Монголын эдийн засаг таагүй байна. Дэлхийн зарим оронд туссан энэ ханиад манай оронд халдварлаж, ужгирч, хүнд шатандаа шилжээд байна. Энэ байдлаас гарахын тулд төв банк чадлынхаа хэрээр ажиллаж буй ч нэгэнт хүнд хэлбэрт шилжсэн хатгаа хор урхагаа дагуулж мэдэхээр болчихлоо. Бид оны өмнө дэлхийн зах зээлээс эзэн Чингис хаанаараа овоглосон 1.5 тэрбум ам.долларын үнэт цаас босгоогүй бол Монгол Улсын эдийн засаг одоогийнхоос дордох байсан хэмээн Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат хэлж байна. Сайн, саараараа дуудуулан байж олж ирсэн энэ мөнгийг манай улс бүтээн байгуулалтын томоохон ажилд хөрөнгө оруулахаар болоод байгаа.
“Чингис” бондын өрийг төлөөд дуусахад манай улсад ямар бүтээн байгуулалт үлдэх вэ. Энэ талаар Сангийн сайд Ч.Улаанаас тодруулахад “Монгол Улсын 18 аймаг нийслэлтэйгээ засмал замаар холбогдоно. Ингэснээр хот хөдөөгийн хөгжлийн ялгаа эрс багасна. Хоёрдугаарт Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнээ дэлхий дахинд гаргахад саадгүй хүргэх төмөр замын сүлжээтэй болж, далайд гарах шинэ гарцтай болно. Эрчим хүчээр өөрийнхөө хэрэгцээг бүрэн хангаж чадахуйц хүчин чадалтай болно. Оюутолгой, Тавантолгойн ордыг ашиглах дэд бүтцийн сүлжээг бий болгох, Монгол Улсын эдийн засгийн хурд эрс нэмэгдэх зэрэг олон давуу талтай. Түүнчлэн жижиг дунд үйлдвэрлэлээс манай улс дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах чадвартай болох юм” гэв. Амин чухал зүйлд зарцуулагдах ёстой “Чингис” бондоор ямар ямар ажил хийснээ манайхан ойр ойрхон шалгаж явах хэрэгтэй.
Учир нь, бид уг бондыг хүүтэй зээлсэн юм. Хүүг хагас жил тутамд төлж явна. Одоогийн байдлаар эхний хагас жилийн хүүг Монголбанкнаас төлжээ. Төв банк 38 тэрбум төгрөгийн хүүг графикийн дагуу төлсөн байна. Бондыг байршуулан зарцуулж байгаа нь Монголбанк учраас эхний төлбөрийг тус банк ийн хийсэн аж.
Тиймээс манай улс бондын хөрөнгөөр хийх бүтээн байгуулалтын ажлыг шат шатандаа цалгардуулахгүй явуулбал, өдөр бүр нэмэгдэж байгаа хүүний дарамтаас айх зүйлгүй болно. Харамсалтай нь зарим төсөл хөтөлбөр гацаанд ороод буй аж. Нэгэн жишээ дурдахад, улсын хэмжээнд улсын төсвийн болон бондын хөрөнгөөр хийгдэх 1.5 их наяд төгрөгийн төсөлд санхүүжилт олгох ёстой ч эхний хагас жилийн байдлаар 880 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөжээ. Гэтэл одоогийн байдлаар компаниуд 204 тэрбум төгрөгийн санхүүжилт л аваад байгаа аж. Хэрэв III, IV улиралд багтаан төслүүдээ яаравчлахгүй бол бондын мөнгийг тэврээд хэвтээд байгаагаас өөрцгүй болно гэдгийг холбогдох албаны хүн хэллээ.
