харин цэцэрлэгтээ бүртгүүлчихээд хичээл эхлэх хооронд шинжилгээгээ өгсөн байх ёстой ажээ. Эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхдээ хүүхдийнхээ төрсний гэрчилгээ, хоёр хувь цээж зураг, эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбараа авчрах юм байна. Ингэснээр цаг хугацаа нь тулсан, яарсан эцэг эхчүүд шинжилгээний бичиг байхгүй, тойргийн бус ч гэлээ оруулж байвал боллоо гэдгээр татаас мөнгө өгдөг жишгийг “халж” байгаа гэв.