Том оврын камаз маркийн ачааны машин галт тэрэгтэй мөргөлдөн улсад их хэмжээний хохирол учруулсан тухай мэдээллийг бид өмнөх дугаартаа нийтэлсэн билээ. Үүнтэй холбоотой зарим мэдээллийг бид тодруулсан юм. Наймдугаар сарын 13-ны өглөө 07:20 цагт болсон уг ослын улмаас буй болсон эвдрэл гэмтлийг “Улаанбаатар төмөр зам”-ын хамт олон уйгагүй хөдөлмөрлөсний дүнд оройн 22:15 цагт 200 гаруй метр замыг бүрэн сольж дуусчээ. Учирсан хохирлын нийт хэмжээг тогтоохоор Зам тээврийн яамнаас ажлын хэсэг томилон ажиллуулж байгаа гэнэ.
Осолдсон галт тэрэгний хоёр зүтгүүрийн нэг нь л гэхэд 3,8 сая ам.доллараар үнэлэгдэж байгаа аж. Зөвхөн материаллаг хохирлоос гадна бусад зардлыг тооцвол нэлээд өндөр тоо гарах нь тодорхой. Ослын улмаас өмнө зүгт аялах бүх галт тэрэгний хөдөлгөөн саатжээыы. Тухайлбал 630 орчим вагон ачаа хүлээгдэх болсон байна. Эдгээр нь гол төлөв хотуудын цахилгаан станцид очих нүүрс байжээ. Гэхдээ 14-ний өглөө ажил эхлэхэд бүх галт тэрэгний хөдөлгөөн хуваарийн дагуу хэвийн ажиллагаанд шилжсэн байв.
Зам засварыг гүйцэтгэж дуусах хүртэл зорчигчийн гурван ч галт тэрэг саатаж, иргэдийг тасалбараа буцаахад хүргэсэн юм. Галт тэрэгний хөдөлгөөн саатсан энэ үед Улаанбаатар төмөр замын буудлын ажилчид хэрхэн ажилласан тухай мэдээллийг төмөр замын Зорчигч, үйлчилгээний төв буудлын дарга А.Арвинчимэгээс тодрууллаа.
А.Арвинчимэг: Билетээ буцаагаагүй иргэдийн суудлыг хадгалж байгаа
-Энэ сарын 13-нд гарсан ослоос болж зорчигчдын галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт гарч, зарим нь цуцлагдсан. Одоогоор ямар нэгэн байдлаар саатсан галт тэрэг байгаа юу?
-“416”-ийн гарам дээр болсон ослын улмаас урд чиглэлийн зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн нэг өдөр саатсан. Тэр нь Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 286, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 276, 44 дүгээр галт тэрэг. Одоогоор цагийн хуваарьт өөрчлөлт ороогүй. Зорчигчийн галт тэрэг батлагдсан цагийн хуваарийн дагуу бүгд аялж байна.
-Саатсан галт тэрэгнүүд хэзээнээс аялалд гарсан бэ. Мөн Улаанбаатарт ирж чадалгүй саатсан ачаа хүргэгдсэн үү?
-Өчигдөр шөнө 00:30 цагт 275 дугаар галт тэрэгний ачаа Улаанбаатарт орж ирснээс хойш 03:30 цаг хүртэл зорчигчийн гурван ч галт тэрэгний ачаа ирсэн. Ачааг үүрийн 05 цаг хүртэл буулгаж дууслаа. Зорчигчийн галт тэрэг, зорчигчдын ачааны саатал одоо байхгүй. Улаанбаатараас гарах галт тэрэг зам засч дууссаны дараа аялалдаа гарцгаасан.
-Зорчигчдод тасалбарыг буцаан олгосон гэсэн. Харин одоо иргэд дахин тасалбар авах уу?
-Зарим яаралтай ажилтай зорчигчид тасалбараа буцаах хүсэлт гаргасан. Манай байгууллага зорчигчдоосоо уучлал гуйж, мөнгийг нь 100 хувь олгосон. Харин тасалбараа буцаалгүй хадгалж байгаа хүмүүс манай кассанд ирж солиулах ёстой. Бид өчигдрийн галт тэргээр яваагүй иргэдийн суудлыг хадгалж байгаа учир тасалбараа солиулахад асуудал үүсэхгүй. Хэрвээ зорчигч өөрөө хүсвэл мөнгийг нь буцаан олгоно. Зорчигчид маань үүнийг мэдэлгүй шууд галт тэргэндээ орж суучихаад байгаа. Гэхдээ бид үйлчлэх ёстой учраас дахин тасалбар олголгүй тохирох суудлыг гаргаж өгч, аль болох зохицуулж байна.
-Хүлээгдсэн галт тэргээр хэчнээн хүн зорчсон бэ. Зорчигчид галт тэрэг хэзээ хөдлөхийг мэдэхгүй ч хүлээсээр байсан юм уу?
-276 дугаар галт тэргээр 1083 хүн зорчиж, 40 хүн тасалбараа буцааж, 100 гаруй хүн сунгуулсан. Харин 44 дүгээр галт тэргээр 580 хүн аялж, 10 тасалбар буцаагдаж, 40 орчим хүн хугацааг нь сунгуулсан байна. Өндөр настай, нярай хүүхэдтэй иргэдэд Улаанбаатар вокзал амрах өрөөгөөрөө үнэгүй үйлчиллээ. Кассын ажилчид маань хүртэл шөнийн 02 цаг хүртэл ажилласан.