“Хайлааст” дэд станцыг нүүлгэн шилжүүлэх ажлын хүрээнд энэ сарын 31, наймдугаар сарын 1-ний өдөр нийслэлийн хойд хэсгийн зарим зуслангийн цахилгааныг хязгаарлах болжээ. Энэ станцаас цахилгаан авдаг 45680 хэрэглэгч бий. Баянзүрх дүүргийн 2, 21 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн эцсийн буудлаас хойшхи зуслан чиглэл, Ганц худаг, Цагаан даваа орчмын 8000 гаруй хэрэглэгчийг түр өөр станц руу шилжүүлэн цахилгаанаар хангах болов. Харин үлдсэн 38 мянган 680 хэрэглэгчийн цахилгааныг 45 цаг хязгаарлах бөгөөд харьяа Нийслэл, дүүргийн онцгой байдлын газарт мэдэгдэл хүргүүлжээ. Хөрсний цэвдгийн нөлөөгөөр трансформаторын бетон суурь хагарч, хүчдэлийн трансформаторын сууриуд хазайж, 1-1.5 метр өргөгдөн дамжуулагч татагдан чивчирч бусад байгууламжид ноцтой аюул учирсан тул нүүлгэн шилжүүлэхээс аргагүйд хүрсэн гэнэ. Одоогоор нүүлгэн шилжүүлэлтийн ажил 70 хувьтай байгаа гэнэ. Уг ажлын хүрээнд тус станцыг цахилгаангүй болгож ажиллах зайлшгүй шаардлагатай учраас дээрх хязгаарлалтыг хийхээр болжээ.