Ам.долларын ханшийн өсөлт зах зээлд үзүүлэх нөлөөлөл барилгын материал дээр хамгийн тод мэдрэгдлээ. Нэг ам.долларын үнэ 1500 төгрөг жаахан давахтай зэрэг Зуун айлын худалдаачид олзуурхаж үнээ нэмэх сайхан шалтаг болгож. Ерөнхийдөө валютын ханш өсөлттэй байгаа нь үнэн. Монголбанкнаас гаргадаг сарын дундаж зарласан ханшийн динамикийг үзэхэд ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр сард ам.долларын дундаж ханш 1392 төгрөг байсан бол энэ тоо бууралгүй явсаар зургадугаар сарын дундаж нь 1437 төгрөг хүрчээ. Хэдийгээр дундаж ханш ийм байгаа боловч өдөр, өдрөөр авч үзвэл өсөлт, уналт ойролцоо байгаа юм. Харин сүүлийн нэг сарын хугацаанд огцом өсчээ. Зургадугаар сарын эхээр ам.долларын ханш бага зэрэг суларч төв банкны нэрлэсэн үнэ 11-ний өдөр 1432 төгрөгт хүрсэн. Гэвч тухайн өдрөөс хойш өссөөр энэ сарын 26, 27, 28-нд дээд цэгтээ хүрч 1506,9 төгрөгөөр тогтоод байлаа. Сүүлийн хоёр өдөр ам.долларын ханш бага зэрэг буурчээ. Төв банкны зарласан ханш өчигдөр 1500 төгрөг 75 мөнгө байлаа.
Албан ёсны үнэ ханш ийм бол валют арилжааны “хар зах” болсон “Найман шарга”-д арай өөр байна. Ам.долларыг худалдаж авах дээд үнэ 1508 төгрөг байсан бол зарахдаа 1512 төгрөг гэж байлаа. Ченжүүдийн хэлж буйгаар ам.доллар авах гэсэн эрэлт маш их байгаа гэнэ. Тиймээс эрэлт нийлүүлэлт гэсэн зах зээлийн энгийн хуулиар үнэ зохицуулагдаж байгаа хэмээн тайлбарлав.
Үүний зэрэгцээ юанийн ханш өссөн. Шалтгааныг нь тайлбарлахдаа “Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байна.
Тиймээс наймаачид урагшаа бараанд явах нь ихэссэнтэй холбоотой” хэмээн хариулж байсан юм. Найман шарга захын ченжүүд нэг юанийг 248 төгрөгөөр авч, 249 төгрөгөөр борлуулж байв.
Түүнчлэн арилжааны банкуудын валютын ханш ямар байгааг сонирхлоо. Арилжааны банкууд төв банкны нэрлэсэн үнийг гол болгож дотоод хэрэгцээндээ тулгуурлан ханшаа тогтоодог. Тиймээс банкуудын валют худалдаж авах үнэ харилцан адилгүй байна. Тухайлбал, ХААН банк ам.долларыг 1495 төгрөгөөр, юанийг 244,20 төгрөгөөр авч байсан бол Голомт банкинд ам.доллар 1491 төгрөг, юань 244,30 төгрөг байв. Арилжааны банкууд дотроос ам.долларыг хамгийн өндөр үнээр авч байгаа нь Төрийн банк. Тус банк 1498 төгрөг гэж тогтжээ. Юанийн хувьд 243,90 төгрөгөөр авч байгаа аж. Харин эдгээр валютыг зарах ханш нь бүх банкуудад ижил ам.доллар 1512 төгрөг, юань 249 төгрөг байлаа. Ихэнхдээ банкны ханшийг “Найман шарга” захтай харьцуулахад авах үнэ нь бага, зарах үнэ нь ахиу байдаг. Гэтэл зах болон банкны үнэ ижил байгаа нь гадаад валютын эрэлт хэр хэмжээнд буйг илтгэж байна. Ам.доллар, юаниас гадна евро, английн фунтын ханш мөн өссөн. Эрэлт нэмэгдэж нийлүүлэлт багасахад үнэ өсдөг хуультай. Гадаад валютын хувьд энэ үзэгдэл хэдий чинээ их байна төдий чинээгээр Монголын мөнгө гадагш урсч байна гэсэн үг юм.