“Galaxy S4” гар утсаа худалдаанд гаргаад удаагүй байгаа Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани өнгөрсөн улиралд урьд өмнө олж байгаагүй өндөр хэмжээний ашиг орлоготой ажиллажээ. Тус компани өнгөрсөн дөрвөөс зургадугаар сарын хооронд 7,8 триллион вон буюу долоон тэрбум ам.долларын ашигтай ажилласан нь оны өмнөх мөн үеэс 50 хувь өссөн үзүүлэлт юм.
“Samsung” компани смартфоны зах зээлд үнэмлэхүйгээр ноёлж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Андройд утасны зах зээлийн ашиг орлогын 95 хувь нь зөвхөн тус компанид ногдож байгааг эдийн засагчид тооцон гаргажээ. Гар утсаар зогсохгүй зурагтны зах зээлд ч “Samsung” толгой цохиж байгаа юм. Тус компанийн үйлдвэрлэсэн зурагтны борлуулалт өнгөрсөн улиралд 46 хувиар өсч, 1,2 триллион вонд хүрчээ.