Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сульдсан эдийн засгийг тэнхрүүлэх арга замыг эдийн засагчид хайлаа

МАН сонгуульд ялагдал хүлээж, сөрөг хүчин болсныхоо дараа “Сүүдрийн Засгийн газар” байгуулсан. Сүүдрийн Засгийн газрын бүрэлдэхүүнд таван байнгын хороо багтах аж. Эл таван байнгын хороо нь Шинэчлэлийн Засгийн газрын 17 яамыг чиглэл, чиглэлээр нь хуваан авч, үйл ажиллагааг нь ажигладаг байна.
Өнөөдөр МАН-ын Сүүдрийн Засгийн газрын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын эдийн засгийн хямрал, түүнээс хэрхэн гарах, эдийн засаг хямрах болсон шалтгаан, өвчлүүлж байгаа өвчнийг нь олж онош тавих талаар ярилцсан юм. Хэлэлцүүлэгт МАН-ын угшилтай эдийн засагчид оролцсон юм. Тухайлбал, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Д.Содном, Сангийн яамны дэд сайд асан Ч.Ганхуяг, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга асан Ч.Хашчулуун, Монгол дээд сургуулийн захирал Н.Дашзэвэг, Монгол банкны Ерөнхийлөгч асан Л.Моломжамц зэрэг эдийн засагчид оролцож өөрсдийн байр сууриа илэрхийлэв.
Монгол Улсын эдийн засгийн хямралыг тэд хэдэн хүчин зүйлээс үүдэлтэй гэж оношилов. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалт буурсан, төсвийн алдагдал буурсан, доллар, юанийн ханш өссөн, бизнесийн орчин муудсан гээд олон хүчин зүйл эдийн засгийг сульдаахад хүргэсэн байна.
Тэгвэл сульдаанд орсон эдийн засгийг хэрхэн тэнхрүүлэх вэ? Энэ асуултын хариуд эдийн засагчид тус тусынхаа байр суурийг илэрхийлж байлаа. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалт, экспортыг сайруулахыг тулд өнгөрсөн хавар УИХ-ын чуулганаар батлагдсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлж өөрчлөх. Улмаар эл хуулийг зөөллөж, гадаадын хөрөнгө оруулалтыг ахиухан оруулах нь зөв гэж үзэж байв. Тэрчлэн Монгол Улсын хөгжлийн тулгуур гэж үзэж буй уул уурхайн салбар, тэр дундаа Оюутолгойн үйл ажиллагааг цааш явуулах нь зүйтэй гэсэн байр суурийг Сангийн яамны дэд сайд асан Ч.Ганхуяг хэлж байлаа. Гэхдээ Монгол Улс 34+17 хувь бус 100 хувь Рио Тинтод өгөөд татвар болон бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хувь хишиг хүртэх нь зөв гэсэн юм. МАН-ын удирдлагын түвшинд ч ийм байдлаар явуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдээд байгааг Байнгын хорооны дарга, эдийн засагч Ч.Очбадрах хэлж байлаа.
Мөн Монгол Улсын эдийн засгийг дээрэлхэж байгаа нэгэн хүчин зүйл бол яах аргагүй валютын ханшийн хөөрөгдөл. Бараа бүтээгдэхүүн, хүнснийхээ дийлэнх хувийг гадаадаас худалдаж авдаг манай улсын хувьд ноён ногоон, юань зэрэг гадаадын мөнгөн тэмдэгтүүд монгол төгрөгтэй харьцах ханш нь бага байх тусмаа ээлтэй. Гэтэл сүүлийн хэдэн сарын турш бага багаар өссөн ам.доллар, юанийн ханш огцом нэмэгдсэн нь наймаа хийдэг хүмүүс, худалдан авагчдад нэрмээс болж байгаа. Тиймээс валютын ханшийг тогтворжуулах ажлыг Монгол банк хийх ёстойг эдийн засагчид хэлж байсан. Хэрэв валютын ханшийг тогтвортой барьж чадахгүй бол өнөө маргаашгүй шатахууны үнэ нэмэгдэнэ. Үүнийг дагаад өргөн хэрэглээний бараан бүтээгдэхүүний үнэ хэд дахин нэмэгдэх нь дамжиггүй юм.
Гэхдээ сүүлийн хэдэн сар валютын ханшийн тогтвортой байдлыг Монгол банк харьцангуй сайн хангаж ажилласан байна гэдгийг эдийн засагч Л.Моломжамц өгүүлсэн. Түүний хувьд Монгол банкны хяналтын зөвлөл гишүүнээр ажилладгийн хувьд сүүлийн хэдэн сарын статистик мэдээллийг авч үзэж, дээрх дүгнэлтийг хийсэн гэж байлаа.
Мөн эдийн засагчдын санааг зовоож байгаа зүйл бол бизнесийн орчныг сайжруулах байдал. Гадаадын хөрөнгө оруулалтыг  зохицуулах тухай хууль батлагдсанаас хойш гадаадын гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагчид ч эрс цөөрсөн тухай эдийн засагч Ч.Хашчулуун хэлсэн. Тэрээр, эл хууль батлагдсанаас хойш гадаадын хөрөнгө оруулалт 44 хувиар буурсан. Түүгээр зогсохгүй дотоодын хөрөнгө оруулагчиддаа ялгавартай байдлаар хандаж байгаа нь бизнесийн орчныг муутгахад хүрсэн. Тиймээс үүнд анхаарал хандуулах цаг болсон гэв.
Эдийн засгийн гол хүчин зүйл болох төсвийг бүрдүүлдэг татварын орчин сүүлийн үед муудах нь гэсэн айдас олны дунд байгааг ч эдийн засагчид хэлсэн. Төвсийн алдагдал 16 хувьд хүрсэн нь эрх баригчдад татварын хэмжээг нэмэхээс өөр арга олдохгүйд хүргэж байна гэв. Тиймээс намрын чуулганаар энэ асуудлыг МАН-ын зүгээс хөндөн ярих нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа.

Д.Мөрөн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан