Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай өчигдөр боллоо. Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн засварын ажлын явцыг энэ үеэр танилцуулсан юм.
Нийслэлийн хэмжээнд 31 сургууль, 12 цэцэрлэгт барилгын засвар, төрийн өмчийн 111 сургууль, 176 цэцэрлэгт урсгал засвар хийж буй гэнэ. Засварын ажил төлөвлөсөн хугацаанаас оройтож эхэлсэн ч барилга засварын ажил 45 хувьтай, урсгал засвар 75 хувьтай байгаа аж. Тус газарт 53 сургууль, цэцэрлэгээс 8,6 тэрбум төгрөгийн засварын ажил хийлгэх санал ирүүлсэн ч улсын төсөвт 3,6 тэрбум төгрөг л баталжээ. Иймд баталсан хөрөнгөнд л багтаж барилгын засварын ажлыг хийнэ хэмээлээ. Ямартай ч, сургууль, цэцэрлэгүүдийн засварыг энэ сарын 25 гэхэд бүрэн дуусгана гэв.
Хэдийгээр 45 хувьтай гэж буй ч энэ сарын 25-нд ажлаа дуусна гэх нь сайн хэрэг ч хэдий болтол урсгал засвар ярьж, болж байгаагаар нь болохгүйгээ далдлах гэсэн юм бол. Зургаан жилийн өмнө айл бүрд аз дагуулахаар мэндэлсэн “алтан гахай” жилтнүүдийн сургуульд элсэх дараалал аль хэдийнэ болж. Бараг амтай бүр сургууль эрж танилын нүүр царайчилж байхад манайхан сургуулийнхаа тоо, хүрэлцээг нэмэх тухай биш урсгал засвар яриад суугаа нь чамлалттай. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд нийтдээ 52300 хүүхэд нэгдүгээр ангид элсэнэ. Харамсалтай нь, нэг ч сургууль нэмж барьсангүй. Харин ч нэмж нураасаар, барилгын ажлыг нь удаашруулсаар.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын өнгөрсөн жил хийсэн шалгалтаар 27 сургууль, 51 цэцэрлэгийн барилгыг ашиглах боломжгүйг тогтоосон. Үүнд, газар хөдлөлтөөс сэргийлж баригдаагүй 1960 оноос өмнөх барилгууд болон энэ оноос хойш баригдсан чанаргүй барилгууд багтсаныг мэдээлж байсан. Тэгвэл хичээлийн шинэ жил тулсан энэ үед дээрхи сургууль цэцэрлэгийнхэн орон байртай болсон эсэх талаар сурвалжиллаа. Нийслэлийн ууган сургууль болох Монгол гуравдугаар сургуулийн барилгыг сүр дуулиантайгаар актлаад даруй жил гаруй хугацаа өнгөрчээ. Одоо хүртэл хуучин барилгынх нь цонхнууд нь хагарч, хашаанд нь архичид орогносон дүр зурагтай байсаар л... Хотын төвийн бүсэд, төв зам руу харж байрласан энэ барилга наанадаж их хотын маань өнгө үзэмжийг гутааж, цаашлаад тус сургуулийн сурагчид, албан хаагчид орох оронгүй айлын хаяанд толгой хоргодсоор. Ийм байдлаар нэг хичээлийн жилийг ардаа үдсэн ч, дахиад л хувь заяатайгаа эвлэрэхээс аргагүйд хүрэх нь.
Гэхдээ энэ зовлонг ганцхан гуравдугаар сургуулийнхан үүрээгүй. Дээрхи актлагдсан сургууль, цэцэрлэгээс нэн тэргүүнд буулгах шаардлагатай сургуулийн жагсаалтад гурав, 11, 38, 73 дугаар сургууль багтсан. Гуравдугаар сургуулийн захиргаа ахлах ангийнхныгаа 16 дугаар сургуулийн өргөтгөлд байрлуулан хоёр ээлжээр, бага болон дунд ангийнхнаа дөрөвдүгээр сургуулийн есөн ангид гурван ээлжээр хичээллүүлэн өнгөрсөн жилийг давсан. Мөн 11 дүгээр сургуулийнхан ч зургаа, 31, 45 дугаар сургуульд хуваагдан толгой хорогдсон.
Өнгөрсөн онд нийслэлийн боловсролын салбарт 45,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэж байсан. Энэ төсөвт дээрхи сургуулиудын засвар, шинэ барилгын төсөв багтсан. Гэтэл ажлыг нь удаашруулсан зүйл нь зайлшгүй буулгах шаардлагатай сургуулиудыг нураах зардлыг суулгаагүйгээс үүдэлтэй байж. Харин он гарсаар энэ асуудал шийдэгдэж дээрхи хоёр сургуулийг нураахад 600 сая төгрөг зарцуулах болсон ч тендер нь өнгөрсөн тавдугаар сард л зарлагджээ. Долдугаар сард дахин тендерийг нь сунгаж, 11 дүгээр сургуулийн хуучин барилгыг нураах байгууллага тодорч буулгасан бол гуравдугаар сургуулийг нураах тухай чимээ ч алга. Уг нь 11 дүгээр сургуулийг 200 саяар, гуравдугаар сургуулийг 400 саяар байгуулахаар төлөвлөж.
Гуравдугаар сургуулийн захирал Б.Болормаатай утсаар холбогдлоо.
-Сургуулийн хуучин барилгыг буулгах талаар чимээ алга. Танд сонссон зүйл байна уу?
-Манай мэдлээс гарсан. Сургуулийн барилгатай холбоотой асуудал бидэнд хамаарахгүй болсон. Учир нь, Нийслэлийн Өмчийн харилцааны газар өнгөрсөн тавдугаар сард энэ барилгыг биднээс хүлээж авсан. Саяхан сонсоход буулгах тендер зарласан гэсэн. Гэхдээ гаднаас нь харахад энэ барилга бүрэн бүтэн харагдах ч дотроо шал, паар гээд дахин ашиглаж болох зүйлсийг нь авсан байна лээ. Цонх, хаалгануудыг нь сууринаас нь хөндийрүүлсэн. Хэрэв буулгах байгууллага нь шалгарч хашаагаа тойруулаад барьчихвал цонх, хаалгыг нь ч гэсэн хоёрдагч түүхий эдэд тушаах юм гэсэн.
-Танай сургуулийн хувьд бүлгүүдээ хоёр хуваагаад дөрөв болон 16 дугаар сургуулийн байранд хичээлээ явуулсан. Энэ жил ч гэсэн энэ хэвээрээ байх нь. Хүндрэл бэрхшээлтэй зүйл байсан уу?
-Ахлах ангийн бүлгүүд маань 16 дугаар сургуулийн өргөтгөлийн 11 танхимд хоёр ээлжээр хичээллэсэн. Харин дөрөвдүгээр сургууль дээр бага болон дунд ангийнхан маань гурван ээлжээр хичээллэсэн. Урлаг, спортын заалгүй учраас хүндрэлтэй байсан. Бас эрэгтэй, эмэгтэй сурагчдын технологийн хичээл болон сонгон суралцах хичээлийн анги танхим байхгүй нь сургуулийн зүгээс хуучин барилгын эвдрэл, гэмтлээс сурагчдаа сэргийлж чадсан. Бас хэчнээн хүнд нөхцөлд байгаа ч багш нарыгаа цомхотгохгүй гэсэн бодлого барьж байгаа.
-Энэ жилийн шинэ элсэлтээр хэдэн бүлэгт хүүхэд бүртгэсэн бэ. Цөөлсөн зүйл бий юү?
-Зургаан бүлэгт элсэлт авдгаараа л авсан. Харьяа хүүхдүүдээ бүртгэхгүй бол тэд маань хаана сурах билээ. Тэгээд ч бүлгээ цөөлбөл багш нар ажилгүй болно.
-Ууган сургууль гэдэг утгаараа хуучин барилгад түүхэн ач холбогдол бий юү?
-Үгүй ээ. Анхны барилга нь модон байшин байсан. Бидэнд зураг нь бий.
-Сургуулийн шинэ барилгыг хэзээ хүлээлгэн өгөх нь төлөвлөгөөнд туссан байх?
-Ирэх оны тавдугаар сард хүлээлгэн өгнө гэсэн. Уг нь, зураг төсөл нь хийгдсэн. Гадна талаасаа юу хийхгүй мэт харагдаад байхаар эцэг эхчүүд жаахан бухимдалтай байна.
