Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ҮНДЭСНИЙ 130 ҮЙЛДВЭР БА 450 МЯНГАН СУРАГЧ ФОРМ

Монгол хонины ноосоор сурагчийн дүрэмт хувцас хийх ажил гараанаас гарч, оёдлын үйлдвэрүүд завгүй ажиллаж байна. Эхний ээлжийн цамц, өмд, хантааз бэлэн болсныг үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцах үеэр харлаа. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас баталсан загвар, стандартын дагуу оёж бэлтгэх ажлыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам гардан гүйцэтгэж буй. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал болон төслийн удирдагч, ахлах мэргэжилтэн, сэтгүүлчид тэргүүтэй хүмүүс шинэ дүрэмт хувцас хэрхэн бүтэж буй үзсэн юм. Ялгаагүй импортоор оруулж ирсэн даавуугаар, өмнөхөөс ялгаагүй хувцас оёж байгаа хэрнээ, хэтэрхий өндөр үнэ тогтоолоо гэх гомдол дайсан сөрөг мессеж сүүлийн хэдэн өдөр гадуур түгсэн. Гэтэл бодит байдалд тэс өөр болохыг ҮХААЯ-ны мэргэжилтнүүд хэлж, оёдолчид ч нотолж, сэтгүүлчид ч итгэв. Сурагчийн шинэ дүрэмт хувцас бүтэхэд 130 аж ахуйн нэгж өөр өөрийн чадлаар оролцож, түүний ард хэдэн мянган хүн ажилтай, завгүй суугаа.

Хувцасны түүхий эд хонины ноос

Эхний үйлдвэр хонины ноосыг утас болгож ээрдэг “Мон Форте” хэмээх үйлдвэр байлаа. Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн толгой компани “Говь”, “Гоёо”-той зэрэгцэн байршсан үйлдвэр 40 гаруй ажилтантай. Сурагчийн дүрэмт хувцас оёх ажил эхэлснээс хойш бүгд 24 цагийн турш самнах болон ээрэх машинуудаа амраах завгүй ажиллаж байгаа гэнэ. Өдөрт доод тал нь 150 кг утас ээрэх хүчин чадалтай бөгөөд хөтөлбөрийн хүрээнд хийж дуусгах төлөвлөгөө нь 5.7 тонн. Хонины ноосыг том тааран шуудайгаар дүүргэн авчирч, самнах машин руу цувуулан хийдэг. 6-7 давхар самналттай техникээр дамжсан ноосны бүдүүн ширхэгтэй хялгасан хэсэг нь доош унаж үлдэнэ. Харин ноолуурлаг хэсэг буюу ноосны 24 хувь нь сурагчийн хувцсанд ашиглах түүхий эд болдог. Ноосны 40 хувьд нь акриль хольдог тул утас хавьгүй бат бөх болдогийг үйлдвэрийн удирдлагууд хэлж байв. Самнасан ноосыг дахин нэг удаа самнаж, сайтар цэвэрлэж байгаа аж. Энэ дамжлагад багагүй цаг алддагаас утас ээрэх нь төдий л хүнд биш. Гэвч үүнээс өмнө Эрдэнэт рүү самнасан ноосоо илгээж, өнгөнд оруулаад буцааж авдаг байна. Сурагчийн дүрэмт хувцасны үндсэн өнгө болох хар хөх будагт оруулахын тулд Эрдэнэт рүү долоо хоног бүр илгээдэг. Гэвч ажил гараанаас гарч, бага ангийн сурагчдын дүрэмт хувцсыг оёж эхэлсэн тул яаравчлах хэрэгтэй, Эрдэнэтдэх үйлдвэрийг шавдуулж байна лээ. Энэ мэт цөөхөн компанид утас ноос цэвэрлэх, утас ээрэх ажил үргэлжилж байна.

