Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тариаланчдад боломж олгосон ”фарм шоу-2013”


Ургац хураалт эхлэх гэж байгаа энэ үед Дархан-Уул аймагт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн дэвшилтэт техник технологийг сурталчилах “Фарм шоу-2013”  арга хэмжээ боллоо. Хур бороо дагуулан эхэлсэн шоуг нээж үг хэлсэн Германы төлөөлөгч “Газар тариалангийнхан бороо ороход их дуртай байдаг. Тийм ч учраас Монголын тариалагчдыг баярлуулахаар Германаас авч ирсэн бэлэг маань энэ бороо юм шүү” хэмээн цугласан тариаланчдын сэтгэлийг татаж чадсан.
ҮХААЯ, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Монголын тариаланчдын холбоо хамтран зохион байгуулсан уг үзэсгэлэнгийн үеэр тариалан эрхлэгч өөрийн хэрэгцээнд тохирсон тоног төхөөрөмжөөс сонголт хийх боломжийг бүрдүүлж чадсан юм. Мөн хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн худалдаа эрхэлдэг аж, ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаа болон бүтээгдэхүүнээ олонд таниулан сурталчилсан. Хэрэглээ, бизнесийнхээ нөхцөлд тохируулан банк болон санхүүгийн байгууллагатай гэрээ хийж, хөнгөлөлттэй нөхцөлөөр тариа, ногоо хураалт, усалгаа, хор, бордоо цацалтын техник, технологитой болох боломж олгосон нь тариаланчдад таатай байгааг шоунд оролцсон хүмүүс хэлж байсан. Мөн “Талх чихэр” компанийн зүгээс шинэхэн бүтээгдэхүүнийхээ дээжсийг дэлгэж, “Мах импекс”-ийн хиам, гахайн утсан мах зэрэг бүтээгдэхүүн, хувиараа аж ахуй эрхлэгчид өөрсдийн гар аргаар үйлдвэрлэсэн зөгийн бал, төрөл бүрийн жимсний чанамал, тарвас болон жимс жимсгэнээ хоёр өдрийн турш дэлгэж, амталгаат худалдаа хийлээ.


30 хувийг нь төлөөд 12 хувийн хүүтэйгээр ав

Герман, АНУ зэрэг орноос тоног төхөөрөмж оруулж ирдэг компаниуд өөрсдийн үзэсгэлэнгээ гаргасан юм. Тэдгээрийн ихэнхи нь 30 хувийн урьдчилгаа төлөөд жилийн 12-18 хувийн хүүтэй урт хугацаатай зээлийн нөхцлийг тариаланчдад санал болгосон юм.
Тухайлбал, “Wagner asia” компани өөрийн дэргэдэх ББСБ-аараа дамжуулан тариаланчдад зээл олгодог байна. Аль болох санхүүгийн уян хатан нөхцлийг хэрэглэгчдэд санал болгодог энэ байгууллагын лизингийн хугацаа нь 3-4 жил. Ямар нэг банкны оролцоогүй асуудлаа шийдвэрлэх боломжтой энэ газраас тариа тарихаас хураах хүртэл ашиглах бүхий л тоног төрхөөрөмжийг авч болох нь. АНУ, Итали, Франц зэрэг оронд үйлдвэрлэгдсэн Chellenger болон Snuflower брэндийн техникүүдээ оруулж ирээд таван жил болж байгаа учраас Монголын хөрсөнд туршигдаад, ашиглагдаж байгаа аж. Дорнод, Хэнтий, Сэлэнгэ, Төв, Булган зэрэг аймгийн тариаланчид хэрэглэж байгааг худалдааны төлөөлөгчид нь дуулгасан.



Ц.Ренчинсэнгээ: Тариаланчид таавар таах ёсгүй

ҮХААЯ-ы Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Ренчинсэнгээтэй ярилцлаа.


