АНУ-ын Төрийн Департментаас санаачилсан нээлттэй, ил тод, хариуцлагатай засаглалыг дэмжих үүргийг улс орнуудын Засгийн газарт хүлээлгэх зорилго бүхий Нээлттэй засгийн Түншлэлд 2011 оноос хойш дэлхийн улс орнууд нэгдэж эхэлжээ. Одоогийн байдлаар 47 улс уг түншлэлд нэгдэн орсон байна. Монгол Улс Нээлттэй засгийн түншлэлд нэгдэн орох сонирхолоо илэрхийлжээ. Үүнд нэгдэн ороход өөрийн хүлээх үүргийн хүрээнд нээлттэй засаглалыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай аж. Төлөвлөгөөг төрийн болон төрийн бус байгууллагууд, олон нийтийн оролцоотой хэлэлцүүлгийн дүнд боловсруулах зарчимтай.
Тиймээс үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний төсөлд санал авахаар төрийн байгууллагууд, иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулах хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордны “Иргэний танхим”-д болно. Мөн аймаг, орон нутгийн удирдлагууд болон иргэдийн оролцоо бүхий цахим хэлэлцүүлэг энэ сарын 20-нд Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд болох юм байна.