Эрчим хүчний салбар байнга алдагдалтай ажиллаж байсныг өнгөрсөн хугацааны статистик харуулна. Төвийн бүсийн эрчим хүч түгээлтийн алдагдлын дээд хэмжээ 23.6 хувь хүрч байсан бол 2002 оноос хойш жил бүр буурсаар иржээ. Бууралт 0.6-1.9 хувьтай үргэлжилж ирсэн ч алдагдалгүй ажиллах болоогүй байна. 2012 оны байдлаар эрчим хүчний алдагдал 16.3 хувьтай гарчээ. Хамгийн сүүлийн мэдээллээс төвийн бүс дэх Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ компанид багагүй хэмжээний алдагдал гарсныг дурдаж болох юм. 42 мянган айл өрх, 3215 аж ахуйн нэгжийг эрчим хүчээр хангаж, зохицуулдаг тус компани төвийн бүсдээ томоохонд тооцогдоно. 2013 оны хоёрдугаар улирлын байдлаар нийт алдагдал 1.48 тэрбум төгрөг болсон байна.
Борлуулалтаас 18.1 тэрбум төгрөг төвлөрүүлсэн ч үүний 15 тэрбум нь эрчим хүч дамжуулах, түгээхэд зориулагджээ.
Үүнээс гадна зохион байгуулалт, удирдлага, үйл ажиллагааны зардал 4.5 тэрбум болсон тул алдагдалд орсон аж. Тухайлбал, ажилчдын цалинд 1.6 тэрбум төгрөг зарцуулсан нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 200 сая төгрөгөөр өссөн үзүүлэлт болохыг харуулж байна.
Мөн компанийн тээврийн хөлс, түлш шатахуун, сэлбэг хэрэгсэлд 248 сая төгрөг зарцуулсаныг тайланд дурджээ. 2003 онд “Хасвуу” компанийн өмчлөлд 100 хувь шилжсэн Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ компани одоогоор 21.3 тэрбум төгрөгийн өр төлбөртэй болоод байгаа аж.
Монгол Улсад эрчим хүч түгээдэг компаниуд алдагдалтай ажилладаг ч Улаанбаатар болон Дархан, Сэлэнгийн ЦТС компани алдагдлаа бууруулсаар байгаа юм. Харин Багануур, зүүн өмнөд бүсийн ЦТС 1.51 хувиар, Хөвсгөл-Эрчим хүч компанийн алдагдал 0.72 хувиар тус тус өссөн байна. Хамгийн өндөр өсөлттэй компани нь Баянхонгор-Эрчим хүч бөгөөд оны эхний улиралд алдагдал нь 4.79 хувиар нэмэгджээ. Эрчим хүчний салбарынхан 2013 оныг хэмнэлт, үр ашгийн жил болгон зарласантай холбогдуулж цахилгаан дамжуулах, түгээх алдагдлаа хэтрүүлсэн компаниуд үйл ажиллагаандаа зохицуулалт хийх шаардлагатай. Тодруулбал, удирдлага, гүйцэтгэл, зохион байгуулалт болон ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхийг мэргэжилтнүүд сануулж буй юм.
Эрчим хүчний үнэ сүүлийн 10-аад жилд дөрвөн удаа өөрчлөгдөж өссөн байдаг. Үнэ тогтоогч зохицуулах хороо мэдээж хэрэг санаанд орсон үнээ хэлдэггүй. Тэдний хувьд голлон баримталдаг үндэслэл нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээхэд зарцуулж буй зардлын хэмжээ юм. Одоогоор монголчууд 739 МВт хүчин чадалтай эрчим хүч өөрсдөө үйлдвэрлэдэг. Өнгөрсөн өвлийн байдлаар сард 875 МВт цахилгаан хэрэглэж, нийлүүлэлтээ даваад байгаа. Ирэх өвлийн хувьд хэрэгцээ 960 МВт хүрч эрэлт улам өсөх төлөвтэй. Энэ тохиолдолд өвлийн цагт цахилгаангүй сууж болохгүй тул хилийн чанадаас цахилгаан нийлүүлэхээс өөр сонголтгүй. Хамгийн сүүлийн мэдээллээр бид 355 МВт цахилгаан эрчим хүч авсан байна. Өнгөрсөн сарын дундуур эрчим хүчний үнийг дахин хөдөлгөж хэрэглэгчээ бус хэрэглээгээ харгалзан үнэлдэг болсон. Өөрөөр хэлбэл, өрхийн хэрэглээ 150 кВт эрчим хүчний нэгж бүрийг 79 төгрөг буюу одоогийн ханшаар тооцно. Харин заасан хэмжээнээс илүү эрчим хүч хэрэглэвэл ваттын үнэ 96 төгрөг болж өсөх аж. Ийнхүү нэг өрхийн хэрэглээг 150 кВт-д “уях” нь дотоодын үйлдвэрлэл болон хэрэглээний хэмжээг ойртуулах ач холбогдолтой.
Үнэ нэмдэг хэрнээ эрчим хүчний салбар алдагдалтай ажилладагт гайхах хүн цөөнгүй. Гэвч үүнийг төрөөс татаас өгөх, нөхөн олговор гаргаж байснаар тайлбарладаг. Энэ удаагийн өөрчлөлт ч зөвхөн алдагдлаа арилгахын төлөө чиглээгүйг хэллээ. Тодруулбал “Хувийн компанийн алдагдлыг нөхөхийн тулд үнэ нэмдэггүй” гэж ярьсан нь ч бий. Гэлээ ч үнийн нэмэгдэл дээрх алдагдлыг бууруулах нь мэдээж. 2012 оны нийт алдагдал 66.3 тэбрум төгрөг байжээ. Харин энэ жилийн нийт алдагдал муугаар бодоход 130 тэрбум төгрөг хүрч болзошгүй гэнэ. Шинэ үнийн тогтолцооноос олох орлого нь дээрх алдагдлыг 70 тэрбумаар бууруулах тооцоо гарчээ. Үлдсэн алдагдал буюу ойролцоогоор 60 тэрбум төгрөгийн хүндрэлийг хувийн компани өөрсдөө хариуцах юм байна. Байнгын алдагдалтай ажиллаж ирсэн эрчим хүчний компаниудыг ад үзэх хүн олон. Гэвч хэрэггүй гэрэл, үзэхгүй зурагт, сонсохгүй хөгжим, ашиглахгүй компьютер асаах нь эрчим хүчний салбарыг хүндрүүлдэгийг хэлээд, бид ойлгож ухаараагүй. Тиймээс хязгаар тогтоож, хэрэглээгээр төлбөр тооцох нь буруу хэвшлийг засахад чиглэсэн арга хэмжээ. Хэрэв энэ мэтээр зөв хэрэглээг хэвшүүлэхгүй орхивол алдагдал хүрээгээ тэлж, асуудал улам хүндэрнэ. Өвлийн тэсгим хүйтнээр, намрын жавартайд тог цахилгаангүй суухгүйн тулд удахгүй сөхөрч болзошгүй эрчим хүчээ ухаалгаар ашиглахыг амьдрал шаардаж байна.