Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮНДРЭЛ, ТҮГЖРЭЛГҮЙ ЗАМЫН-ҮҮДИЙНХЭН ЗАВГҮЙ

Замын-Үүдэд амьдрал буцалж байна. Халаас дүүрэн мөнгөтэй хүмүүс хил даван одож, Эрээнээс цүнх дүүрэн бараа тээсээр ирдэг тэр л дүр зураг хадгалагдсан ч урьдынхаас илүү бужигнасаар. Яагаад гэх асуултад дараах байдлаар хариулж болох юм.
Эх орондоо амьдран суугаа монголчууд хэрэглээнийхээ 70 гаруй хувийг импортын бүтээгдэхүүнээр хангадаг. Импортолж буй барааны мөн л 70 шахам хувь нь дээрх Замын-Үүд ба Эрээний хилийн уулзвараар дамжин өнгөрдөг. Тэнд бужигнан чихэлдэх их бараа бүтээгдэхүүний талаас илүү нь хүнс, хэрэглээний бараа таваар, барилгын материал. Товчхондоо, монголчуудын анхдагч гурван хэрэгцээ идэх, өмсөх, аюулгүй амьдрахуйн дийлэнх нь Эрээнээс наашилдаг аж. Хилийн зурвасаар зааглагдсан ч харааны хязгаарт үл баригдах хоёр өөр хотын нэг нь өнгөжиж, нөгөө нь гундаж буйг хүн бүр хэлдэг. Хятадууд сүрхий улс юм, ойрын хэдэн жилдээ огт хамгийн идэвхитэй худалдан авагч гэдгийг мэдээд Эрээн боомтоо хотын дайтай хөгжүүлэв. Ялангуяа тээвэрлэлт, ачих буулгах төв, дамжин өнгөрөх болон хяналт шалгалтын цэгээ олон улсын жишигт хүргэлээ. Гэтэл хойд зүгт нь 20-иод км зайтай Замын-Үүдээр дамжин өнгөрөх хэн бүхэн боомтынхоо өнгө төрхийг хяламхийх ч завгүй бужигнана. Гэхдээ бужигнаан гэдгээр өмнө нь байсан энэ л үзэгдлийг улиг болгон давтах гэснийх биш. Шинэчлэл, өөрчлөлт, өөд нь татах гэсэн их ажлын үрээр Замын-Үүдийнхэн ид бужигнаж буйг өгүүлэх гэсэн юм.
Засвар, үйлчилгээ, технологийн шинэчлэл хэрэгтэй гэдгийг завгүй наймаачид, ажилчид хэлэх ч сөхөөгүй байсан нь мэдээж. Тэгвэл Монголбанкнаас судалгаа хийхээр очсон хөндлөнгийн мэргэжилтнүүд хараад л мэдсэн гэнэ. Өнгөрсөн оны аравдугаар сард Зам, тээврийн яам, Монголбанктай хамтран “Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах TLF” дэд хөтөлбөр баталсан. Төмөр зам, тээвэрлэлт, ложистик болон авто замаар дамжин өнгөрүүлэх гээд Замын-Үүдэд хамаатай бүхнийг шинэтгэх хөтөлбөрийн эцсийн зорилгыг нэрээс нь мэдэж болно. Таны өмсч, эдэлж хэрэглэж, идэж ууж буй бүхний үнэ ханш ямар байх ёстой вэ? Нэг жимсийг бодит ханшаар хилийн чанадаас худалдан аваад, тодорхой хэмжээний ашиг нэмсэний дараа эцсийн хэрэглэгчид 800 төгрөгөөр өгдөг гэж бодъё. Гэтэл Замын-Үүдэд галт тэргэнд, эсвэл автомашинд ачих болвол уг ажлыг гүйцэтгэгч ачигч 120 мянган төгрөг төлнө. Мэдээж ажлын хөлс нь худалдагчаас бус танаас гарах учиртай. Өөрөөр хэлбэл таны 800 төгрөгөөр авдаг жимс 850 болно. Хил, гаалиар нэвтрэхийн тулд тодорхой хугацаанд хүлээхэд хоног бүрт 60-70 мянган төгрөг төлдөг гэвэл жимсний үнэ ахиад өсөх юм. Үүнээс гадна хугацаа алдах зуур жимсний багагүй хэсэг нь муудаж, хаяхаас аргагүй болсон цагт тухайн хаягдлын ханш бусдадаа шингэнэ. 850-870 төгрөгөөр авах боломжтой жимсний үнэ 900 төгрөг болчих магадлалтай. Энэ мэтээр зөвхөн Замын-Үүдээр дамжиж Барс захад хүрэхийн тулд бараа бүтээгдэхүүн олон зам, даваа саад туулж бидний гарт ирдэг. Тэгвэл үнэ өсгөөд буй дээрх саад, бэрхшээлийг шийдвэрлэх нь “TLF” хөтөлбөрийн гол зорилго.

