Шинэчлэлийн Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах зорилгоор жилийн найман хувийн хүүтэй /эдийн засгийн хэлбэлзлээс хамааран +1, -1/ зээлийг Монголбанктай хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн сараас эхэлж хэрэгжиж буй уг зээлд өнөөдрийн байдлаар 2947 иргэн хамрагдаад байна. Иргэд 227.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 151.9 тэрбум төгрөгийн зээлийг шинээр олгожээ.
Түүнчлэн банкны зээлээр орон сууцтай болсон иргэдийн зээлийг мөн найман хувь руу шилжүүлж байгаа билээ. Өмнө олгосон ипотекийн зээлээс 780.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 13808 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 392.1 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, найман хувьд шилжүүлсэн байна.