Өрнөдийн орнуудын өндөр хөгжөл зээлээр “амилсан” гэдгийг сонссон ч монголчууд “Өргүй бол баян” хэмээн өөрийгөө өмөөрч, хөгжлөөс зугатаж явсан нь саяхан. Гэтэл зээл гэдэг нь муу зүйл биш, зөв ашиглавал хэн хэндээ ашигтай, хувь хүн, албан байгууллага байтугай улсыг ч хөгжилд хөтлөх зам болохыг өдгөө ухаарчээ. Өргүй хүн, аж ахуйн нэгж ховордож, бүгд л байшин, машин, гар утас, цахилгаан бараагаа моргейж, лизинг, ипотекийн зээлээр “өөрийн” болгоод байна. Товчхондоо, 2.7 сая монголын дийлэнх нь зээлдэгч гэсэн үг. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Монгол Улсын зээлийн өрийн үлдэгдэл нь 8.6 их наяд төгрөгт хүрчээ. Үүний 94.6 хувь нь хэвийн буюу ямар ч асуудалгүй үргэлжилж буй юм. Харин бусад нь хугацаа хэтэрсэн, найдваргүй зээл болохыг Монголбанк мэдээлэв. Төв банкны харьяанд ажиллаж буй Зээлийн мэдээллийн сангаас эдгээр баримтыг түүвэрлэн, тооцоолжээ. Зээлийн орчин, оролцогчдыг тухайн улсын хэмжээгээр нэгтгэсэн уг санд зарим хүний нэр “хараар” тэмдэглэгдсэн нь цөөнгүй. Тодруулбал, зээлээ эргэн төлөх хугацаагаа хэтрүүлсэн, мөнгөө төлөөгүй гэх тодотгол таныг эргэлзээтэй зээлдэгч болгон “харлуулдаг” хэрэг.
Өнөөдрийн байдлаар Монголд 13 арилжааны банк, 195 банк бус санхүүгийн байгууллага, 160 гаруй хадгаламж зээлийн хоршоо ажиллаж иргэдэд албан ёсоор зээл олгож байна. Тэд Төв банкинд байршиж буй зээлийн мэдээллийн сантай гэрээ байгуулж, харилцагчдын зээлийн түүхийг тогтмол нийлүүлж байх гэрээ байгуулан ажилладаг тул албан ёсны зээлдүүлэгчээр нэрлэж буй юм. Ломбард, хувь хүмүүсийг албан бус зээлдүүлэгч гэж болно. Дээр дурдсан зээл олгодог 300 шахам аж ахуйн нэгж өөр өөрийн зээлийн мэдээллийн сантай. Өөрөөр хэлбэл, зээлийн хоршооны мэдээллийн санд миний өмнөх зээл, эргэн төлөлт цөм бүртгэлтэй. Харин бусад банк, байгууллагынхыг тодорхой мэдэхийн тулд төвлөрсөн санд мэдээллээ нэгтгэх нь үйл ажиллагаагаа эрсдэлгүй явуулахад чухал нөлөөтэй. Жишээ нь, дугаар хорооны Дугар гэдэг эр бичил бизнес эрхлэхээр хашаа, байшингаа барьцаалж долоон сая төгрөг аль нэг банкнаас зээлжээ. Анхны зээлээ ашиглаж дуусаад 14 сая төгрөгийн зээл нэмж авсан гэе. Хэрэв зээлийн мэдээллийн сан байгаагүй бол дээрх зээлээ Хадгаламж зээлийн хоршоонд мэдэгдэхгүйгээр 10 сая төгрөг нэмж зээлэх боломжтой. Тийнхүү 24 сая төгрөгийн өртэй үлдэж, төлбөрийн чадвар, орлогоос давсан ачаалал үүрч, улмаар дампуурах магадлал ихэснэ. Харин одоо нэгдсэн мэдээллийн сангаас Дугарын нэр, бүртгэлийг шүүж үзээд хаана хэчнээн хэмжээний өр төлбөртэй, хэзээ дуусахыг тооцоолох юм. Улмаар зээлийн хоршоо, банк, санхүүгийн байгууллагын зээлийн шийдвэр эрсдэл багатай, баталгаатай болох учиртай.
Хэрэв шаардлага хангаагүй тохиолдолд мэдээж зээл өгөхгүй. Иргэн Дугар эргэн төлөлтийн төлөвлөгөө хэтрүүлсэн бол дахин зээл олгохоос татгалзаж болно. Хугацааг нь хэтрүүлсэн зээлд нэг цаг, 1-2 хоногийг ч “өршөөлгүй” тэмдэглэдэг гэнэ. Урьд нь, гараараа бүртгэл, тэмдэглэгээ хийдэг байхад хэдхэн хоногийн хугацаа хэтрэлийг хүлцэн, хэвийн үнэлгээ өгчихдөг байсан аж. Харин одоо бүх зүйл автомат, программтай болсон тул гурван жил, 1-2 сараар хэтэрсэн нь ялгаагүй хугацаа хэтрүүлсэн зээлд тооцогдож байна. Гэвч монголчууд сүүлийн үед харьцангуй зээлийн соёлд хэвшиж, хугацаа хэтрүүлэх нь цаашдын зээлийн замналыг булингартуулна гэдгийг мэддэг болжээ. Тиймээс ч 8.6 их наяд төгрөгийн ердөө 1.7 хувь нь хугацаа хэтэрсэн зээл байгаа юм. Найдваргүй зээл нь зээлдэгчид хамгийн хортой. Төлбөрийн чадваргүй, барьцаа хөрөнгө нь үнэлэгдэхгүй болсон бол зээлийг найдваргүй хэмээн тодорхойлж болох юм. Зээлдэгчийн түүхэнд өнөөдөр найдваргүй зээл бүртгэгдсэн л бол арилжааны банк, ХЗХ, ББСБ-ууд зээл олгож, азаа туршихгүй. Одоогоор Монголын эдийн засагт эргэлдэж буй зээлийн өрийн доторхи найдваргүй зээлийн хэмжээ нь 318.2 тэрбум төгрөг хүрээд байгаа юм. Гэвч өнгөрсөн оны мөн үеэс нэг хувиар буурсан үзүүлэлт хэмээн мэргэжилтнүүд онцоллоо.