Ажил хийвэл ам тосдоно

Дараачийн үйлдвэр бүгд ноосон утсаар хантааз сүлжих, оёх ажилд хуваарилагджээ. “Мөнгөн пирамид” компанийн захирал Д.Нүргээмаа биднийг угтах үед 8-9 бүсгүй ноосон цамцны зах, ханцуй оёж суулаа. Саарал эмжээртэй, хар хөх цамцыг “Мон форте” компанид үйлдвэрлэсэн утсаар оёсон нь илт мэдэгдэв. Ноосон цамц нь хоёр төрөл. Эхнийх нь ханцуйгүй, гурвалжин захтай бол нөгөөх нь ханцуйтай, задгай энгэртэй, товчтой. “Мөнгөн пирамид” болон “Нью Роялти”, “Бест Кашмер” зэрэг хэд хэдэн компаниар орвол бүгд л ноосон цамц залгаж, сүлжиж байлаа. Ихэнх нь автомат сүлжигчтэй бол зарим нь гар аргын машинаар урлана. Ноосон цамцыг залгахад утасны ширхэг бүрээр оёдог учраас багагүй цаг зарцуулдагийг Д.Нүргээмаа захирал хэлсэн. Сурагчийн дүрэмт хувцас оёх ажлыг долоон хэсэгт хуваарилж, нэг компаниар ахлуулж, нэгдсэн удирдлага дор ажилладаг байна. Д.Нүргээмаа тэр ахлагчдын нэг. Өөрийн ажлаа амжуулахаас гадна бусад компанийн ажилд оролцох, зөвлөх шаардлага гардаг гэнэ. Мөн зарим ажлаа амжихгүй тохиолдолд оёдлын цехүүдтэй гэрээ байгуулан ажиллах шаардлага үүсдэг. Гэвч бүх үе шат, дамжлагад бүтээгдэхүүний чанар шалгагч нэг бүрчлэн ажилладаг тул цамцны чанарт эргэлзэхгүй байна гэлээ.
Оёдлын үйлдвэрүүд улирлын чанартай ажилладаг. Зун, хаврын цагт бараг ажилладаггүй байсан бол энэ жил маш эрчимтэй ажиллаж буй гэнэ. Төрийн нэгдсэн бодлого, зохион байгуулалттай ажилд оролцож, ажилтай орлоготой байгаадаа баяртай байна гэсэн. Энгийн үед ноосон цамц оёход 2000 төгрөгийн ашиг гардаг бол энэ хөтөлбөрт хамрагдсанаар ширхэг цамцнаас 700 төгрөг гарч байгаа аж. Жирийн үеэс 1300 төгрөгөөр бага ашиг олж байгаа ч ийнхүү хичээн ажиллахын цаана улирлаас хамаарч завсардахгүй, тогтмол ажлын байр хэмээх шалтгаан нуугдаж буй. Цаашид монголчууд утсаа ээрч, дотооддоо даавуугаа үйлдвэрлэж, оёдлын үйлдвэрүүд харилцан уялдаатай ажиллах нөхцөл ийнхүү эхэллээ гэж болно. Энэ бүхэнд ҮХААЯ-тай хамтарсан Оёдлын нэгдсэн холбоо чухал үүрэгтэй оролцож буйг дэд сайд Х.Золжаргал онцолсон юм.

