Манай улс Нийгмийн даатгалын сандаа их хэмжээний өртэй гэнэ. Өөрөөр хэлбэл, Тэтгэврийн даатгалын санд хуримтлагдсан мөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулснаас өрөнд унаад байгаа аж. 1960 оноос хойш төрсөн хүнд нэрийн данс нээсэн. Тэдний түрүүч нь 2015 онд тэтгэвэрт гарахад уг данс хэрэгтэй гэж ярьж байсан билээ. Гэтэл уг дансанд одоогоор төвлөрсөн мөнгө байхгүй нь асуудал үүсгэж мэдэхээр байна. Энэ талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс тодрууллаа.
-Нийгмийн даатгалын санд төвлөрсөн хөрөнгийг эргэлтэд оруулна гэж та ярьж байсан. Энэ асуудал юу болсон бэ?
-Сангийн болон Эдийн засгийн хөгжлийн яам, Монголбанкны удирдлагуудтай хамтран энэ чиглэлийн судалгааг хийж байна. Төрөөс Нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх ёстой өр авлагын тодорхой хувийг мөнгөн хэлбэрээр Тэтгэврийн даатгалын санд байршуулах ёстой. Энэ мөнгөө Монголбанктай хамтран улсын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдэд хөрөнгө оруулах замаар Тэтгэврийн даатгалын сангийн хөрөнгийг өсгөх чиглэлээр ажиллах боломж байгаа. Ялангуяа зам, барилга, гүүр зэрэг урт хугацааны томоохон төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Урьдчилсан тооцоогоор эргэн төлөгдөх мөнгөн дүнгийн 25-аас доошгүй хувийг мөнгөн хэлбэрээр дээрх санд байршуулъя гэсэн судалгаа хийгээд байгаа. Энэ асуудал шийдэгдвэл уг ажил амжилттай хэрэгжих байх. Нөгөөтэйгүүр Сангийн болон Эдийн засгийн хөгжлийн яам, Монголбанктай хамтран Баялгийн сан бий болгохоор зорьж байгаа. Энэ нь ирээдүйд хөрөнгө оруулалтын томоохон сан болох юм. Ингэснээр Тэтгэврийн даатгалын санд хувь нийлүүлэх боломжтой болно гэж үзэж байгаа. Энэ чиглэлээр судалгаа хийж эхэлсэн.
- Төр энэ санд өртэй гэсэн. Одоогоор хэчнээн төгрөгийн өр хуримтлагдаад байна вэ?
-Одоогоос хоёр жилийн өмнө гурван талын оролцоотой МҮЭХ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, яамтай хамтарч хийсэн тооцоо судалгаагаар 5.7 их наяд төгрөгийг Тэтгэврийн даатгалын санд байршуулах өртэй гэсэн дүн гарсан. Түүнээс хойш энэ мөнгөн дүнг дахиж тооцсон зүйл байхгүй. Гэхдээ уг судалгааг бид энэ намраас дахин эхлүүлнэ. Ирэх он гэхэд мөнгөн дүнг эцсийн байдлаар тогтоож гаргана. Мөнгө бий болгох ажлыг үе шаттайгаар авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
-”Эрдэнэс Таван толгой” компанийн иргэдийн нэр дээр байгаа хувьцаа хэзээнээс баталгаажих вэ. Ноогдол ашиг хэдийнээс өгч эхлэх бол?
-Энэ асуудал Сангийн, Эдийн засгийн хөгжлийн, Уул уурхайн яамны эрхлэх асуудлын хүрээнд яригдана. Харин манай яам Хүний хөгжил сангаас олгож байгаа нийгмийн халамж, хамгаалалтай холбоотой тооцоо судалгааг хариуцаж байгаа. Ер нь, “Эрдэнэс Таван толгой” компанийн үйл ажиллагаа сэргэж байгаа ч нэгж хувьцааны үнэ, ноогдол ашиг дагаад сэргэж буй юм биш. Одоо тус компанид IPO хийх ёстой. Өөрөөр хэлбэл, хувьцааг хөрөнгийн зах зээлд гаргаж, арилжаанд оруулах ёстой. Нэгж хувьцааны үнэ арилжааны явцад ямар үнэлгээгээр тогтоогдохоос шалтгаална. Өнгөрсөн Засгийн газрын үед нэгж хувьцааны үнийг 933 төгрөгөөр автоматаар тогтоож, иргэдэд 1072 ширхэг хувьцаа өгсөн. Энэ дэлхийд байхгүй үйл ажиллагаа болсон. Нэг ширхэг хувьцаа 933 байх уу 9000 төгрөг байх уу гэдгийг арилжааны явцад хөрөнгийн зах зээлд дээрх эрэлт нийлүүлэлтээр тодорхойлогдоно.
Хэрэв нэгж хувьцааны үнэ 3000 байвал 1072 хувьцаа гурван сая гаруй төгрөг болно гэсэн үг. Энэ ажил удахгүй шийдэгдэх байх.