Зээлийн мэдээллийн сан тасралтгүй ажиллах нь зээлдүүлэгч байгууллагыг эрсдэлд орохоос хамгаалах ач холбогдолтой ажээ. Тэгвэл зээлдэгчид хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг эргэцүүлье. Эерэг нөхцөлд иргэний орлого, зээлийн түүх, төлбөрийн чадвар тодорхой болсон байх тул хэр хэмжээндээ таарсан зээл авахад зарцуулах цаг хугацаа илүү богиносно гэсэн үг. Харин эсрэг тохиолдол буюу өмнө нь зээлийн хугацаа хоцроосон, найдваргүй зээл бүртгүүлж байсан бол хүлээхээс өөр аргагүй. Зээлийн мэдээллийн сангийнхан зээлдүүлэгч байгууллагуудад харьцангуй уян хатан ажиллахыг зөвлөж, санал болгодог. Тодруулбал, иргэдийн зээл хэлэлцэж, түүхийг судлахдаа сүүлийн 5-6 жилийн зээлийг авч үзэхийг хүсдэг аж. Тэгэхээр зээлийн түүхээ харлуулсан иргэн дор хаяж таван жил, зургаан жил хүлээсний хойно дахин зээл авахаар хөөцөлдөх нь илүү үр дүнтэй.
Монголбанк зээлдүүлэгч байгууллагуудтай гэрээ байгуулан ажилладаг. Тиймээс тэд ердөө санал, зөвлөмж хүргүүлэх хэмжээнд нөлөөлдөг аж. Нийгэм, эдийн засгийн байдал өөр байсныг харгалзаж 10 жилийн өмнөх найдваргүй зээлийг тооцохгүй байхыг хүсдэг байна. Нөгөө талаас иргэний санхүүгийн чадвар ч 10 жилийн дотор эрс сайжирсан байх магадлал их юм.
Дүгнэж үзвэл, бизнесээ эхлүүлэхээр “бүдчиж” явсан 2000 оны эхээр зээлийн түүхээ хараар тэмдэглүүлсэн иргэдийн одоо, ирээдүйг харж зээл олгохыг төв банк сануулдаг. Нөгөөтэйгүүр, төв банкнаас зээл олгогчдод “Зээлийн тааруу түүхтэй хүнд зээл олгож болохгүй” гэж огт хэлдэггүй гэнэ. Өнгөрсөн түүхийг өөрчилж болдоггүй шиг мэдээллийн сан доторхи найдваргүй болон хугацаа хэтэрсэн зээлийг арилгаж, засуулж болдоггүй тухай Монголбанкны Хяналт, шалгалтын газрын мэргэжилтэн Д.Төрбат хэлэв.
Төв банкны зээлийн мэдээллийн санд иргэд хандаж, өөрийн нэрээ “цэвэрлүүлэх”-ийг хүсэх нь багагүй тохиолддог аж. Арилжааны банкууд, зээлийн хоршоо, санхүүгийн байгууллагууд иргэдтэй шууд харилцдаг. Харин Монголбанк дээрх байгууллагуудаар дамжуулж иргэдэд хүрдэг байна. Өргөдөл гаргаад, иргэний үнэмлэхээ бариад өөрийн нэр дээрх зээлийн түүхээ авъя гээд ирсэн хэнд ч мэдээлэл өгөхгүй.
Энэ нь, мэдээллийн сангийн аюулгүй байдалтай холбоотой. Хэрэв зээлдэгч зээлийн түүхээ харахыг хүсвэл харилцагч арилжааны банкаар дамжуулан мэдээллийн сангаас гаргуулж болох юм. Учир нь, тус банк зээлдэгчийг судалж, орлого, зарлага, амьдралын нөхцөл байдал зэргийг мэддэг, “таньдаг”. Тэд мэдээллийн сан руу харилцагчдын талаарх үнэн зөв мэдээлэл нийлүүлж, түүний нууцлалыг төв банк хамгаална. Тиймээс мэдээллийн бодит үнэн, түүнтэй холбогдох хариуцлагыг банк, зээлийн хоршоо үүрдэг аж. Өмнө өгүүлсэн харилцагчдын мэдээлэл устахаас хамгаалах нь Зээлийн мэдээллийн сангийн хоёрдогч үүрэг юм.
Нөгөөтэйгүүр, зээлийн бланс алдагдах, зах зээлд хямрал үүсэхээс урьдчилан сэргийлэхэд сангийн мэдээлэл тун чухал үүрэгтэй. Дашрамд дуулгахад, монголчууд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай эн зэрэгцэхүйц зээлдэгч гэнэ. Өрийн үлдэгдлийн 95 хувь нь хэвийн зээлтэй улсууд дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч орон байдгийг хянан шалгагч Д.Төрбат ярьж байлаа. Мөн тун удахгүй зээлийн мэдээллийн санг хувийн хэвшилд ажиллуулдаг болох гэж буйг дуулгалаа.