Эсгүүр ба их ажил

“Сүлжмэл” гэдгээр нь таних болсон өндөр барилгатай залгаа дөрвөн давхар байшинд “Өэлүн минж” компани байрлана. 400 гаруй ажилтантай, томоохон үйлдвэрийн гуравны нэг хүчээрээ бараг л бүх сурагчийн срочкон цамц оёж байв. Цайвар цэнхэр өнгөтэй, судалтай хөвөн даавуугаар хүзүү, бугуйнд хамгийн их наалддаг зах болон ханцуйн дотрыг эмжжээ. “Өэлүн” хэмээх шаргал шошготой цамцнуудын размер мөн л жижиг. Ерөнхий захирал Ч.Буянбаатар “БШУЯ-наас 450 мянган дүрэмт хувцас оёх захиалга өгсний 20 хувийг манай үйлдвэр болон туслан гүйцэтгэгч компаниудтай оёж нийлүүлнэ. Бид нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэг, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Архангай, Завхан аймагт хувцас нийлүүлэх үүрэгтэй.
Гэхдээ энэ ажилтай зэрэгцэн валютын ханш өсч, ихээхэн алдагдал авчрах хандлагатай байна. Жишээлбэл, дүрэмт хувцас оёх захиалга авахад юанийн ханш 210 төгрөг байсан. Гэтэл одоо 279 төгрөг хүрлээ. Энд үүссэн зөрүүгийн алдагдал, эрсдэлийг үйлдвэрлэгч бид үүрч байгаа. Төрөөс хэрэгжүүлж буй том ажил, нэгэнт хийнэ гээд авчихсан учраас замын дундаас буцах эрхгүй. Ажилчид маань ч ялгаагүй их зүтгэл гаргаж байгааг хэлэх нь зүйтэй болов уу. Гэхдээ байдал удахгүй өөрчлөгдөх байх, дандаа ийм хүнд нөхцөл үргэлжлэхгүй гэж найдаж байна” гэсэн юм.
“Өэлүн минж” компани цамцны оёдлыг хариуцахаас гадна эсгүүрийг нэгдсэн байдлаар гүйцэтгэж байгаа аж. Солонгос улсад үйлдвэрлэсэн даавууг “Өэлүн минж” компанид төвлөрүүлэн бүх формны загвар, эскиз, эсгүүрийг нарийн гаргаж байгаа. Туслан гүйцэтгэгч буюу оёдлын ажлыг гүйцэтгэж буй компаниуд ч эсгүүр сайн таардаг тухай ам сайтай байсан. Тухайлбал, “Есөн зэвэг” оёдлын цехийн захирал Б.Энхцэцэг “Хонины ноосоор үйлдвэрлэсэн материал их биетэй сайн. Бас эсгүүр зөрөхгүй байгаа нь ажил урагштай явахад нөлөөлж байна. Бид зөвхөн өмд оёж байгаа. Ажлаа аваад долоо хонож байгаа ч гарт ороод ирэхээр өдөрт 200 өмд гаргана” хэмээлээ. Ажлын хувцас оёдог байсан тус цех 18 ажилтантай бөгөөд ирэх даваа гараг буюу 12-ны өдөр 900 өмд оёж хүлээлгэн өгөх үүрэг хүлээжээ. Хөтөлбөрийн зохион байгуулалтыг хариуцаж буй мэргэжилтнүүд дүрэмт хувцасны размерын талаар саналаа илэрхийлсэн. Сар сараар өсч том болдог хүүхдүүд жил бүр шинэ хувцас авах боломжгүй. Тиймээс зарим газарт томсгох боломжтой бүс, товч, уяа зэргийг шингээж өгсөн гэнэ. Тодорхой байдлыг тун удахгүй зохион байгуулах сурагчийн дүрэмт хувцсыг олон нийтэд танилцуулах өдөрлөгөөр харуулна гэж байлаа.

Хил даваад даавуу болсон ноос

Хоёр жилийн баталгаатай дүрэмт хувцсаар сурагчдыг хангах ажил энэ жилээр дуусчихгүй. Хонины ноосоор шаардлагатай хувцас хийж үйлдвэрлэгч, захиалагчийг удаан хугацаанд холбож өгөх нь ажлын байр төдий чинээ тогтвортой байх баталгаа. Нөгөөтэйгүүр, үнэ багатай хонины ноос эдийн засгийн эргэлтэд илүү идэвхтэй орох нөхцөл бүрдүүлж буй. Энэ жилийн хувьд дотоодод даавуу үйлдвэрлэх боломжгүй тул боловсруулсан ноосон бэлдэцээ Солонгост аваачиж даавуу хийлгэж байгаа. Үүнийг зарим иргэн, аж ахуйн нэгж буруугаар ойлгож, тайлбарлаж буйг мэргэжилтнүүд хэлсэн.
Даавуун бүтээгдэхүүн ч олон улсын хэмжээнд стандарт, хүлээн зөвшөөрөгдөх чансаатай. Хамгийн түгээмэл нь “Вүүл Марк” хэмээх тэмдэг бөгөөд “Өэлүн Минж” компанид өрж, хураасан хар хөх даавуу бүгд тийм тэмдэгтэй байв. Ийм тэмдэглэгээтэй даавуугаар хийсэн хувцас олон улсын төвшинд өндөр ханштай байх боломжтой гэсэн үг. Монгол хонины ноосоор урлаж буй сурагчийн хувцасны нэг цамц 9000 төгрөгийн үнэтэй гардаг. Дор хаяж 10 мянган төгрөгийн үнэтэй байх ёстой ч төрийн бодлогоор хэрэгжиж буй ажил учраас ашгийг чухалчлаагүй. Нийгэмд үүссэн өөр нэгэн буруу ойлголт нь сурагчийн дүрэмт хувцасны үнэ хэт өндөр болсон явдал.