-Ургац хураалт тун удахгүй эхлэх нь. Сал­барын яамнаас энэ жил тариаланчдад ямар дэмжлэг үзүүлэх гэж байгаа вэ?
-Төр засгийн бодлого бол маш тодорхой байх ёстой. Тариаланчдад  одоо яах бол гэсэн хүлээлтийг үүсгэхгүй байх нь бидний зорилт. Учир нь газар тариалан бол бизнес. Тэгэхээр бизнесээ чөлөөтэй хийх боломжийг бүрдүүлэх нь төр засгийн үүрэг. Тийм ч учраас төрийн дэмжлэгтэй урамшуулал, санхүүжилтийг тариаланчдад цаг тухай бүрт нь мэдэгдэж байх ёстой. Хүлээлт үүсгэнэ гэдэг бизнес эрхэлж байгаа тариаланчдад болон хэрэглэгчдэд ч хортой. Цаашид газар тариалангийн үйлдвэрлэлийг аль болох тогтвортой явуулахын тулд бид зах зээлдээ чөлөөтэй ил тод байлгахаар багц хуулийг санаачилж, намрын чуулганаар өргөн барих гэж байна.

-Багц хууль гэхээр тариалангийн салбарт гардаг бүхий л асуудлыг эрхзүйн зохицуулалтаар шийднэ гэсэн үг үү. Тухайлбал ямар асуудлыг тусгаж байгаа вэ?
-Энэ хуульд нэгдүгээр газар тариалангийн бүс нутаг тодорхой байх. Өөрөөр хэлбэл газар тариалангийн бүс нутгийн тухай хуульд газар тариалангаа хаанаа тарих, мал нь хаана нь бэлчих, тариаланчид нь хэрхэн ажиллах зэргийг оруулна. Хоёрдугаарт нь даатгалын тухай хууль. Байгалийн гамшигт өртөх нь наад захын асуудал. Тийм ч учраас эрсдэлгүй энэ бизнесийг хийхийг хуулиар зохицуулна. Гуравдугаарт нь ургамлын тухай хууль. Хог ургамал, хортон шавьжтайгаа хэрхэн тэмцэх, аюулгүй хүнсний ногоо тарих тухай. Дөрөвдүгээрт нь үр сортын тухай хууль. Чанаргүй үр тарьчихаад ургац алдчихлаа гэж ярих ёстой юу эсвэл тарьсан болгон нь ургадаг, ургасан болгон нь ашгаа өгдөг байх ёстой юу гэдгийг хуулиар зохицуулж өгөх нь бидний үүрэг болоод байна. Дараагийн чухал хууль бол үржил шимийн тухай. Элсний нүүдэлд өртлөө, газрын үржил шим муудлаа гэдэг. Тэгвэл энэ бүхэнтэй төр бодлогоор тэмцэх ёстой. Ингэж эрхзүйгээр бүх үйл ажиллагааг тодорхой болгож өгнө. Мөндөрт цохиуллаа гээд онцгой байдал дуудаад, төлбөр мөнгөө төлж чаддаггүй гэдэг. Тэгвэл даатгалаа дуудаад асуудлыг шийддэг байг. Ингэж л эрхзүйн орчинг бүрдүүлж, төр засгаас иргэддээ туслахгүй бол тракторын үнийг 50 хувиар бууруулаад нэмэргүй. Гэхдээ хуулийн зохицуулалтаас гадна тариаланчдад техник технологи худалдан авах найдвартай, хялбар нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Тухайлбал, 10 саяын үнэтэй трактор авахын тулд эхлээд 10 хувиа төлөөд, бага хүүтэй нөхцлөөр авах, ингэхдээ урт хугацаатай магадгүй тав, 10, 15 жилээр төлбөрөө хийх нөхцөл бүрдүүлж өгье. Түүнээс үнийг нь хөнгөлчихөөр арын хаалга ордгийг больё гэсэн байр суурийг шинэчлэлийн Засгийн газраас барьж байна.

