Монголчууд бүтэн жилийнхээ гурил будаа, хүнсний ногооны хэрэгцээг хангахын тулд ургацаа сайн авах ёстой. Долдугаар сар гарсаар бороо хур элбэгтэй байсан учир газар тариалангийн бүс нутгуудад шөнөдөө нэмэх 13 хэмээс доош градустай хонож байсан нь улаанбуудай дулааны дутагдалд ороход нөлөөлсөн гэнэ. Гэхдээ ирэх сарын эхээр халах учир энэ байдал арилна гэдгийг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны мэргэжилтнүүд хэлж байна. Ургац хураалт ойртож буй энэ үед техникийн бэлэн байдал ямар байгааг тодруулахад 72 хувьтай буйг дуулгав. Үр тарианы 767 комбайн, 426 жатка байгаа гэнэ. Үтрэмийн техник 520, төмсний комбайн 63, төмс ухагч 165 буй аж. Газар тариалангийн ажлыг нугалдаг гол зүйл нь тоног төхөөрөмж. Ногооны талбайд ажиллаж буй тариаланчдын дийлэнх нь хүрзээр ажлаа гүйцэтгэдэг. Тиймээс гар ажиллагааг механикжуулах талаар салбарын яамнаас онцгойлон анхаарч хүчин чадал сайтай тоног төхөөрөмжөөр хангах, хөрс боловсруулах ажлыг хийж эхэлжээ. Манайд газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглаж байгаа техникийн 80 орчим хувь нь 10-аас дээш жилийн настай бөгөөд 40 гаруй хувь нь 25-аас дээш насжилттай аж. Тиймээс БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр энэ намрын тариа хураалтаар 125-160 морины хүчин чадалтай трактор, комбайныг нийлүүлэхээр болжээ.