Форм нь үндсэн болон нэмэлт хослолтой. Дулаан цагт хөвгүүд дан өмд, хүрэм, охид нь юбка болон хүрэм авч болно. Срочкон цамц хэт үнэтэй гэж үзвэл өөр газраас авах боломжтой ч чанарын хувьд “Өэлүн минж”-д үйлдвэрлэж буй цамц хавьгүй илүү гэнэ. Товчхондоо, тийм чанартай цамцыг тийм хямд үнээр аль ч захаас олохгүй аж. Өвөл болж, хүйтрэх үед ханцуйтай, ханцуйгүй ноосон цамцнаас нэмж авч болох юм. Мөн л монголчууд монгол хонины ноосоор, Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болохоор чанараар бусдаас илүү. Үндсэн форм нь хуучин “Бат зүү” тэргүүтэй компаниудын импортолж, борлуулдаг байсан хувцаснаас 3-4 мянган төгрөгөөр илүү үнэтэй байх аж.
Дашрамд дуулгахад, Солонгост хүргэж, үйлдвэрлэж буй даавууг “Монгол ноос” компанийн нэрээр хийлгэж байгаа бөгөөд энэ жилдээ л хийж буй аргачлал гэнэ. Хойтон жилээс Төв аймагт байрлах “Монгол ноос” компани өөрийн даавууны үйлдвэрээ ажиллуулах юм. Ингэснээр монгол хонины ноосоор урлах бүх төрлийн дүрэмт хувцас дотооддоо, улам бага өртөгтэй үйлдвэрлэх боломж бүрдэнэ.





Х.Золжаргал: Оёдлын үйлдвэрлэл жигдрээгүй байна

-Сурагчийн форм оёж буй компанийн ажилтай танилцлаа. Хөтөлбөрийг удирдаж буй хүний хувьд ажлын явцыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Ажил ерөнхийдөө эхэлсэн гэдэг мэдээлэлтэй байсан. Тиймээс яг ямар байдалтай үргэлжилж байгааг нүдээр үзэх гэж ирсэн юм. Мөн толгой компаниуд жижиг аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг хэр зохион байгуулж, удирдаж буйг танилцах зорилготой ажиллалаа. Оёдлын бүх төрлийн ажил эрчимжсэн байна, гэхдээ 100 хувь жигдэрч чадаагүй байна. Шинэ ажил эхэлж байгаа учраас тэр байх.
-Дүрэмт хувцас оёх ажлыг хугацаанд нь дуусгах тал дээр ҮХААЯ-ны зүгээс яаж хяналт тавьж ажиллах вэ?
-БШУЯ-тай хийсэн гэрээгээр энэ сарын 25-ны дотор 1-3 дугаар ангийн сурагчдыг, ирэх сарын 15-ны өдөр гэхэд дунд ангийнхныг хангах ёстой. Харин есдүгээр сарын 30-нд ахлах ангийн сурагчдын дүрэмт хувцсыг нийлүүлэх юм. Бид гэрээнд заасан хугацаагаа  биелүүлэхийг хичээж ажиллана. Мөн үйлдвэрүүдээ шахаж, болохгүй байгаа зүйлийг газар дээр нь шийдээд, хариуцлага тооцоод явах болно. Тухайлбал, “Өүлэн минж”-ийн захирал Ч.Буянбаатар өөрийн хариуцсан ажлыг төлөвлөгөөт хугацаанд нь өгнө гэдгээ хэлсэн. Дараачийн удаа бид бусад үйлдвэрээр орж ажлын явцтай танилцаж нөхцөл байдлыг судална.
-Үйлдвэрүүдээс ямар нэгэн бэрхшээл тулгарч байгаа тухай санал, гомдол танд хэлсэн үү. Таны хувьд бэрхшээлтэй зүйл юу байна гэж харсан бэ?
-Сүлжмэлийн үйлдвэрүүд захиалгаа маш тодорхой болгож өгөхийг хүссэн. Жишээ нь, бага ангийн хүүхдийн ноосон цамц л гэхэд тоо ширхэгтэй байх ёстой.  Гэхдээ бага анги гэхээр зургаан настай, долоон настай хүүхэд тус бүрдээ хэчнээн байгааг хэлж нарийн ангилж өгөөгүй шүү дээ.
Үүнийг “Оёдлын нэгдсэн холбоо” ангилж өгөх шаардлагатай. Мөн зарим газраа ажиллах хүч нь бүрэн бүрэлдээгүй тохиолдол таарлаа. Бас хөдөө орон нутгийн жижиг цехүүдээ бүрэн хамруулж оролцуулах шаардлагатай гэсэн. Энэ асуудлууд өдөр өдрөөр цэгцэрнэ гэдэгт найдаж байна.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
ХУЖАА ДААВУУГААР ОЁЖ БАЙЖ ЯАХ ГЭЖ ХУДЛАА ЯРИНА ВЭ?
òºëáºðòýé íèéòëýë
Хамгийн их уншсан