-Өрхийн аж ахуйн эрхэлдэг тариаланчдын хувьд бас багагүй зовлон бэрхшээл байдаг. Наад зах нь техник технологи ашиглая гэхээр ашиг тус нь бага болчихоод гараар хураая гэхээр арай л барахгүй санагдмаар байдалд орчихсон хүмүүс цөөнгүй байдаг. Тэдэнд хэрхэн анхаарах вэ?
-Өнөөдрийн шоунаас харахад аль аль талдаа бо­ломж байгаа учраас гадаадын диллерүүд өөрсдөө манай зах зээлд ороод ирлээ. Тариаланчтайгаа тохир, банк, банк бус санхүүгийн байгууллагуудтайгаа тохирч зээлийн журмаа тогтоо гээд төр бүх боломжийг бий болгочихоор диллерүүд ирээд байгаа юм. Түүнээс нөгөө хөнгөлөлт урамшууллыг больё гэж байгаа юм. Магадгүй төрд хөнгөлөлттэй худалдаа хийх зайлшгүй шаардлага гарч болох.
Гаднаа 0.5 га газарт хэрэглээний ногоогоо тарьдаг бол заавал хүрз хэрэглээд байх шаардлагагүй. Бас тэр тариаланд нь тохирсон сайн чанартай техникийг төр маш бололцоотой нөхцлөөр авч ирээд өгье. Тэгээд тав, долоон жилийн хугацаанд эргүүлээд төлүүлчихье. Гаднаа бага хэмжээний тариалантай хүмүүс чинь хуримтлал багатай. Олсон хэдэн төгрөгөө хүүхдийн сургалтын төлбөр, өр зээлэндээ өгөөд л дараа жилийг хүлээдэг. Төрийг харж суухаар бизнесийн байгууллагуудтайгаа хамтраад ажлаад явчихвал тариаланчдад ч хэрэгтэй.

-Тариаланчдын ажил­лах нөхцөл бололцоог хуульч­лаад, тоног төхөө­рөмж аваад өгчихлөө. Тэг­­вэл хэрэглэгчдийг ч гэсэн бодолцох ёстой. Хэ­рэв тэдний эрх ашгийг бодолцохгүй бол эрэлтгүй болно...?
-Саяхан нээсэн ногоо худалдаалах лангуу нь тариа­ланчдад ч тэр, хэрэглэгчдэд ч тэр маш үр өгөөжөө өгнө. Олон гар дамжиж, ашиг ологч нарын гараар орж байхаар тариаланчдын гар дээрээс хэрэглэгчдэд хүрч, тэдний хүсэлд нийцсэн үнээр хүрэх ёстой. Хэтэрхий өндөр үнэтэй савлаад байхаар ногоочдод ч тэр ашгаа өгөхгүй. Тогтвортой үнээр, жигд хангамжаар нийлүүлэхээр ажиллаж байна. Жилийн дөрвөн улиралд нэг үнээр, жигд хүрдэг байх л хамгийн гол асуудал.

-Ингэж шийдэхийн тулд агуулах хамгийн гол асуудал болдог шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Ямар ч бизнест хамгийн гол асуудал бол агуулах сав. Хадгалчихсан бүтээгдэхүүнийг худалдах шиг амархан зүйл байдаггүй. Манайхан одоо бол агуулахад агуулсан ногооныхоо 20-30 хувийг нь хаядаг. Тэгэхээр сайн агуулах хамгийн чухал. Гэхдээ айл бүр өөрийн хэрэглээний ногоогоо намар аваад өөрсдөө нөөшилж чадахгүй байна. Яагаад гэрийнхээ дор, байшингийнхаа дор хэрэглээний ногоогоо хадгалчих зоорь хийж болохгүй гэж. Хэрэв хүмүүс үүнийг ухамсарлачихвал бидний ажил ч хөнгөрнө.

-Тариа хураалт удахгүй эхэллээ. Хураах техник, тоног төхөөрөмж хэр хүрэлцээтэй байна вэ?
-Тааруу. Одоо хураалтанд хэрэглэж байгаа комбайны 40 орчим хувь нь 25-аас дээш настай байна. Таягаа тулсан гэсэн үг шүү дээ. Тэгвэл бид түргэн хугацаанд үүнийг шинэчлэх хэрэгтэй байна. Фарм шоуны зорилт ч гэсэн энэ л дээ. Дэлхийн шилдэг техникүүдээс фермерүүд өөрийн хэрэглээндээ тохируулан сонгох ёстой.