Зорилгоо биелүүлсэн Замын-Үүд

Хөтөлбөрийн өмнөх суурь судалгааны баг 2012 оны сүүлчээр дараахь дүгнэлтэд хүрчээ. Юун түрүүн тээвэр, ложистикийн талаар баримтлах төрийн бодлого, нэгдсэн зохицуулалт орхигдож, уг ойлголтыг зөвхөн Замын-Үүд боомтоор төлөөлөн ойлгож байсан гэжээ. Түүнчлэн далайд гарцгүй учраас олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, өмнөх гэрээ хэлцлээ урагшлуулах шаардлагатайг онцолсон байна. Улаанбаатарын хэт төвлөрлийг сааруулахын тулд орон нутгийн төлөвлөлтийг холбогдох яамд анхааралдаа авч байхыг мөн сануулжээ. Үүнээс гадна багагүй анхаарал татаж буй асуудал нь Замын-Үүд боомтын түгжрэл, удаашралыг шийдвэрлэхэд хөрөнгө, төсвөөс илүү менежмент, зохицуулалт шаардлагатайг судалгааны баг онцолсон байна. Товчхондоо, Замын-Үүдийн дамжин өнгөрөх чадварыг сайжруулахад сайн зохион байгуулалт, нэгдсэн удирдлага шаардлагатай аж. Энэ нь ч үнэний ортой байсныг өнөөг хүртэлх хөтөлбөрийн хэрэгжилт харууллаа. Монголбанкны судалгааны баг “TLF” хөтөлбөр газар дээрээ хэрхэн хэрэгжиж буйг танджээ.
Хөтөлбөр хэрэгжүүлэгч талууд улирал бүрийн дараагийн сард үйл ажиллагааны явцыг тайлагнадаг. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр сарын 26, дөрөвдүгээр сарын 26-нд тус тус тайлан гаргаж, үнэлгээ хийсэн байна. Гурав дахь тайлан өнгөрсөн баасан гараг буюу 26-ны өдөр цөөрчээ. “TLF” хэрэгжсэн 7-8 сарын дотор тусгай зориулалтын хоёр галт тэрэг ажиллаж нийт 634 удаагийн эргэлт-тээвэрлэлт хийсэн байна. Хөтөлбөрт зориулж зөвхөн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн тээвэрлэхээр Улаанбаатар төмөр зам/УБТЗ/ нийгэмлэг дээрх хоёр галт тэргийн зүтгүүрээ гаргажээ. Ийнхүү хоёр зүтгүүр ажиллахдаа 39 690 вагоноор нийт 1.8 сая тонн ачаа тээвэрлэсэн байна. Тайлан боловсруулагчдын мэдээлснээр ачаа тээвэрлэх хугацаа урьд нь 3-7 хоног болдог байсан нь багасчээ. “TLF” хөтөлбөр зорилт болох 24 цагт ачаа тээвэрлэнэ гэсэн зорилгодоо хүрээд байна. Ялангуяа амархан муудах, чанараа алдах эрсдэлтэй жимс, хүнсний ногоо зэргийг хоногт нь тээвэрлэдэг болжээ.
Түүнчлэн ачаа, тээврийн дамжин өнгөрөх чадвар нэмэгдэхэд зохион байгуулалтын ажиллагаа нөлөөлсөн. Тухайлбал, шилжүүлэн ачих газарт вагон захиалгын программ нэвтрүүлж, компьютероор захиалгын хуудсаа бүртгэлд оруулснаар дараалал үүсгэж, хүлээх явдал арилжээ. Мөн ачих, буулгах бригадын тоог нэмж үйл ажиллагааны явц түргэссэн гэнэ. Тээврийн жолооч нараас дөрвөн асуулттай санал асуулга авч бодит үр дүнг танджээ. Тээвэрлэлтийн хурд, шилжүүлэн ачих ажил хэвийн буюу сайжирсан гэх хариултыг жолооч нарын 90 гаруй хувь нь хэлсэн аж. Харин тээвэрлэлтийн хөлс, боомт дээрх хүнд суртал, авлига өөрчлөгдөөгүй хэвийн гэх хариуг 60-70 хувь нь сонгожээ. Замын-Үүд дээрх нөхцөл байдал ахицтай байгаа ч Улаанбаатар хот дахь хэрэглэгчдийн гарт ирэх барааны ханш ямар байгааг мартаж болохгүй.