Засгийн газар болон “Чингис” бондын Бодлогын зөвлөлийн шийдвэрээр Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450 МВт хүчин чадалтай цахилгаан станц барихад 50 сая ам.доллар зарцуулахаар болжээ. Цахилгаан станц 2017 онд ашиглалтад орох юм байна. Мөн нийслэлчүүдийн ая тухтай амьдрах орчныг сайжруулах, агаарын болон хөрсний бохирдлыг бууруулж, замын түгжрэлийг арилгах зорилго бүхий “Гудамж” төсөлд бондын хөрөнгөөс 200 сая ам.доллар зарцуулахаар болж, ажил нь эхэлсэн. Уг төсөл “Хотын төв”, “Гэр хорооллын дахин төлөвлөлт”, “Хурдны зам” гэсэн гурван дэд төсөлтэй. Хотын төвийн 33 уулзварыг шинэчлэх, шинээр гудамж бий болгох ажлыг хийж гүйцэтгэхээр ажиллаж байгаа ч Саппорогийн уулзвар, Өргөөгийн урд талын замын болон Дарь-Эхийн уулзвараас бусад нь ашиглалтад ороогүй байна. Нийслэлд хаа сайгүй ухаж төнхсөн нүх, хөдөлгөөнийг нь хаасан замууд байх. Ирэх сараас өмнө бүх уулзварыг ашиглалтад оруулна гэж байгаа ч зарим уулзварын зураг төсөл бэлэн болоогүй байгаа гэсэн.
Засгийн газраас энэ онд зургаан аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбохоор ажиллаж байгаа ч ажлын явц удаашралтай буй. Энэ онд Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл аймгийг хатуу хучилттай автозамаар холбоход бондын хөрөнгөнөөс 570 тэрбум төгрөг өгчээ. Эдгээр замаас Баянхонгор аймгийн зам наадмын дараа ашиглалтад орох байсан ч хойшлогдсоор энэ сарын 24-нд улсын комисст хүлээлгэж өгнө гэж байв.
Бусад замын ажил графикийн дагуу явагдаж байгаа ч Хөвсгөлийн замд төдийлэн ахиц дэвшил гарахгүй байгаа. Мөн “Чингис” бондоос ноолуурын салбарыг дэмжихэд 68,8, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сайжруулахад 27.7, өвлийн хүлэмж байгуулахад 17.4, ноосны салбарт 45, оёмол бүтээгдэхүүний салбарт 13.5 сая ам.доллар зарцуулахаар хуваарилжээ. Энэ нь түүхий ноолуурын экспортыг зогсоож, дотооддоо нэмүү өртөг шингэсэн экспортын чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэнэ. Ингэснээр салбарын үйлдвэрлэл, борлуулалтын орлого нэмэгдэж 20 орчим мянган ажлын байр бий болж, орон нутагт сүлжмэл болон оёдлын үйлдвэр байгуулагдах аж.
Энэ онд Улаанбаатар хот болон орон нутагт баригдах орон сууцны хотхон, хороолол, инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний ажилд 200 хүртэл тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр шийдвэрлэсэн байна. Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг барих ажилд 400 орчим сая доллар зарцуулах гэнэ. Уг төмөр замд 800 орчим сая долларын санхүүжилт шаардлагатай бөгөөд үлдсэнийг нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар шийдэхээр ажлаа эхлүүлээд байна. Зам тээврийн яамнаас МИАТ компанид авах гурван онгоцны мөнгийг “Чингис” бондоос шийдвэрлэж өгөхийг хүсчээ. Ойролцоогоор 200 гаруй сая долларын санхүүжилт хэрэгтэй аж. Өнөөдрийг хүртэл Монгол Улс өөрийн гэсэн ганц ч онгоцгүй бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэхээр болоод байгаа нь энэ юм.
Гэхдээ “Чингис” бондыг босгосноороо валютын ханшийг тогтвортой байлган үнийн өсөлтийн дарамтаас хамгаалах боломжтой болсон хэмээн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр сэтгүүлчидтэй уулзахдаа хэлж байсан ч өнөөдөр “ноён” долларын ханш тэнгэрт хадаж, төгрөгийн ханш сулраад байна. Эрх баригчид гарах гарцыг эрэлхийлж байгаа ч ам.долларын амыг татаж чадаагүй л сууна.
Жил бүрийн өдийд төгрөгийн ханш сулардаг ч энэ жилийнх шиг байдалтай нүүр тулж байсангүй. Хамгийн сүүлд 2009 оны гуравдугаар сард төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1660 болж байсан. Одоо энэ байдал давтагдахгүй гэх баталгаа алга. Учир нь, эдийн засгийн энэ амаргүй байдал бүхий л салбарт нөлөөлж, дээрээс нь “Чингис” бондын зургаан сар тутамд төлөх хүү нэмэгдэж тэр хэрээр эдийн засагт дарамт учрах болоод байна.