Найман хувийн хүүтэй урт хугацааны орон сууцны зээл олгож эхэлснээр орон сууцны ам.метрийн үнэ 150-300 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэж буй. Энэ үнийн өсөлтийг хазаарлахын тулд салбарын яам нь зээлийн журамдаа өөрчлөлт оруулсан гэх мэдээлэл үнэн эсэх болоод цаг үеийн асуудлаар БХБ-ын дэд сайд Г.Байгальмаатай ярилцлаа.
-БХБЯ-наас орон сууцны үнэ өсч байгаатай холбогдуулан шинээр ашиглалтад орсон орон сууцны ам.метрийн үнийг дээд тал нь хоёр сая 200 мянга, хуучин нь сая 900 мянган төгрөгөөс хэтрэхгүй байхаар зээлийн журамдаа тусган өөрчлөлт оруулсан гэсэн мэдээлэл гарлаа. Энэ үнэн үү?
-Албан ёсоор хэлэхэд, зээлийн журамд ямар ч өөрчлөлт ороогүй. Харин иргэдийг орон сууцжуулахад өөр эх үүсвэр ашиглах, боломж бий эсэхийг судалж, ярьж байгаа зүйл бий. Энэ хөтөлбөр Засгийн газрын тогтоолоор хэрэгжиж буй. Тиймээс зээлийн журамдаа өөрчлөлт оруулах бол Засгийн газар хөтөлбөрийнхөө сул, давуу талыг нь хэлэлцээд өөрчлөлт оруулна уу гэхээс зүгээр л дурын этгээд өөрчилдөг юм биш.
-Хөтөлбөр хэрэгжсэнээс хойш үл хөдлөх хөрөнгөний үнэ өссөнөөс иргэдийн хүсэл хясал болоод буй. Магадгүй, энэ ташаа мэдээлэл байрны үнийг хазаарлаач гэсэн хүсэлтийг агуулж байна уу гэж харах юм?
-Хөтөлбөрийн хэрэгжилтийн талаархи мэдээллийг Монголбанкнаас өдөр бүр бидэнд өгдөг. Энэ хөтөлбөр муу болоогүй. Учир нь, өнөөдөр хэрэгжилтийнх нь явцад тулгарсан хүндрэл, бэрхшээл алга. Бид маш сайн тооцоо судалгаатайгаар эхэлж, боловсон хүчин, барилгын бараа материал, импорт, унаа тээвэр гээд цогцоор нь шийдэхийг зорьсон. Энэ зорилгодоо ч хүрэхийн тулд алхам, алхмаар асуудлуудаа шийдэж яваа. Харин орон сууцны нийлүүлэлт нь бага, эрэлт нь давамгайлснаас үнэ нь өсч байна гэсэн гомдол гарч байгаа нь үнэн.
Гэхдээ энэ цаг хугацааны л асуудал шүү дээ. Тэрнээс санхүүжилтийг нь цаг тухайд нь шийдэж байна.
-Гэхдээ эрэлтийг далимдуулан орон сууцны үнэ нэмж буй учраас үнийг нь барих ёстой гэх нэгэн ч бий. Тэгэхээр энэ салбарт зах зээлийнхээ жамаар эсвэл хатуу гар хоёрын аль нь хэрэгтэй вэ?
-Зах зээл бол цэвэр өрсөлдөөн. Өнөөдөр орон сууцны үнэ яагаад харилцан адилгүй байна вэ гэхээр байршил, ашигласан барилгын материалаасаа шалтгаалж байна. Тансаг зэрэглэлийн орон сууц гэхэд барилгын материалын үйлдвэрлэлээрээ алдартай Герман, Чехийн хаалга, цонх, ванн суулгасан гээд өртөг өндөр байх жишээтэй. Нөгөөтэйгүүр, барилгын компанийнханд та нар үнээ барь гэх эрх бидэнд байхгүй. Боломжгүй. Өнөөдөр хөтөлбөр хэрэгжээд хоёр сар болж байна. Магадгүй, хоёр жилийн дараа орон сууцны нийлүүлэлт нэмэгдвэл үнэ нь буурч мэдэх юм. Нийлүүлэлт нэмэгдвэл ямар ч бараа, бүтээгдэхүүний үнэ буудаг биз. Орон сууц ч ялгаагүй.
-Санхүүжилтгүйгээс Монголбанк мөнгө гаргахгүй байна. Арилжааны банкууд ч гэсэн орон сууцны зээл олгохоо зогсоосон гэх юм. Байдал ямар байна вэ?