Ш.Мардаан: Фарм шоунаас авах, гээх зүйл байна

Хөдөлмөрийн баатар тариаланч, Монгол Улсын гавьяат агрономич Ш.Мардаан гуайтай шоуны үеэр уулзсан юм.

-Фарм шоу арга хэмжээгээр төр засгаас тариаланчдад техник, тоног төхөөрөмжөөр туслах арга хэмжээг голлон зохион байгуулж байна. Арга хэмжээний талаар сэтгэгдлийг тань сонсох гэсэн юм?
-Монголын газар тариалан нэг үеэ бодвол сэргэж байгаа. Энд техник, технологийн шинэ шинэ дэвшилттэй тоног төхөөрөмж, Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн шинээр гаргаж буй сорт, хор гребцит зэргийг танилцуулж байна. Эдгээр нь тариаланчдын заавал мэдэх ёстой зүйл. Монголын газар тариалангийн нөхцөл байдалд тохируулан хөрсөнд буулгаж хэрэгжүүлж чадах юм бол үүнд сайшаалтай зүйл байна. Бас болгоомжтой хандах ч юм харагдаж байна. Тариаланчид өөр өөрсдийнхөө мэргэн ухаанд тунгаах ёстой. Гаалиар орж ирж байгаа техник, технологи бүрийг тэр чигээр нь хэрэглэнэ гэсэн зүйл байдаггүй.

-Тухайлбал юуг нь хам­гийн сайн бодох талаар...?
-Хөрс боловсруулах том том машин техникүүд шоуны арга хэмжээн дээр олноор тавигдсан байна. Хөнгөн хөрстэй газар бол энэ тохирохгүй. Хүнд, хатуу хөрстэй газар Сэлэнгийн Хүдэр, Ерөө, Зэлтэр, Булганы Хантай, Тэшиг гэсэн газарт таармаар юм. Бид чинь аль болох цомхотгосон төхөөрөмжөөр хөдөлгөх арга хэмжээ авахгүй бол Монголын нийт газар тариалан эрхэлдэг газрын 60 орчим хувь нь агро үйлдвэрлэлийн гуравдугаар зэрэг буюу хөнгөн бор хөрстэй. Ийм учраас аль болох цомхотгосон төхөөрөмжөөр хөрс боловсруулалтаа хийж байх ёстой.
Хор гребцитээс бол магнум их таалагдлаа. Гэхдээ энд тариаланчдад анхааруулах нэг зүйл байна. Газрын техникээр явж хорыг цацах бол 7.5-8 км цагийн хурдтай явж цацах ёстой гэнэ л дээ. Үүнээс хурдалвал трактор, техникийн босгосон шорооноос хор нь гадагшилж ургамалдаа нөлөөлж чадахгүй, хүчин чадал нь үгүй болдог. Үүнийг анхаарч цацаж чадвал энэ магнум гэж хор 60-70 хоног газар тариаланд хортон шавжнаас хамгаалах нь байна. Ингэж хамгаалж чадвал долоодугаар сараас хойш бороо ордог манай оронд хор цацсаны дараагаас хорхой шавьж гарах гээд байдгаас сэргийлж чадах нь. Ийм хорын ОХУ-аас оруулж ирж танилцуулж байгаа нь авууштай.
Бид тэг элдэншүүлэлтийн уриншийг дээд тал нь 7-8 см-ийн өндөр ургасан хог ургамалд хороо цацаж хийх хэрэгтэй. Одоо харж байхад өвдөг, бүсэлхийгээр татсан хойно нь хороо цацаад явж байх юм. Энэ бол үр дүнгүй ажил болдог. Бидний эцсийн зорилго бол хог ургамалгүй болгож уриншаа хийх. Ингэхгүй болохоор 30-45 хоног ургасан хойноо чийг хуримтлуулах нөхцөлгүй болоод зорилгоо биелүүлж чадахгүйд хүрдэг. Тийм учраас тэг элдэншүүлэлтийн уриншийг маш анхааралтай хийх ёстой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан