Монголын эдийн засгийн байдал муудсанд гадаадын хөрөнгө оруулалт багассантай холбоотой хэмээн тайлбарлаж буй судлаач олон байна. УИХ-ын сөрөг хүчин болох МАН-ын бүлэг ч гадаадын хөрөнгө оруулалт өмнөх жилээс 70 хувиар буурсанд арга хэмжээ авахгүй байна хэмээн эх баригчдад шаардлага хүргүүлж байв. Гэтэл бодит байдалд гадаадын хөрөнгө оруулалт 40 орчим хувиар буурчээ. Өөрөөр хэлбэл, өмнөх жилүүдэд Монгол Улсад орж ирсэн шууд хөрөнгө оруулалтын 70 хувийг дангаараа эзэлж байсан Оюу толгой төслийн эхний үе шат энэ онд дууссан. Энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг 33 хувиар бууруулах шалтгаан болсон байна. Манай улсад энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт 961 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 43 хувиар буурсан үзүүлэлт гэнэ. Харин олборлох салбарт хөрөнгө оруулалт 32 хувиар буурчээ. Дээрх шалтгаанаас гадна манайх энэ чиглэлийн хууль эрхзүйн орчноо гадаадын хөрөнгө оруулагчдад таатай болгоогүйгээс тэднийг үргээж байсан.
Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг өнгөрсөн оны тавдугаар сард буюу сонгуулийн өмнө “сэмхэн” УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн баталсан. Энэ хууль гарсан цагаас хойш гадаадын хөрөнгө оруулагч болон олон улсын байгууллагаас маш их шүүмжлэл дагуулсан бидэнд өдгөө хор уршгаа үзүүлсээр. Манайд гадаадын хөрөнгө оруулалтын орчин тааламжгүй болсон нь хөрөнгө оруулагчдыг Монголоос гарахаас аргагүй байдалд оруулсан. Тиймээс дээрх хуульд өөрчлөлт оруулахаар Засгийн газраас УИХ-д өргөн барьж, чуулганаар хэлэлцүүлсэн. Засгийн газар энэ хуулийг хэлэлцэж, хөрөнгө оруулалтыг хэвийн болгох, цаашид нэмэгдүүлэх зорилгоор хүмүүсийн хүсэн хүлээж буй зарим өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, уг хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.7 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн гадаадын хөрөнгө оруулагчийн эзэмших хувь хэмжээ 49 хувиас илүү гарах бөгөөд тухайн үед оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 тэрбум төгрөгөөс давах тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ” гэж заажээ. Гэтэл 100 тэрбум төгрөг нь уул уурхай, банк санхүүгийн салбарт томоохон босго болж чадахгүй байгаагаас жижиг, дунд хэмжээний хөрөнгө оруулалт, бизнес хэлцэл бүрийг УИХ-аар шийдвэрлүүлэх асуудалд үүсээд байсан юм. Тиймээс Засгийн газрын энэ оны гуравдугаар сарын 7-ны хуралдаанаар хуульд заасан 100 тэрбум төгрөгийн босгыг эргэн харах, улмаар зөвхөн төрийн өмчит компанитай холбоотой хэлцлийг УИХ-аар шийдвэрлэж байх боломжийг харгалзан дахин хуулийн төсөл боловсруулсныг чуулганаар хэлэлцэж, баталсан байна. Ингэснээр Монгол Улсад хөрөнгө оруулж буй гадаадын хуулийн этгээд 49-өөс дээш хувь эзэмшихээр хөрөнгө оруулсан тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэх бөгөөд бусад тохиолдолд зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэхээр болж байгаа юм. Ингэснээр 100 тэрбумын босго арилж, зөвхөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн холбогдох хэлцлийг УИХ шийдвэрлэж байх, стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтад тавьж буй зөвшөөрөл авах үйл ажиллагаа тодорхой болж, түргэн шуурхай шийдэх боломжтой болж буй юм. Нөгөөтэйгүүр, Монгол Улсын хөрөнгө оруулалттай холбоотой орчин нөхцөл өмнөхөөсөө харьцангуй дээрдэж, сайжирна гэдгийг эдийн засагчид хэлж байна. Гадаадаас ч хөрөнгийн урсгал орж ирэх юм.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад болон бусад судалгаанаас харахад гадаадын хөрөнгө оруулалт буурсан нь батлагдаж байгаа. Тиймээс Засгийн газраас өнгөрсөн хугацаанд олон улсын байгууллага, санхүүгийн корпораци, валютын сан, Дэлхийн банк, хөрөнгө оруулагчдын төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонссон байна. Энэ хуульд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулахгүй бол хүнд байдалд орж болзошгүй учраас ийн өөрчилсөн гэнэ. Ер нь, дэлхийн олон улс оронд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах ийм төрлийн хууль эрхзүйн орчин байдаг. Зарим улсад тухайн стратегийн салбарт чухам ямар үйл ажиллагаанууд хамаарч байгааг холбогдох хуульдаа тодорхой тусгасан байдаг аж. Ямартай ч өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-нд хуульд заасан 100 тэрбумын босгыг арилгасан учир ирэх есдүгээр сараас Монгол Улсын эдийн засаг идэвхжинэ гэдгийг холбогдох албаныхан хэлж байсныг энд дурдах нь зүйтэй байх.