-Монголбанкны ерөнхийлөгч Золжаргалтай ярихад “Санхүүжилт гацсан, мөнгө нь дууссан гэх ямар ч асуудал байхгүй. Хөтөлбөрийн санхүүжилтийг цаг тухайд нь олгоод явж байна” гэсэн. Баттай мэдээлэл авахын тулд хэд, хэдэн арилжааны банкны удирдлагаас тодруулахад орон сууцны зээл олголт зогсоогүй. Төв банкнаас санхүүжилтийг тухай бүрт нь хийж байна” гэж хэлсэн. Тэгэхээр таны сонссон мэдээлэл ташаа гэж хэлмээр байна. Энэ хөтөлбөр зогсолтгүй эргэх циклтэй.
-Нийтдээ 800 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоос өнөөгийн байдлаар 400 гаруй тэрбум нь эзэндээ очсон гэсэн. Тэгэхээр энэ байдал ийм яриа гарахад хүргэв үү?
-Бид санхүүжилтээ үе шаттайгаар гаргана гэж төлөвлөсөн. Гэнэт цутгаад бүхлээр нь гаргачихаж болохгүй. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг Монголбанк, яам хянаж байна. Эхний долоо хоног, хоёр дахь долоо хоног, сарын дараа хэдэн хүн найман хувийн зээлээр орон сууц авсан талаархи мэдээлэл авдаг. Санхүүжилтээ үе шаттай гаргаж байгаа нь хөтөлбөр зогсох нь гэсэн айдсыг иргэдэд төрүүлсэн байж болохыг үгүйсгэхгүй. Тэгэхээр санхүүжилт зогссон, тасалдсан юм байхгүй.
-Одоогийн байдлаар хэдэн иргэн хөтөлбөрийн хүрээнд орон сууцтай болов. Нөгөөтэйгүүр, урьдчилгаа 30 хувийг сонсоход бага мэт боловч байрны үнэ өсч буй өнөө үед чанга байгаа. Бууруулах боломж бий юү?
-Энэ сарын 14-ний байдлаар банкууд 14812 иргэний зээлийн хүүг найман хувьд шилжүүлж, 4193 иргэнд орон сууцны зээл олгосон байна. Өнгөрсөн хугацаанд хөтөлбөр сайн хэрэгжсэн гэсэн үг. Харин урьдчилгаа 30 хувийн тухайд орон сууцны үнэ өссөнөөс хуримтлалгүй иргэдийн хувьд хүндхэн болсон нь үнэн. Гэхдээ яалт ч үгүй хуримтлал үүсгэсэн хүн хөтөлбөрт хамрагдах ёстой учраас банк ч мөнгөний эргэлтээ бодон тухайн зээлдэгчийн санхүүгийн чадамжийг тооцон 10-30 хувиар урьдчилгааг нь тогтооно. Зээлдэгч, зээлдүүлэгчээ бодсон ч 30 хувь гэдэг аль ч талдаа боломжит нөхцөл.
-Валютын ханш өссөнөөс барилгын материалын үнэ өсч байгаа хэмээн Эрээний худалдаачид хэлж байна лээ. Тэгэхээр валютын ханшийн өсөлт, эдийн засгийн хямралаас хамгаалах вирусыг энэ хөтөлбөрт суулгасан бол уу. Өнөөдөр эдийн засгийн байдал хүндрэх нь гэж хэн хүнгүй яриад байгаа шүү дээ?
-Ямар ч гэсэн энэ савалгаанаас сэргийлж Монгол Улс валютаар ямарваа нэгэн төлбөр, үйлчилгээ хийхийг хориглосон. Яалт ч үгүй барилгын материалынхаа 70 хувийг импортоор авдаг барилгын салбарын хувьд ханшийн өсөлт нөлөөлөх нь тодорхой. Энэ өдрүүд нөлөөлж ч байна. Үүнийг урьдчилан харж тооцоолон хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэдэг хэцүү. Тэгэхээр яалт ч үгүй барилгын материалын ханшинд баригдах тал бий.
-Өсөн нэмэгдэж буй эрэлтээ гүйцэхгүй байгаа энэ салбарын нийлүүлэлтийг нэмэхийн тулд тасралтгүй үйл ажиллагаатай болгох ёстой мэт. Салбарын яам энэ талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Барилгын салбарыг хөгжүүлэх гол хөшүүрэг нь чадвартай боловсон хүчнийг тогтвортой ажиллуулах. Тиймээс мэргэжлийн сургуулиуд маань барилгын мэргэжилтнээ хосолмол байдлаар бэлтгэн төгсгөж байгаа. Өөрөөр хэлбэл, зун нь барилга угсралт, өвөл нь засал чимэглэл хийдэг мэргэжилтнийг бэлтгэхийн тулд “Цэнхэр карт” нэртэй хөтөлбөр хэрэгжүүлж байна. Нөгөөтэйгүүр, өнөө үед хөрөнгө мөнгө цаг, хүн хүч хэмнэсэн шинэ дэвшилтэт техник технологиотой үйлдвэр олноор бий болж байна. Иймээс Монголын барилгын салбарт ямар дэвшилтэт технологи нэвтрүүлж болох талаар барилгын компанийн удирдлагуудын танилцуулсан төсөл хөтөлбөрийг судалж байгаа. Өвөл, зунгүй ажилладаг циклтэй болохын тулд өвөл бүтээцээ үйлдвэрлээд зун нь материалын хомсдлоос шалтгаалахгүйгээр тасралтгүй ажиллаад байвал орон сууцны нийлүүлэлт ч өснө.