Эцсийн хэрэглэгчид хүрэх үнэ ба инфляц

Судалгааны баг хамгийн эхэнд цементийн нийлүүлэлтийг онцоллоо. Учир нь, барилгын материалын салбарт хамгийн жин дарах бүтээгдэхүүн нь “барилгын талх” юм. 2012 онд нийт 2.3 сая тонн цемент импортолсон дүнтэй байгаа аж. Харин хөтөлбөр хэрэгжсэн 2013 оны эхний хагаст 1.5 сая тонн цемент оруулж иржээ. Эндээс барилгын салбарын идэвхжил багагүй байгааг харж болох юм. Нөгөөтэйгүүр, Замын-Үүдийн дамжин өнгөрүүлэх чадвар илэрхий сайжирсны баталгаа. Үүнийг баталгаажуулах нэгэн зүйл нь “TLF” хөтөлбөрийн хүрээнд зөвхөн цемент тээвэрлэх зориулалтаар нэг галт тэргийн зүтгүүр гаргаж өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс ажиллаж буй юм. Ийнхүү нийлүүлэлтээр тасалдуулахгүй, Замын-Үүдэд гацаахгүй байгаа тул цементийн үнэ ханш өөрчлөгдөхгүй байгаа гэнэ. Барилгын улирал дундаасаа өнгөрч, намар хаяанд ирсэн ч цементийн ханш хэвийн байгааг Зам, тээврийн сайд А.Гансүх ч хэлж байлаа. Нөгөөтэйгүүр хөтөлбөрийн хэрэгжилтийг инфляцаар хэмжиж болох юм. Зах зээлийн 70 хувийг хамарч буй Замын-Үүдээр дамжсан бараа, бүтээгдэхүүний үнэ хямд байх нь инфляц бага байх нэг үзүүлэлт. Өнгөрсөн оны өдийд 14 хувьд хүрсэн инфляц 2012 оны сүүлчээс буурч өдгөө 8.8 хувьтай тогтворжоод байна.
Гурван жилийн хугацаанд хэрэгжих дэд хөтөлбөрт нийт 303 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүнээс галт тэрэгний шатахуун эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд 22 тэрбум төгрөг зарцуулна. УБТЗ нийгэмлэгийн хоёр сарын шатахууны хэрэглээний үнийг ийнхүү нийлүүлснээр шатахуун зарцуулалтыг 17 хувиар бууруулах аж. Мөн вагон зүтгүүрийн паркийн хүчин чадлыг нэмэхэд 95 тэрбум төгрөг төсөвлөсөн. Монгол инженерүүдийн оюун ухаан, хүчин зүтгэлийн үр дүнд “Загал” нэртэй шинэхэн зүтгүүр ажилдаа гараад буй юм. Тэдний зарим нь зөвхөн “TLF” дэд хөтөлбөрийн тусгайлсан бүтээгдэхүүнийг тээвэрлэж байгаа. Нийт төсвийн 50 тэрбум төгрөг нь ачааны терминалын хүчин чадлыг сайжруулахад зориулагдах учиртай. Ачих буулгах хурдыг нэмэх, зохион байгуулалтыг нарийвчилж, хүнд суртал, хүлээлтгүй болгоход чиглэнэ. Мөн шаардлагатай тоног төхөөрөмжөө шинэчлэхэд багагүй хэсэг нь зарцуулагдах аж. Зам, тээврийн яам, Монголбанкны хэрэгжүүлж буй “TLF” дэд хөтөлбөрийн хамгийн том ажил нь вагоны паркийн хүчин чадлыг нэмэгдүүлэх. Үүнд, таван төрлийн вагон худалдан авахаар тусгажээ. 600 ширхэг хагас вагон, 150 ширхэг тавцант вагон, 200 ширхэг битүү вагон авах аж. Мөн 30 ширхэг цистерн буюу шингэн тээвэрлэх вагоны төсөв багтсан. Тус бүр 613 сая төгрөг буюу хамгийн өндөр үнэтэй 20 вагон нь тогтмол дулаанаа барьдаг тусгай зориулалтын вагон юм байна. Энэ мэтээр 303 тэрбум төгрөг болон тодорхой зохион байгуулалт, зохицуулалтын үр дүнд нийслэлд хэрэглэж буй бараа, бүтээгдэхүүний үнэ ханш тогтвортой, хямд байх нөхцөл бүрдүүлэхээр Замын-Үүд бужигнаж, Зам, тээврийн яам болон Монголбанк ухаанаа уралдуулсаар.
Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
hudlaa yum bichihiin. Hyataduud chini manaihaniig oroh garahad ih deerengui handah yum bna lee sh dee. yadaj ted nar bolobsrol tiim taaruu bdag yum uu? hyatadaasaa oor hel medehgui. yum asuuhaar halit mulit yarina. manai naimaachid gej heden nuhud tsaraig ni harj ayaiig ni taaruulah gej uilee ujdeg yum bna lee
Хамгийн их уншсан