Өмнөх акталсан сургуулиудын асуудлаа шийдэж амжаагүй байтал ашиглах боломжгүй сургууль, цэцэрлэгийн тоо нэмэгдсээр. Нийслэлийн хэмжээнд энэ онд 10 сургууль, цэцэрлэгийн барилгыг яаралтай нураах шийдвэр гараад байна. Он, оны хур хог нийлсээр уул болдог гэгчээр боловсролын салбарт актлах барилга байгууламж нь уул үүсгэх гээд байна уу.
БГД-ийн 73, 38 дугаар сургууль, 47, 57 дугаар цэцэрлэг, СХД-ийн 26 дугаар цэцэрлэг, БЗД-ийн 146, 10 дугаар цэцэрлэг, ХУД-ийн 32 дугаар сургууль, ЧД-ийн 18 дугаар цэцэрлэгийн барилгыг актлах шийдвэр гарч. Энэ талаар “Шинэ барилгын төсөв хөрөнгийн асуудлыг БШУЯ, Сангийн яам хоорондоо хэлэлцэж шийдэх ёстой. Харин бид хүүхдүүдээ яаж хичээллүүлэх талаар бодлогын арга хэмжээ авна. Энэ жилдээ багтаан хуучин барилгуудыг нурааж, ажлыг нь эхлүүлэхээр зорилт тавьсан” гэж Нийслэлийн Боловсролын газрын удирдлагууд мэдэгдэж байна. Тухайлбал, БЗД-ийн 10 дугаар цэцэрлэгийн хүүхдийг 58 дугаар цэцэрлэгт хичээллүүлэхээр болсон гэнэ.
Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд 80 бага сургууль барихаар төлөвлөж, шийд нь гарсан. Энэ нь, нөгөө л “алтан гахай” жилтнүүдийн давлагаатай холбоотой. Гэтэл бага сургуулийн зураг төсөл хэдийнэ гарсан ч зарим нэгэн хувийн ашиг сонирхолдоо автсан хүмүүсээс болж удааширсан тухай албаныхан ярьж байна. Тухайлбал, зарим аж ахуйн нэгж, албан газрууд газраа чөлөөлж өгөхгүй байгаагаас сургууль барих ажил удааширч байна гэх. Түмний хүүхдийн төлөө хийж буй ажлаас ашиг, хонжоо хайгчид ажлыг нь удаашруулж байгаа бол төрийн төмөр нүүрээр шийдэхэд юу нь буруу байхав. Гэхдээ алсыг харж ирж байгаа давалгааг эрт тооцоолсон бол цагийг нь тулсан энэ үед үнэн, худал шалтаг хэлээд суухгүй л байсан баймаар.
Хамран сурах тойрог гэгч шинэ нэр гаргаж ирээд буй энэ хүрээнд хороо бүрийг цэцэрлэг, сургуультай болгох ёстойг ухаарсан нь ч бас дээрхи 80 бага сургуулийн тухай яриа гарахад хүргэсэн юм. Нийслэлд огт сургууль, цэцэрлэггүй хороо нэг биш нэлээд хэд бий. Өнөөх л алслагдсан гэр хорооллын хүүхдүүд өвлийн хүйтэнд, харанхуй гудамжаар хэдэн уул дамнан сургууль, цэцэрлэгтээ явах үзэгдэл хэдийнэ нүдэнд дасал болчихож. Арга ядахдаа л ерөнхий боловсролын сургалтын системд шинээр бие хамгаалах хичээлийг оруулах тухай захирамж гаргаж байхав дээ. Гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн хамгийн сүүлийн хичээл 20:00 цагт дуусдаг. Энэ нь, өвлийн улиралд бараг л шөнө гэсэн үг. Үүнээс гадна ганцхан цэцэрлэгт нь хүүхдүүд багтахгүй хэцүүддэг, багтаах гэж хахууль өгдөг талаар ч хэдэн жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хорооны хүн ам нь багтаж шингэхэд хэцүүдэн шинэ хороо байгуулсан ч, сургууль, цэцэрлэг нэмэгдээгүйгээс хамран суралцан тойргийнх нь хүүхдүүд боловсрол хүртэж чадахгүйд хүрээд буй.
Энэ мэт тоочоод байвал болохгүй, бүтэхгүй зүйлийг бичихэд нэг сонингийн нүүр ч хангалтгүй. Гэсэн ч үнэн байдал гамшгийн хэмжээнд хүрсэн байхад удирдах албатнууд нь болж байгаа, болох зүйлийн талаар ярьсаар л. Хэдий хүртэл болохгүй зүйлийг гээх гэсэн юм бол доо.