-Ер нь, хэдэн онд монголчууд барилгын материал, хүн хүчний асуудалгүйгээр байраа саадгүй барьчихдаг болох юм бол?
-Ямартай ч, 2015 он гэхэд дотоодынхоо цементний хэрэглээг 100 хувь хангадаг болно гэсэн бодлого барьж байна. Харин боловсон хүчний тухайд энэ салбарт ажиллаж байсан хүмүүс зах зээлийн ороо бусгаа үеэр уул уурхайн салбарт олноор орсон юм билээ. Тиймээс шаардлагатай боловсон хүчинтэй болохын тулд барилгаар овоглосон хуучин байгууллагуудыг сэргээе гэж байгаа. Энэ хүрээнд тодорхой хөтөлбөр хэрэгжүүлэн хүмүүсээ давтан мэргэшүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь их чухал. Ингэснээр жилийн дөрвөн улиралд ажилладаг болохоос гадна барилгын салбарт тогтвор суурьшилтай ажлын байр бий болох юм.
-Бид өөрсдөөсөө шалтгаалах зүйлийг хийж байна. Гэхдээ хэдий болтол бор зүрхээрээ явах билээ дээ. Энэ салбарт гадаадын хөрөнгө оруулалт хэр орж ирдэг юм бэ?
-Гадаадын хөрөнгө оруулалтыг татах ажил хийлгүй яахав. Барилгын компаниуд гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хамтарсан хөрөнгө оруулалттай компани байгуулах гэх мэтээр энэ чиглэлээр ажиллаж байгаа. Гэхдээ дорвитойхон томхон шиг хөдлөх ёстой. Ялангуяа, манайхан гадаадын хөрөнгө оруулалт гэхээр менежментийн багийг нь оруулж ирнэ гэх юм. Уг нь, бид менежментээ хийдэг, мөнгийг нь авлаа гэхэд бодлогоо өөрсдөө барьдаг байх ёстой. Яамны зүгээс гадаадын хөрөнгө оруулалтыг татах, таатай нөхцөлийг нь бүрдүүлэх талаар ажиллаж байна. Жишээ нь, ирэх аравдугаар сарын 18-20-нд барилгын олон улсын бага хурал, үзэсгэлэн яармагийг эх орондоо зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орчихсон байна. Энэ хурлын үеэр төрөөс гадаадын хөрөнгө оруулагчдад хийх ажлаа зохион байгуулалттай, системтэй танилцуулбал хөрөнгө оруулалт татаж чадах байх аа. Тэгэхийн тулд ч бэлтгэл ажлаа хангаж байна.
-Энэ жил хэдэн барилга ашиглалтад орох вэ. Ирэх жил ашиглалтад орох орон сууцны талаархи судалгаа гарсан уу?
-Энэ онд 34 мянган айлын орон сууц ашиглалтад орно. Энэ бол бага тоо биш. Хот төлөвлөлтөд тусгасан зарим газарт энэ жил дэд бүтэц татаж байгаа гэхээр ирэх оны бүтээн байгуулалтаар бүр ч олон барилга ашиглалтад орох боломж нэмэгдэнэ.
-Эрэлтийг давамгайлахад хүргэж буй хотыг зорьсон шилжилт хөдөлгөөнийг багасгахын тулд хотын удирдлагууд чадамжтайг нь хотын иргэнээр бүртгэдэг дэлхийн хотуудын жишгийг яваандаа нэвтрүүлнэ гэж мэдэгдсэн. Гэхдээ хотод л амьдрал байна гэж ойлгоод буй иргэдээ орон нутагт нь сайхан амьдруулахын тулд хөдөө орон нутгийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой гэж их ярьдаг болсон?
