Долоо хоног бүрийн даваа гарагт Засгийн газраас бүтээн байгуулалтын чиглэлээр хийж гүйцэтгэж байгаа ажлынхаа талаар олон нийтэд мэдээлэл өгдөг уламжлалтай. Гүйцэтгэх засаглалын тэргүүн удирдан салбарын сайдууд мэдээлэл хийдэг “Бүтээн байгуулалтын цаг”-ийг Шадар сайд Д.Тэрбишдагва хоёр дахиа удирдан явууллаа. Учир нь, Ерөнхий сайд, сайдуудын хамт 10 хоног амраад байгаа юм. Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 225 км төмөр замын ажил графикийн дагуу явж буй гэсэн. Одоогийн байдлаар газар шорооны ажил 31 хувьтай байгаа бөгөөд БНСУ-ын “Самсунг” корпараци гүйцэтгэгчээр ажиллаж туслан гүйцэтгэгчээр дотоодын 12 компани ажиллаж байна. Мөн Тавантолгой-Чойбалсан чиглэлийн төмөр замын ажлын зураг төслийг боловсруулж байгаа гэсэн. Энэ онд зургаан аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбохоор ажиллаж буй. Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийг нийслэлтэй холбох ажлыг зургаан компани хийж байгаа бөгөөд ажлын явц 34.6 хувьтай гэсэн. Харин Хөвсгөл аймгийн зам хамгийн удаан буюу 19.6 хувьтай байгаа бол Өмнөговь, Дорноговь аймгийн зам графикийн дагуу явж байна. Баянхонгор аймгийн замыг наадмын дараа улсын комисст хүлээлгэж өгнө гэж байсан ч цаг агаарын таагүй нөхцөлөөс болж энэ сарын сүүлээр ашиглалтад оруулахаар болсон ч хугацааг нь дахин хойшлуулах хүсэлтийг Зам тээврийн яамнаас тавилаа. Үүнд эгдүүцсэн Шадар сайд “Та нар ажлаа яаравчил. Ирэх сарын 24-нд хүлээлгэж өгнө гэдэг хэтэрхий орой байна. Аль болох хурдан шуурхай ажиллах хэрэгтэй” гэлээ. Үүний дараа Барилга хот байгуулалтын дэд сайд салбартаа хийж буй бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл өгөв. Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд 73 төсөл арга хэмжээ хэрэгжихээр төлөвлөснөөс 56 ажлыг энэ онд хэрэгжүүлэхээр болжээ. Одоогоор 12 төслийн гүйцэтгэгчийг шалгаруулсан бол 20 гаруй төслийн зураг төсөл хүлээгдэж буй аж. Тус яамнаас өвөлжилтийн бэлтгэл ажилд 8.7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөснөөс 5.6 тэрбумыг хэдийнэ зарцуулж, өвлийн бэлтгэл ажил 30 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байгаа гэнэ. Улсын хэмжээнд гурван суманд “Шинэ сум” төсөл хэрэгжүүлж байгаа. Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумын төвийн шинэчлэлийн ажилтай Барилга, хот байгуулалтын яамны холбогдох хүмүүс өнгөрсөн долоо хоногт танилцсан байна. Баянлиг суманд баригдах зургаан барилгын ажил 47 хувийн гүйцэтгэлтэй явж буй бол Бууцагаан сумынх 35 хувьтай байна. Энэ төслийн хүрээнд Канадын дэвшилтэт технологи Монголд нэвтэрч, орон нутгийн иргэд ажлын байртай болж байгаа зэрэг давуу талтай. Эдгээр барилгыг ирэх аравдугаар сарын 1-н гэхэд бүрэн хүлээлгэн өгөх боломжтой гэж Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд хэлсэн юм. Мөн жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгох ажил хэвийн үргэлжилж байгаа бөгөөд байрны нийлүүлэлт ирэх саруудад эрчимжиж эхлэх юм байна.
ҮХААЯ-нд “Чингис” бондын хөрөнгөнөөс 253 тэрбум төгрөг олгосны зарцуулалтыг танилцуулахыг өнгөрсөн долоо хоногийн “Бүтээн байгуулалтын цаг”-аар Шадар сайд үүрэг болгосон. Энэ дагуу тус яамнаас мэдээлэл өгөв. Уг мөнгийг Засгийн газраас таван чиглэлийн төсөл хөтөлбөрт зарцуулахыг тус яаманд үүрэг болгосон байна.
Тухайлбал, ноолуурын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд 68.8, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сайжруулахад 27.7, өвлийн хүлэмж байгуулахад 17.4, ноосны салбарт 45, оёмол бүтээгдэхүүний салбарт 13.5 сая доллар тус тус зарцуулахаар хуваарилжээ. Энэ дагуу тэд компаниудаа шалгаруулж Хөгжлийн банкинд материалыг нь хүлээлгэн өгсөн байна. Тухайлбал, ноолуурын үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр тоног төхөөрөмжийн зээл авахаар 40 гаруй компани материалаа ирүүлсэнтэй танилцаж, 15-ынх нь материалыг Хөгжлийн банкинд өгчээ. Өвлийн хүлэмжийг нийслэд 17, орон нутагт есөн газар байгуулах юм байна. Энэ талаар Голланд улсын компанитай хамтран ажиллаж буй аж. Гэхдээ энэ ажил шинэ учраас аль аль талдаа удааширсан болохыг тус яамны дэд сайд хэлж байсан.
Харин Эрчим хүчний яамныхан энэ онд 10 ажил хийхээр төлөвлөснөөс тавыг нь он дамжиж хийхээр болсон гэнэ. Эдгээрийн ихэнхи нь цахилгаан станцуудыг өргөтгөх ажил аж. Зарим газар нийслэл болон БОНХЯ-наас газар давхардуулан олгосон нь ажил уях шалтгаан болж буй гэсэн. Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн цахилгаан станц байгуулахад “Чингис” бондын хөрөнгөөс 50 сая ам.доллараар санхүүжүүлэх эрх нээгдсэн. Энэ төслийг хэрэгжүүлэх нэгж урсгал зардлын санхүүжилтээ аваад ажиллаж буй аж. Санхүүгийн, техникийн болон хуулийн зөвлөхүүдийн сонгон шалгаруулалтыг бүрэн хийж сонгосон компаниудтай гэрээ байгуулан ажиллаж эхэлжээ. Харин газрын маргаантай байсан Амгалан дулааны цахилгаан станцын газар чөлөөлөх ажил цэгцэрчээ. Нийслэлээс төсөвт тодотгол хийн айлуудыг чөлөөлөхөөр болсон байна. Ирэх сарын 5 гэхэд газар чөлөөлж дуусах аж. Үүний дараа нийслэлд өрнөж буй бүтээн байгуулалтын талаар хотын удирдлагууд мэдээлэл өгсөн юм. “Чингис” бондын хөрөнгөнөөс хийж буй хурдны зам, “Гудамж” төслийн зураг төслийн ажил дуусчээ. Өнөөдрийн байдлаар 33 уулзвар ашиглалтад оруулахаас тав нь нээгдээд буй аж. Найман уулзварын ажил энэ долоо хоногт дуусч байгаа бөгөөд 20 орчим уулзварын ажлыг эхлүүлэхээр бэлтгээд байгаа гэнэ. “Гудамж” төслийн ажлыг ирэх есдүгээр сарын 1-нд дуусгахаар төлөвлөж байгаа хэдий ч ажлаа шахаж наймдугаар сарын 25-нд дуусгахаар ажиллаж буй гэсэн. Дээрх мэдээллийг сонссоны дараа Шадар сайд Д.Тэрбишдагва нийт төлөвлөсөн ажлуудыг, ялангуяа “Чингис” бондын хөрөнгөөр санхүүжүүлж байгаа ажлыг төлөвлөсөн хуваарийн дагуу чанартай гүйцэтгэж, хугацаанд нь хүлээлгэн өгөхийг холбогдох яамд болон нийслэлийн удирдлагуудад үүрэг болголоо.