-Засгийн газрын хурлаар энэ асуудлыг хөнддөг л дөө. Бид чинь хотоо хөгжүүлнэ гээд хөдөө орон нутгаа эзэнгүй орхиж болохгүй. Яалт ч үгүй орон нутаг нь хөгжилгүйгээс сургуульд сурах хүүхдээ, их, дээд сургуульд элсэх охиноо даган хот суурин газар бараадаж байна. Үүнээс болж цэцэрлэг, сургуулийн ачаалал нэмэгдэж, хүүхдээ айлын хаяа бараадуулснаас орон сууц авахыг зарим эцэг, эх илүүд үзэж байгаа. Энэ бүхэн хотын нийгэм, эдийн засагт асуудал үүсгэж байна. Иймд хөдөө орон нутгийг хөгжүүлэх замаар тэнд тогтвортой ажлын байр бий болгохоос гадна сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээг цогцоор нь байгуулмаар байна. Тэрнээс чи заавал энд амьдар гэж тулган шаардаж болохгүй. Хүний эрх зөрчсөн болно. Тиймээс төр тухайн хүний ажиллаж амьдрах, сурч боловсрох боломжийг нь бүрдүүлэх ёстой. Заавал хотод байснаараа хүн сайхан амьдарна гэж байхгүй. Хөдөөд сайхан амьдрах нөхцөлийг нь бүрдүүлж байж хот руу нүүх нүүдлийг сааруулна.
-Орон нутгийг бүсчилэн хөгжүүлэхээс гадна дагуул хотыг ч мартаж болохгүй байх?
-Хаана ажиллавал надад боломж байна гэдэг сонголтыг хувь хүнд үлдээх ёстой. Энэ ч үүднээс хөдөө орон нутгийг хөгжүүлэхийн тулд Сумын төвийн шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Эрх баригч намын болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон зүйл. Харин дагуул хотын тухайд бид нийслэлээ хөгжүүлэх бус дагуул хот, хөдөө орон нутгаа зэрэг хөгжүүлбэл Дорж гуай заавал нийслэлд амьдарна гэж зүтгэхгүй шүү дээ. Тэгэхийн тулд төр засгийн дэмжлэгээс гадна олон салбар харилцан уялдаатай ажиллаж байж хэрэгжүүлнэ. Харьцангуй олон ажил эхлээд явж байна. Эхэлнэ гэдэг том алхам. Эхэлснийгээ амжилттай дуусгана гэдэг бүтээн байгуулалтын том ажил. Тийм учраас иргэд ч идэвхтэй оролцох хэрэгтэй. Наад зах нь, иргэд ажилд нь туслаад газраа чөлөөлөөд өгвөл хотын бүтээн байгуулалт саадгүй явна. Дэд бүтэц, барилгын ажил хүн бүхэнд хамаатай. Ганцхан манай яамны ажил биш.
-Энэ жил ашиглалтад оруулахаар төлөвлөсөн орон сууцнууд дэд бүтцээ авлаа гэхэд ирэх онд шинээр баригдахад нь хүндээр тусч эхлэх байх. ДЦС-ууд бол эрчим хүч, дулааны нөөц хомс болж буйг өдөр болгон хэлж буй?
-Эрчим хүчээр жишээ авахад, барилга барихын өмнө бүх техникийн нөхцөлөө хардаг. Усаа хаанаас авах уу, нөөц нь бий юү, цэвэрлэх байгууламжаа хаана холбох вэ, дулаан, цахилгаан хүрэх үү гээд техникийн нөхцөлөө тооцож байж барилга барих зөвшөөрөл өгдөг. Тиймээс энэ салбарт бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэгч байгууллага, яам болгон хянадаг гэж хэлж болно. Ер нь, бодлогын хүрээнд дэд бүтцийн асуудал хүнд байгааг мэдэж байгаа. Өнөө цагт төв газраас дулаан, цахилгаанаа татах биш томоохон хотхон хорооллоор нь дэд бүтцийг нь шийддэг дэвшилтэт технологи гарсан байна. Жишээлбэл, Сумын төвийн шинэчлэл хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн нийгмийн зориулалттай 5-6 байшингийн цахилгаан, дулааныг төвөөсөө биш бага оврын цахилгаан, дулаан үйлдвэрлэгч технологиор хангадаг болж. Энэ технологийг ч гэсэн нэвтрүүлэх боломж төв суурин газарт бий.
-Бид энэ жил тэд, ирэх онд тэдэн барилга ашиглалтад оруулна гэдэг. Гэтэл ашиглалтад орох орон сууцнаас гадна үйлдвэр, үйлчилгээний газруудын дулаан, цахилгааныг шийдэх ДЦС-5 хэзээ ашиглалтад орох юм бэ?
-ТЭЦ-5 байна, байхгүй гэж яригддаг л даа. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар ч гэсэн Ерөнхий сайд энэ станцыг барина гэж 6-7 жил ярьчихлаа. Баригдах, үгүйг нь эцэслэе гэж.Тиймээс Засгийн газрын хурлаар эцэслэн шийдэх байх. УИХ-аар 2020 оны хотын ерөнхий төлөвлөгөө батлагдлаа. Эл төлөвлөгөөний дагуу хотын хөгжлөө харж байж энэ станцын асуудлыг шийдэх байх.